Хандивын 30 мянган хонины эхний 4000 хонийг БНХАУ-ын талд хүлээлгэн өгөх ёслол болж байна

Эрэн сурвалжлах

БНХАУ-д энэ оны нэгдүгээр сараас коронавирусийн халдвар газар авч, тус улсын нийгэм, эдийн засгийн байдал хүнд байх үед /2020.02.27/ Ерөнхийлөгч Х.Баттулга албаны айлчлал хийж, Монголын ард түмнээс “30 мянган толгой хонь” хандивлаж буй тухайгаа мэдэгдсэн билээ.

Үүний дагуу БНХАУ-ын талаас 30 мянган толгой хонийг амьдаар нь авах хүсэлтээ илэрхийлсэн тул аравдугаар сарын эхээр Замын-Үүд боомт руу хандивын хонинуудыг хөлөөр нь гарган, тусгаарлаад байсан билээ.

Тэгвэл тусгаарлалтын хугацаа өнөөдөр дуусаж, яг одоо Монгол-Хятадын хилийн тэг зурвас дээр эхний 4000 мянган хонийг БНХАУ-ын талд хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа болж байна. Энэ үеэр өнгөрсөн хугацаанд 30 мянган хонь нэг бүр дээр мал эмнэлгийн үзлэг хийж дууссан талаар албаныхан мэдээллээ.

Сонирхуулахад, БНХАУ-ын талаас хандивын хонинуудыг Эрээн хотын тусгаарлалтын бүсэд хүргэж, 14 хоногийн дотор нядална гэсэн мэдээллийг Хятадын Олон улсын радиогоос хүргэж байсан юм.