Нэр дэвшигчийг 71-85хувийн саналаар дэмжлээ.

Улс төр

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс /ХЭҮК/-ын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын багийн тайланг сонслоо. Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийг 2020 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр баталсан. Тус хуулиар Комиссын гишүүдийн тоог тав болгон нэмэгдүүлэх, жендэрийн харьцааг тэнцвэртэй байлгах үүднээс нийт гишүүдийн 40-өөс доошгүй хувь нь аль нэг хүйсийн төлөөлөл байхаар тусгасан байна. Түүнчлэн ХЭҮК-ын гишүүдийг томилгооны сонсгол зохион байгуулж, сонгон шалгаруулахаар заасан юм. Комиссын гишүүнд нэр дэвшигч нь хууль зүйн өндөр мэргэшилтэй, хүний эрхийг хамгаалах чиглэлээр ажилласан туршлагатай, 35 нас хүрсэн Монгол Улсын иргэн байх бөгөөд Комиссын даргыг гишүүдийн дотроос Улсын Их Хурлын даргын санал болгосноор зургаан жилийн хугацаагаар УИХ нэг удаа томилох  юм. Сонгон шалгаруулалтад нийт 24 хүн материалаа ирүүлсэн байна. Үүнээс  материалын шаардлага хангаагүй таван хүнийг хасч 19 хүнийг оролцогчоор бүртгэжээ. Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуульд хамгийн өндөр оноо авсан хүнийг сул орон тоо гарснаар оруулж ирнэ гэсэн заалтыг баримталж хамгийн өндөр  оноо авсан таван нэр дэвшигчийг  УИХ-аар хэлэлцүүлж байна.

ХЭҮК-ийн гишүүнд нэр дэвшигчид

Хуульч Ж.Хунан

ХЗДХЯ-нд мэргэжилтэн, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн зохицуулагч, Нээлттэй нийгэм форумд төслийн зөвлөх, “Партнерс форевер” хуульч. Монголын Хуульчдын холбооны ерөнхийлөгчөөр ажилласан.

Хуульч, судлаач Б.Энхболд

-Цагдаагийн академи, Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуулийн Эрүүгийн эрх, криминологийн тэнхимд багш, ахлах багш, ХСИС-ийн Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Цагдаа судлалын төвийн эрхлэгчээр ажиллаж байсан. Одоо ДХИС-ийн Цагдаагийн сургуулийн Эрүүгийн эрх зүй, криминологийн тэнхимийн эрхлэгч.

Шинжээч Г.Нарантуяа

-Газрын тосны хэрэг эрхлэх газарт мэргэжилтэн, 2004 оноос ХЭҮК-т референт, ажлын албаны дарга, Австралийн Үндэсний Их Сургуулийн докторант судлаач хийж байгаад 2018 оноос бие даасан шинжээчээр ажиллаж байна.

Хуульч  Д.Сүнжид

-Өмгөөлөгч, Хууль зүйн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга, ЕТГ, ШХА-ийн “Иргэдийн оролцоо” төслийн зохицуулагч,  Удирдлагын академийн эрх зүйн тэнхимийн багш, ахлах багш, дэд профессороор ажиллаж байна.

Хуульч Х.Мөнхзул

-Сонгинохайрхан дүүргийн шүүх “Нарийн бичгийн дарга”, Хүчирхийллийн Эсрэг Үндэсний Төв “хуулийн зөвлөх”, “Эрх зүйн шинэчлэл хөтөлбөрийн зохицуулагч”, Хүний эрхийн үндэсний комисст ажилласан.

Гишүүд асуулт асууж, хариулт авсны дараагаар ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшигчийг дэмжих эсэх асуудлаар хүн тус бүрээр санал хураалаа. Нэр дэвшигч Д.Сүнжидийг 71.4 хувийн саналаар, Х.Мөнхзулыг 85.7 хувийн саналаар, Б.Энхболдыг 80 хувийн саналаар, Г.Нарантуяаг 73.3 хувийн саналаар, Ж.Хунанг 73.3 хувийн саналаар тус тус дэмжив. Ингээд уг асуудлыг  УИХ-ын  чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ.