ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ФРАНЦ УЛСЫН АЛЛИЕР МУЖТАЙ СОЁЛ УРЛАГИЙН ЧИГЛЭЛЭЭР ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ

Нийгэм, Эдийн засаг

   Франц Улсын Аллиер мужийн гадаад харилцааны ажилтан Вероник Эрупэ, урлаг судлаач Фабрис Дюбюсэ тэргүүтэй зочид, төлөөлөгчид Өвөрхангай аймагт 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс долоо хоногийн хугацаатай ажиллаж эхэллээ.

Аллиер мужийн төлөөлөгчид өнөөдөр аймгийн Засаг дарга И.Доржсүрэн болон холбогдох албаны хүмүүстэй уулзалт хийв. Уулзалтаар хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлээр болон 2024 онд тохиож буй Өвөрхангай аймаг Аллиер мужтай хамтын ажиллагаа тогтоосны 25 жилийн ойг хоёр улсад тэмдэглэн өнгөрүүлэх асуудлаар санал солилцлоо. 

Аллиер мужийн АПАУ нийгэмлэг өнгөрсөн хугацаанд аймгийн хөдөө аж ахуй, эрүүл мэндийн салбарт түлхүү анхаарч ажилласан бол хамтын ажиллагаагаа соёл урлагийн чиглэлээр өргөжүүлж байгаагаараа онцлог юм.

Энэ хүрээнд:  

✅ Аймгийн түүхэнд тулгуурласан, ёс заншлыг харуулсан түүхэн жүжгийг хамтран хийх

✅ Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн багш, сэргээн засалчдыг Аллиер мужид сургаж туршлага судлуулах

✅ Аллиер мужийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнг байгуулж, тохижуулах

✅ Монгол болон Франц улсын түүх, соёлыг сурталчилсан гар зургийн уралдааныг зохион байгуулах, түүхэн баримтад киног гаргах

✅ Сурагч солилцоог хэрэгжүүлж, байгаль хамгааллын чиглэлээр контент хийж түгээх

✅ Аймгийн ерөнхий боловсролын сургуульд франц хэлийг судлуулах, 

✅ Байгальд ээлтэй үйлдвэрлэл эрхлэхэд хамтран ажиллах

✅ Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тогооч нарын ур чадварыг нэмэгдүүлэх зэрэг үйл ажиллагаануудыг хэрэгжүүлэхээр санал солилцсон. 

Төлөөлөгчид Өвөрхангай аймагт ажиллах хугацаандаа ЕБС, Политехникийн коллежийн удирдлага, багш нартай уулзах, Хөгжимт драмын театрын удирдлага, уран бүтээлчидтэй уулзалт хийж, хамтран хэрэгжүүлэх төслийн талаарх танилцуулга, хэлэлцүүлэг, төлөвлөлт хийж ажиллах юм.