Залуус тэмбүүрээд байгаа нь замбараагүйтэл газар авсны илрэл

Бусад

Бэлгийн замын халдварт өвчин сүүлийн жилүүдэд эрс өсжээ. Тэр тусмаа энэ өвчнөөр залуус их өвчилснийг харахад сэтгэл эмзэглэнэ. Бэлгийн буруу хүмүүжил, хувь хүний ёс суртахууны доголдлоос үүдэлтэй энэ өвчлөлийг тэмбүү тэргүүлж байгаа нь эмгэнэл гэдгийг эмч, эмнэлгийн ажилтнууд сануулсаар байгаа. Гэвч үндэсний хэмжээний хөтөлбөр хэрэгжүүлсэн хэдий ч бэлгийн замын халдварт өвчин буурсангүй. Энэ бол иргэдийнхээ эрүүл мэндийг хянаж чадахаа больсныг харуулах баримт. Гэхдээ иргэн хүн эрүүл мэндээ өөрөө сахин хамгаалах ёстой. Тэр тусмаа бэлгийн замын халдварт өвчнөөс хол байх эсэх нь иргэн хүнтэй шууд хамааралтай.

Улсын хэмжээнд бэлгийн замаар дамжих халдварт өвч­ний ихэнх хувийг тэмбүүгийн өвчлөл эзэлж байна. Тэмбүү бол бэлгийн замаар дамжих халдварт өвчин. Энэ өвчин нь нэгдүгээрт бэлгийн замаар буюу өвчтэй хүнтэй хамгаалалтгүй бэлгийн хавьталд орсон тохиолдолд, хоёрдугаарт халдвартай цус, цусан бүтээгдэхүүнээс дамжих, гуравдугаарт өвчтэй эхээс хүүхдэд, эхээс урагт дамжин халдварладаг аюултай өвчин юм. Мөн тэмбүү өвчин нь хүний биеийн олон эрхтэн системийг мэдэхгүйгээр гэмтээж байдаг. Арьс салст, дотор эрхтэн, таван цул, мэдрэлийн системийг цаашлаад холбогч эд, яс мөгөөрсийг гэмтээдэг. Олон арван жил шинж тэмдэг өгөхгүй, далд хэлбэрээр үргэлжлэн, урагт дамжин халдварладгаараа аюултай юм. Сүүлийн үед мэдрэлийн тэмбүү, нүдний тэмбүү өвчнүүд мэр сэр бүртгэгджээ. 

Тэмбүү өвчний онцлог нь шинж тэмдэг илэрдэггүй учраас хүмүүс өөрийгөө эрүүл гээд яваад байдаг. Сүүлийн үед иргэд дур мэдэн замбараагүй эм тариа хэрэглэсэнтэй холбоотойгоор тэмбүү өвчний шинж тэмдэг нь бүдэг, балархай хэлбэрээр явагддаг болсон байна. Тиймээс тэмбүү өвчин урагт халдварлан зулбах, дутуу төрөх, жин багатай, амьгүй хүүхэд төрөх, төрөлхийн тэмбүүтэй хүүхэд төрөх, нярай эндэх зэрэг хүндрэлд хүргэдэг. Мөн дотор эрхтэн, мэдрэлийн талаас гүнзгий өөрчлөлт илэрч, яс, үе мөчийг гэмтээх аюултай. Бэлгийн замын халдварт өвчин аль тэртээ 1950-иад онд ид гаарч, хүмүүс хамаргүй болтлоо хавтгайрч байсан гэх таагүй мэдээг өнөөдрийн соёл иргэншилд шилжсэн энэ зууны өндөрлөгөөс дахин сонсоно гэдэг юутай эмгэнэлтэй билээ. Хайрлаж дурлахыг хавьтаж ойртох мэтээр эндүүрч, халаасны хэдэн төгрөгтэй болохын тулд хаана хэнтэй ч хамаагүй бэлгийн харилцаанд ордог, хөлчүү согтуугийн балгаар хөгшин залууг эс тоох болсон гээд ардчилсан чөлөөт нийгмийн ангал мэт хар дүр зургийн хор нь тэмбүү. Тэр тусмаа залуучууд тэмбүүрчихжээ. Өвчин тээж яваагаа мэдэхгүй өнөөдөр бүү шалигла, үхэл чамайг тосч авах гээд хаалгыг чинь тогшиж байгааг сонс. Бэлгийн эрүүл мэнд, бэлгийн харилцааны соёл гээд эрхмээс эрхэм зүйлийг умартаад байна. Айлгүйгээс хамаргүй нь дээр гэдэг зүгээр ч нэг гараагүй шүү залуус аа.

Э.БАТ-ЭРДЭНЭ