НАЙМАН АРАВНЫГ ТУУЛСАН АНСАМБЛЬ

Соёл урлаг, Спорт

Э.Бат-Эрдэнэ

Хилийн цэргийн дуу бүжгийн чуулга гэх их айл үүдээ нээснээс хойш наян намартайгаа золгоод байна. Цэрэг гэхээр яах аргагүй л эх орон, торгон хил санаанд буудаг. Энэ бүхнийг зургаар биш, дүрсээр биш аялгуут дуу, хөгжимд шингээн алдаршуулж явдаг хамт олон бол яах аргагүй Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгынхан. Найман арвантай золгож буй энэ хамт олны баярыг хуваалцлаа.

Б.Болдбаатар /ХЦДБЧ-ын уран сайхны удирдаач, хошууч/

-Энэ сайхан баг, хамт олонтой мөр зэрэгцээд дөрөв дэх жилдээ ажиллаж байгаа миний хувьд яах аргагүй хилчидтэйгээ сэтгэл зүрхээрээ хамт явж байна. Тэр дундаа ХЦДБЧ-ын нэр хүндийг өргөж, уран бүтээлийн өндөр түвшинд авч явна гэдэг бол асар том хариуцлага. Өөрийн уран бүтээлээс илүүтэй энэ сайхан, олон жилийн түүхтэй ансамблийг нэр, мөр бүтэн авч явах юм сан гэж хичээж явдаг. Олон жилийн түүхтэй, ийм том чуулгад ажиллаж байгаа нь миний хувьд нэр төрийн хэрэг юм. Түүхт 80 жилийнхээ ойн тоглолтод эндээс төрсөн бүх гавьяатууд болон үе үеийн уран бүтээлчдээ урьсан.   Ингээд баярын концерт маань маш өргөн, 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй. Анх 1940 онд Дотоод явдлын яамны дэргэд хязгаарын ба дотоодын цэргийн ансамбль гэж 20 хүний бүрэлдэхүүнтэй анх үйл ажиллагаагаа эхлүүлж байсан түүхтэй. Одоо бол Цэргийн гавьяаны Улаан тугийн одонтой, Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, Зууны манлай хөгжмийн зохиолч Лувсанжамбын Мөрдоржийн нэрэмжит ансамбль болсон.

-ХЦДБЧ-гийн бусад чуулгуудаас ялгарах онцлог, давуу тал нь юу вэ?

- ХЦДБЧ-д ажиллаад  хилчид болон хил орчмын ард иргэдэд урлаг соёлоор үйлчлэхээр жинхэнэ тэр торгон хилийн хязгаарт очоод, хилийн застав дээрээс эх орон гэж чухам юу вэ гэдгийг маш сайхнаар мэдэрч, эх орон гэж ийм зүйл байдаг юм байна даа гэдгийг ойлгосон. Тэгэхэд шувуу ч нисдэггүй, машин явдаггүй тийм л газарт очсон хойноо  “эх орон” гэдэг хоёр үгний ард үгээр хэлэхийн аргагүй тийм үнэт зүйл оршдогийг ойлгосон.   ХЦДБЧ-ынхан бид хилчиддээ урлаг соёлоор үйлчлэхийн тулд мориор хүрэхгүй газраа явганаар явж очоод яг хилийн манаанд гарч байгаа хоёр цэрэгтээ бүрэн хэмжээний тоглолт хийж өгөх болэнүүхэнд. Манай чуулгын онцлог нь энэ. Бусад чуулгынхан бол үзэгчид нь ирж үздэг, харин бид нар өөрсдөө зорьж очиж тоглодгоороо ялгаатай. Манай чуулгын гол зорилго үндсэн үүрэг нь хил орчмын ард иргэддээ урлаг соёлоор үйлчлэх. Тиймээс жил бүр төлөвлөгөө гаргаж хилчидтэйгээ уулзаж, тэдний 70 хувьд нь хүрч үйлчилдэг. Нэг зүйлийг нэмж хэлэхэд зөвхөн хилчдээр тогтохгүй хил орчмын нутаг дэвсгэрт оршин сууж амьдарч байгаа ард иргэдэд хүртэл тоглолтоо хүргэж байдаг. Ингэснээрээ хилчид болон ард иргэдийн холбоог эергээр бэхжүүлж өгдгөөрөө онцлогтой. Үүнээс гадна Монгол улсын урлагийг тодорхой хэмжээнд олон улсад түгээхэд маш их хувь нэмэр оруулж байгаа байгууллага бол манай чуулга.

