Дархан-Уул аймгийн Дархан сумыг үйлдвэр, тээвэр, логистикийн зангилаа хот болгон хөгжүүлнэ

Улс төр

    Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр Дархан-Уул аймгийн иргэд, сонгогчидтой уулзлаа.

Тэрбээр “Эрх баригч нам сүүлийн найман жилд иргэдийг, улс орноо өрийн дарамтад оруулж, төрийн дарамт, авлига, арын хаалга газар авч, иргэд орлогогүй, зээлээс зээлийн хооронд амьдарч, төгрөг үнэгүйдэж, үнийн өсөлт хэрээс хэтэрсэн хүнд байдалд хүргэлээ. Тиймээс алдагдсан найман жилийн алдааг засахын тулд Ардчилсан нам энэ удаагийн сонгуульд оролцож байна. Бид хүчирхэг хүнийг бүтээж, хүчирхэг төрийг бий болгоно. Би гурван зүйлийг л онцолж ярьж байгаа. Нэгдүгээрт, боловсролын салбарыг босгох, хоёрдугаарт эрүүл мэндийг салбарыг хөгжүүлэх, гуравдугаарт үйлдвэрлэлийг бий болгоно. Үйлдвэрлэл бий болсноор эдийн засаг өсөж, ажлын байр нэмэгдэж, иргэд хангалттай орлоготой болж, өр зээлд санаа зовохгүйгээр сайхан амьдрах боломж бүрдэх юм. Тиймээс дараагийн дөрвөн жилд ажил хийх боломжийг Дарханчууд та бүхэн минь олгоорой. Ардчиллыг дэмжээрэй” хэмээн онцолсон юм.

УИХ-ын сонгуулийн 5-р тойрог Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймагт Ардчилсан намаас Ц.Туваан, С.Эрдэнэболд, Д.Үүрийнтуяа, Д.Батбаяр, Н.Одонгуа, Д.Эрдэнэбат, Д.Эрдэнэсувд, Д.Доржпүрэв, Р.Батжаргал, Л.Одбаяр нар нэр дэвшиж буй юм.

Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт тус тойрогт ирэх дөрвөн жил Дархан-Уул аймгийн Дархан сумыг үйлдвэр, тээвэр, логистикийн зангилаа хот болгон хөгжүүлэх, Хүнд хөнгөн үйлдвэрүүдийг дахин сэргээх, цемент бетон, дэр бетон үйлдвэр байгуулах, Зуунмод сумыг нисэх онгоцны буудлын хот болгон хөгжүүлэх зэрэг олон томоохон ажил, бүтээн байгуулалтыг хийхээр тусгажээ.

Уулзалтад хүрэлцэн ирсэн Дарханчууд ардчиллыг дэмжиж буйгаа илэрхийллээ.