Улстөрчдийн ээлжит бялуу хуваалт буюу Элчин сайдын суудал

Улс төр

Монгол Улсаас 32 улсад  Элчин сайдын яам, 14 улсад  Ерөнхий консулын газар ажиллаж байна.  Тэгвэл 2021 онд Бүрэн эрхийн хугацаа нь дуусч эгүүлэн татагдах 30 Элчин сайдын асуудлыг шийдэж дуусна хэмээн Гадаад харилцааны яамнаас мэдээллсэн. Тодруулбал, өнөөдрийн байдлаар  долоон оронд суух Элчин сайдын бүрэн эрхийн  хугацаа нь дуусч  хэтэрсэн учраас  эгүүлэн татсан байна. Иймд  шинэ он гарахаас өмнө Элчин сайдад нэр дэвшигчдийг тодруулж УИХ, Ерөнхийлөгчид танилцуулахаар төлөвлөжээ. Мөн 10 гаруй оронд суух Элчин сайдын ажиллах хугацаа нь болчихсон аж. Үүнээс гадна 2021 он гараад 10 Элчин сайдын бүрэн эрхийн хугацаа дуусах юм. Ингээд ирэх он гэхэд нийт 30 улсад суух Элчин сайдыг тодруулах ажил Гадаад харилцааны яаманд тулгараад байна. Эндээс үзвэл эрх баригчдын бялуу хуваалт дуусах болоогүй бололтой. Өөрөөр хэлбэл УИХ-д сонгогдоогүй, сонгуульд нэр дэвшээгүй дарга нар болон тэдний үр хүүхэд, хүргэн, бэр, хамаатан садангуудын цуваа  Элчин сайд, Консулын газруудад томилогдохоор   Гадаад харилцааны яамыг зорих нь тодорхой. Ингэж хэлхэд ч хилсдэхгүй. Ийм жишээ баримт олон бий.  

Эхнээсээ Элчин сайдаар томилогдох тохироо хийгдсэн тухай мэдээлэл ч гарах боллоо. Тодруулбал, УИХ-ын гишүүн асан Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин  Францад суух Элчин сайдаар явна гэсэн  “бор шувуу” нисч байна. Түүний ажилласан байдлын намтрыг харвал Францын талаар “А” ч үгүй бололтой. Зөвхөн намынхаа томилсон ажил, албан тушаалд ажиллаж, намынхаа төлөө зүтгэж явсан нэгэн гэнэ. Тэрбээр томилогдож буй улсынхаа хэлийг мэдэхгүй юм билээ. Гэвч Францын алдарт зохиолч Александр Дюмагийн “Шадар гурван цэрэг”, “Монте Кристо гүн” зохиолыг  Монгол хэл дээр хөрвүүлсэнийг нь   уншсан л байх даа. Харин Англи, Орос хэлтэй гэсэн. Уг нь дипломатууд ажиллахаар томилогдсон орныхоо түүх, хэл соёл, ёс заншил, улс төр эдийн засгийн нөхцөл байдлыг хамгийн сайн судласан байх ёстой гэдэг. 

УИХ-ын 2020 оны сонгуульд Баянхонгор аймагт нэр дэвшээд өвдөг шороодсон  Гадаад харилцааны дэд сайд асан Б.Батцэцэг Италид суух  Элчин сайдаар томилогдох нь. Учир нь өмнөх Засгийн газраас Б.Батцэцэгийг Италид суух Элчин сайдаар томилохоор дэмжсэн ч УИХ-аар хэлэлцүүлж амжаагүй байсан юм.

Тэгэхээр улстөрчид сонгуульд ялагдсаны дараа эсвэл ямар нэг тохироогоор Элчин сайдаар томилогдож байсан  түүх өнөөдөр давтагдаж л байгаа бололтой. Өмнөх түүхээс заримыг нь дурдая.

УИХ-ын гишүүн, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайд асан Т.Ганди намд олон жил зүтгэсэн, УИХ-д суудал авч ирж байсан учраас  бялууны булан хүртэж Унгарт суух Элчин сайдаар 2013 онд  томилогдсон. Тэрбээр Элчин сайдын  бүрэн эрхийн хугацаа дууссан ч улиран сонгогдож байв. Эдүгээ томилолтын хугацаа нь дуусч татагдан ирсэн ч УИХ-ын 2020 оны сонгуульд Сүхбаатар аймагт нэр дэвшээд сонгогдож чадаагүй билээ.

