Б.ГАНТУЛГА: ТӨСӨВ ТЭЛЖ ТӨРИЙН ӨМЧ ДАВАМГАЙЛЖ БУЙ НЬ ТӨВЛӨРСӨН ТӨЛӨВЛӨГӨӨТ ЭДИЙН ЗАСАГТ ШИЛЖИХ ВИЙ ГЭСЭН АЙДАС ТӨРҮҮЛЖ БАЙНА

Нийгэм, Эдийн засаг

Т.ЖАНЦАН

СЕО клубийн ерөнхийлөгч, эдийн засагч Б.Гантулгатай НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэх, нийгмийн даатгалын шимтгэл, эдийн засгийн нөхцөл байдлын талаар ярилцлаа.

-Монгол Улсад далд эдийн засаг асар их байна гэж судлаачид ярьдаг. Энэ талаар ямар тооцоо судалгаа гардаг вэ?

-Судалгаанаас харвал Монгол Улсын далд эдийн засгийн хэмжээ ДНБ-ий 17.5-27 хувь байна. Энэ нь судалгааны аргачлалаас хамаараад асар их зөрүүтэй гарч байгаа гэдгийг хэлэх хэрэгтэй. Тэгэхээр 2022 оны ДНБ-тэй харьцуулаад харвал 8.9-14.5 их наяд төгрөгийн далд эдийн засаг байгаа юм. Ийм хэмжээний мөнгө бүртгэлгүй яваад байна гэсэн үг. Энэ мөнгөний талыг нь ил болгоход л манай улсын ДНБ 4.5-7.5 их наяд төгрөгөөр нэмэгдэх боломж бий. Тэгэхээр тэр хэмжээгээр аж ахуйн нэгжийн болон хувь хүний орлогын албан татвар, НӨАТ болон бусад орлого нэмэгдэх бололцоотой юм.

-Сангийн сайд НӨАТ-аар оролдох хэрэггүй. Шри Ланк улс шиг дампуу зүйл болно гэсэн байр суурь илэрхийлсэн. Эдийн засагч хүний хувьд та энэ талаар ямар байр суурьтай байна вэ?

-НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлж таван хувь болгох асуудлыг Шри Ланк улсад 2019 онд тохиосон эдийн засгийн уналттай харьцуулах нь буруу. Яагаад гэвэл тус улс НӨАТ ногдуулах хувь хэмжээг 15 хувь байсныг шууд найм болгож огцом бууруулсан. Үүний цаана буруу шийдвэр зэрэг зэрэг гарсан тул эдийн засгийн хямрал руу түлхсэн байдаг. Тодруулбал, экспортын гол бүтээгдэхүүн Цейлон цайгаа эко болгож 10 дахин өндөр үнээр экспортод гаргах зорилт тавьсан. Тэгээд химийн гаралтай бордооны хэрэглээг хориглосон. Цайны тариаланчид органик бордоо хэрэглэх болсон тул үйл ажиллагааны зардал нь өссөн. Ингээд НӨАТ-аас гадна аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 28 хувь байсныг 25 болгож бас бууруулсан. Гэтэл цайны тариалангийн ургац 2019 онд 60 хувиар унасан. Үүнийг дагаад татварын орлого нь багассан. Ийм учраас Шри Ланк улс эдийн засгийн хямралд орсон гэж судлаачид дүгнэдэг. Харин манай улсад өөр. Зөвхөн НӨАТ-ын иргэдэд буцааж өгөх хувь хэмжээг нэмэх санал гаргаж байгаа шүү дээ. Жишээлбэл. НӨАТ-ын буцаан олголтыг өнөөгийн хоёр хувиар нь яс тооцоод үзвэл жилд 3.9 их наяд төгрөгийн орлого олж байхад 780 тэрбум төгрөгийн буцаан олгох ёстой. Гэтэл гүйцэтгэлийг нь харвал жилд 240 тэрбум төгрөг л буцаан олгож байгаа юм. Эндээс иргэдэд олгож буй НӨАТ-ын буцаан олголт тийм өндөр биш байгаа нь харагдаж байгаа биз дээ. Тухайлбал, буцаан олголтын хувь хэмжээг 20 гэж үзвэл НӨАТ-аар олсон орлогын зургаан хувийг буцааж олгоно. Харин хоёр хувиар бодож үзвэл 0.4 хувь байна.

