Д.Сумъяабазар: Хаана ажлын хурд саарна тэнд авлигал байна гэж ойлгоно

Улс төр

Зөвлөгөөнөөр Нийслэлийн 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, сайжруулсан түлшний үйлдвэрлэл, нөөцлөлт, хадгалалт, борлуулалтын цэг нэмж байгуулах, мөн замын хөдөлгөөний түгжрэл ачааллыг бууруулах чиглэлээр хийж хэрэгжүүлж байгаа ажил болон цаашид авах арга хэмжээний талаар хуралдав.

Энэ үеэр Хотын захирагч Д.Сумъяабазар “Бид шат шатандаа нэг бодлого барьж ажиллах ёстой. Харьяа газар, хэлтэсүүд бодлого гаргадаг ийм системээр бид иргэдийн хүсч байгаа хотыг бий болгож чадахгүй. Цаашид тооцоо судалгаатай, шийдэлтэй асуудал ярина. Хаана ажлын хурд саарна тэнд авлигал байна гэж ойлгоно. Холбогдох байгууллагууд шат шатандаа асуудлаа хариуцаж ажилла. Тодорхой асуудлуудаа дүүрэг, хороо өөрсдөө хариуцаж ажиллах шаардлагатай. Анхан шатнаасаа эхлээд төрийн ажил тогтвортой явах ёстой. Дүүрэг дүүрэгтээ дүүргийн дарга нарын шуурхай гэж хийдэг больё. Хотын хөгжил гэр хорооллоос эхэлдэг. Тийм учраас тодорхой эрх үүргийг дүүрэг, хороонд нь өгнө. Мөн эмийн болон хүнсний аюулгүй байдалд мэргэжлийн байгууллагууд анхаарч ажилла. Эмийн зохистой зөв хэрэглээний бодлого баримтлах шаардлагатай. Бид амжилттай хэрэгжиж байгаа ажлуудыг цааш нь үргэлжлүүлээд явна” гэлээ.

Мөн тэрээр үргэлжлүүлэн “Сайжруулсан түлш худалдаалах цэгээс хол, бөөний болон жижиглэнгийн цэгүүд байдаггүй, унаа машин явах боломжгүй өндөрлөг газар оршин суудаг ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг сайжруулсан түлшээр хангах нарийвчилсан судалгааг гаргаж танилцуул.

Улсын онцгой комиссын 2020 оны Коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд “Маскаа зүүцгээе, гараа угаая” хоёрдугаар аяны хэрэгжилтийг сайтар хангаж ажиллаарай. Ханиад томуу болон халдварт өвчнөөс дүүргийн нэгдсэн эмнэлэг болон эрүүл мэндийн төвүүд урьдчилан сэргийлэх, хүүхдийн эмнэлэгүүдийн орны тоог нэмэгдүүлэх ажлуудыг зохион байгуулах шаардлагатай.

Замын хөдөлгөөний хяналтын камерын систем болон гэрэл дохионы хэвийн ажиллагааг сайтар ханга. Нийтийн тээврийн тоо хүртээмжийг нэмэгдүүлэх зохион байгуулалтын арга хэмжээг авах, тээврийн үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайтар хангах хэрэгтэй. Гэр хорооллын дахин төлөвлөлт, ашиглалтын шаардлага хангахгүй барилга гэсэн хоёр холилдсон асуудлыг холбогдох мэргэжлийн байгууллагууд зохих хууль, журмын дагуу зохицуулалтын хийж, хамтарсан ажлын хэсгийн байгуулж ажилла” гэсэн үүрэг чиглэлүүдийг өглөө.