УИХ-ын гишүүн асан  БСШУС-ын дэд сайдаар ажиллаж байсан Ё.Отгонбаяр 2017 онд  АНУ-д суух Элчин сайдаар томилогдсон. УИХ Дипломат албаны тухай хуульд 2017 онд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Энэ өөрчлөлтөөр Дипломат төлөөлөгчийн газарт томилогдох томилолтын хугацаа гурван жил байсныг дөрвөн жил болгон өөрчилсөн. Ингэснээр Ё.Отгонбаяр болон түүнтэй хамт томилогдсон  Элчин сайд нарын хугацаа 2021 онд дуусна гэсэн үг.

Улстөрчдийн үр хүүхэд, хамаатан садан, хүргэн, бэрүүд дипломат албанд томилогдсон, томилогдохоор яригдах явдал тасардаггүй.

Тодруулбал, УИХ-ын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд асан Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаярыг  Австралид суух Элчин сайдаар томилохоор 2019 онд Засгийн газраас дэмжсэн. Гэвч Ерөнхийлөгч хүлээн зөвшөөрөлгүй буцаасан байдаг.

УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд асан Н.Энхболдын хүү Э.Одмөнх БНХАУ-д суух  Элчин сайдын яаманд зөвлөх бөгөөд Консулын хэлтсийн даргаар томилогдсон бол хүргэн Хашбаатар нь БНСУ-ын Элчин сайдын яаманд зөвлөхөөр томилогджээ. Ийнхүү  улстөрчдийн дипломат албанд “шахсан” ах дүү ургийн мод тойрсон жишээ баримт дурдаад байвал алга дарам цаас  байтугай алд дэлэм нь ч  хүрэлцэхгүй.

Дипломат албанд завхарал нүүрлэсэн болж бүтэхгүй мэдээлэл ч бас нэлээд хөвөрдөг. Турк улсад  суугаа ЭСЯ-ны Консулын газрын дэд консул Н.Баттүшиг, жолооч Н.Эрдэнэбилэгийн хамт ХБНГУ-ын хилээр нэвтрэх үедээ  дипломат дугаартай автомашиндаа хар тамхи тээвэрлэж явсан хэрэг өнгөрсөн онд гарч байсан.

Польшийн хуулийн байгууллагаас манай улсын 69 диполматыг   эрэн сурвалжилж байгаа мэдээллийг бас өнгөрсөн онд ирүүлсэн. Тухайн үед УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайхан “Зарим нь дипломат төлөөлөгчийн газар, зарим нь Монгол Улсын төрийн албанд, улс төрийн намын удирдах түвшинд ажиллаж байгаа хүмүүс байна” хэмээн мэдээллэж байсан удаатай. Ингээд Гадаад харилцааны яамнаас хяналт шалгалт  хийж, салбар яамны системд ажиллаж байсан долоон албан хаагчийг албанаас нь халсан байдаг.  Үүнээс гадна 6000 ширхэг дипломат пасспортыг хүчингүй болгосон хэмээн Гадаад харилцааны яамнаас мэдээллээд байна. Энэ бүгд нь дипломат алба улс орноо төлөөлөх бус улстөрчдийн “шахаа”, мөнгө “хийдэг газар” гэсэн ойлголт түгээмэл болсоны илрэл юм. Тэгвэл одоо шинээр томилогдох Элчин сайдуудын талаар

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван  “Нийтдээ 30 орчим Элчин сайдын томилгооны асуудал яригдана. Би бол Засгийн газар, УИХ, Ерөнхийлөгчид танилцуулах үүрэгтэй. Эцсийн шийдвэрийг УИХ гаргана. Эндээс харахад Элчин сайд гэдэг албан тушаал маш өндөр босготой. Дипломат алба болон Элчин сайдын томилгоонд ямар нэгэн улс төрийн шахаа огт байхгүй. Ийм өнцгөөр томилгоо хийхгүй гэдгийг албан ёсоор хэлье. Нийгмийн, ард түмний шахалтаар Дипломат төлөөлөгчийн газар, тэр дундаа Элчин сайдын яаманд мэргэжлийн, өндөр гадаад хэлний мэдлэгтэй, ёс зүйтэй мэргэжилтнүүдийг томилдог. Ер нь гадаад харилцааны системд ажиллаж байгаа хүнийг Элчин сайдын яаманд томилох бодлого баримталж ажиллана” хэмээн мэдэгдээд байна. Гэвч монголчууд “баас хатавч өмхийгөө тавихгүй” гэдэг. Иймд дипломат албанд бугшсан идээ бээрийг шахаж илааршуулахад цаг хугацаа орох нь дамжиггүй. Харин Элчин сайд нарын томилгоо энэ удаа хэрхэн өрнөхийг харах л үлдэж байна.