Б.Мырзабек /ХЦДБЧ-ын Захирагчийн нэгдүгээр орлогч/

-Хилийн заставт ажиллаж байсан хүнээс тэнд яг ямар байдгийг сонирхвол?

-Хил хамгаалах байгууллага маань Монгол Улсыг тойрсон нэг шон, хилийн шугам зураас гэж газрын зураг дээр үздэг, яг тэр зураасан дээр хүмүүсийг ажиллуулж, хөдөлмөр эрхлүүлж улсынхаа халдашгүй, дархан байдлыг хангахаас гадна ард түмний амар тайван байдлыг хамгаалах маш том үүргийг тэнд гүйцэтгэж хэрэгжүүлж байдаг. Өнөөдөр залуучууд маань төв суурин газар кино үзээд эсвэл бүжгэнд яваад, шоудаж цэнгэдэг ч юм уу явж  хил дээр үүрэг гүйцэтгэж байгаа залуучууд маань өдөр шөнөгүй яг тэр хилийн шугаман дээр буугаа үүрээд бидний амар тайван байдлыг хангаад үүрэг гүйцэтгээд явж байгаа. Тэнд ямар орчин байдаг вэ гэхээр ямар ч хүн гутлынхаа мөрийг гаргах, үлдээх эрхгүй тийм газар байдаг. Хил дээр алба хаана гэдэг бол тэр болгон аавын хүүд тохиолдоод байдаг аз завшаан биш. Хилийн шугам дээр алба хаах хэрэгтэй, тэгж байж тэр хүнд миний эх орон энэ л юм байна даа гэж бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрнө.

 Хил дээр өдөр, шөнөгүй үүрэг гүйцэтгээд явж байгаа хилчид хариуцан хамгаалж байгаа газрынхаа чулууг хүртэл нэрлэчихсэн байдаг. Жишээ нь, Дорж хөдлөөгүй байна...  Дулмаа байрандаа байна гэхчилэн. Манай хилчид хилийнхээ шороог нь хүртэл таньдаг болчихсон өвснийх нь хөдөлгөөнийг харж мэдэрдэг хүмүүс байдаг юм. Ингэж л тэд Монгол Улсынхаа халдашгүй дархан байдал, газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлыг хамгаалахаас гадна ард түмнийхээ амар тайван байдлыг хангах үйлсийг бүтээж байгаа    Миний бодлоор эр хүний үүргийг дараалуулж хэл гэхийн бол хил дээр очиж цэргийн алба хаах нь хамгийн том үүрэг гэж хэлнэ.

ХЦДБЧ-гийн мөр зэрэгцэн зүтгэж байгаа энэ бүх түүхийг бүтээлцсэн ахмад, дунд, залуу үеийн бүх хүмүүстээ түүхт 80 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлж байна. Та бүхний ажил үйлс нь өөдрөг мөн уран бүтээлчиддээ хандаж хэлэхэд ямагт дэлгэрч, хөгжиж байх болтугай гэж ерөөе.

Н.Шажинтөр /ХЦДБЧ-ын гоцлол дуучин/

-ХЦДБЧ-д ажилд орж байсан  болон хил дээр очиж байсан анхны сэтгэгдэл?

-Урлагийн сургууль төгсөөд олон тайзанд гарч дуулж байсан хэдий ч ХЦДБЧ-д анх шалгалт өгч байхад маш их сандарч айж байсан. Ажилд ороод гурав хоногийн дараа  хилийн бригадаар явж, сар гаруй хилээр тойрч явсан. Хилийн торгон шугам дээр очих   бол хамгийн гайхалтай мэдрэмж байсан. Анх удаа очиж байгаа миний хувьд бол энэ шугамаас цаашаа бид дураараа гарч болохгүй. Энэ бол эх орны минь  хил. Эрт үед үүнээс цаашаа бидний өвөг дээдсийн газар нутаг байсан гэж бодоход бахархмаар бас гунимаар сэтгэгдэл төрж байсан. Уран бүтээлийн хувьд анх ХЦДБЧ-ынхаа тайзан дээр   ардын дуу “Эрүү цагаан болжмор”-ыг дуулахад маш их сандарч байсан. Миний хувьд бол хамгийн хүндэтгэлтэй том тайз байсан. 

ХЦДБЧ-д 14 жил ажиллаж, хилчид ард иргэдтэйгээ дуугаараа уулзаж байгаадаа баяртай  байдаг. Мөн нийт албан хаагч уран бүтээлч нартаа болон танай сонины уншигч нарт түүхт ХЦДБЧ-гийн 80 жилийн ойн баярын гал халуун мэндийг хүргэж байна.