УИХ-ын шинээр сонгогдсон гишүүд үнэмлэхээ гардан авлаа

Улс төр

     Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн тойрогт нэр дэвшиж хамгийн олон санал авсан 78 нэр дэвшигч, нам, эвслийн жагсаалтаар нэр дэвшсэн 48 нэр дэвшигч өнөөдөр (2024.07.01) Төрийн ордны “Их танхим”-д Монгол Улсын Их Хурлын гишүүний үнэмлэхээ гардан авлаа.

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу анх удаа 126 гишүүнийг сонгох сонгуулийг холимог тогтолцоогоор зохион байгуулсан нь зохион байгуулалтын болоод эрх зүйн орчны хувьд өргөн цар хүрээг хамарсан онцлогтой байлаа. Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгууль нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль болон бусад хууль тогтоомжийн дагуу хүчин төгөлдөр болж, амжилттай зохион байгуулагдлаа” хэмээсэн.

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 191 дүгээр тогтоолын дагуу тойрогт нэр дэвшиж хамгийн олон санал авсан болон нам, эвслийн жагсаалтаар сонгогдсон гишүүдийн нэрсийг дуудаж, үнэмлэх болон Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны холбогдох тогтоолыг гардуулан өгөв.








Ийнхүү Монгол Улсын Их Хурлын шинээр сонгогдсон гишүүдэд үнэмлэхийг нь гардуулахын өмнө Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо ээлжит сонгуулийн дүн, Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрийг Улсын Их Хурлын дарга болон Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.