-Тэгэхээр НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгосноор иргэдэд хэдий хэмжээний мөнгө дэмжлэг болж гар дээр үлдэх юм бэ?

-Бизнест ирж байгаа татварын дарамт өндөр байгаа. Буцаан олголт бизнесүүдэд шууд нөлөөгүй ч зах зээлд шударга өрсөлдөөн бий болгох тогтолцоо тул бид дэмждэг. Тандалт хийж үзэхэд НӨАТгүй худалдан авалт хийх сонголттой иргэдийн 65 хувь нь тулгарч байсан гэж хариулсан. Энэ асуудал нийтлэг болж байна гэсэн үг. Урамшууллыг нэмэх замаар үүнийг өөрчлөх боломжтой. Бодит байдал дээр иргэд хоёр хувиа ч буцааж авдаггүй. 2022 оны дүнг харвал өгсөн НӨАТ-ын 0.4 хувиа л гар дээрээ буцаан авч байгаа. Тэгэхээр гурван хувийн буцаалт нэмэгдвэл эргээд л худалдан авалт болж, эдийн засгийн эргэлт рүү орж, дэмжинэ. Одоогийн улсын төсөвт гэнэтийн ачаалал үзүүлэхгүйгээр эхний ээлжид НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгох боломжтой гэж бодож байна. Эргээд бизнес эрхлэгч нарын орлогын бүртгэл сайжирснаар урт хугацаандаа Татварын орлого бүрдүүлэлт сайжирна. Одоо бизнест татвараа төлдөг, НӨАТ-ын баримт өгдөг нэг хэсэг байхад татвараас зугтдаг, НӨАТ-ын баримт өгдөггүй хэсэг ч бий. Татвар төлөхгүй гээд зугтаж байгаа хүний татварыг нэг хувь болгоод ч тэр хүн татвараа төлөхгүй зугтаана. Тиймээс бизнесийн хамгийн гол зорилго болсон хэрэглэгч, харилцагч нарын тусламжтайгаар татвар төлүүлдэг болгох гол хөшүүрэг нь НӨАТ буцаан урамшуулал олгох систем. Үр дүнгээ өгч байгаа энэ системийг хөгжүүлэх, дараагийн шатанд нь гаргах цаг нь болсон гэж бодож байна. Мөн НӨАТ буцаалтын ихэнх хувийг өндөр хэрэглээтэй 10 хувийн баян иргэд авна гэсэн ухааны тайлбар тавьж байна лээ. Уг нь бол тэр 10 хувь нь тухайн жил орон сууц худалдаж авч байгаа залуу гэр бүл, автомашин худалдаж авч байгаа л иргэд ихэнх нь байгаа даа. Тэгэхээр нэг их баян даа ч биш угаасаа их мөнгөний худалдан авалт хийж байгаа хүмүүс их буцаалт урамшуулал авна гэдгийг ойлгох хэрэгтэй.

-Бас нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах ёстой гэсэн санал гарч ирсэн. Иргэд санал өгч байгаа шүү дээ. Энэ талаар та судлаач хүний хувьд ямар байр суурьтай байна вэ?

-Миний хувьд сүүлийн таван жилийн хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлээр дагнан судалгаа хийж байна. Тэр дундаа тэтгэврийн даатгалын шимтгэлийг голлосон. Миний хувьд нийгмийн даатгалын шимтгэлийг 50 хувь бууруулах нь буруу гэж үзэж байгаа. Харин нийгмийн даатгалын шимтгэлийн үр өгөөжийг богино хугацаанд нэмэгдүүлэх ёстой. Яагаад гэвэл нийгмийн даатгалын 24 хувийн шимтгэлийн 17 хувь нь тэтгэврийн даатгалын шимтгэл байдаг. Үлдсэн долоон хувь нь эрүүл мэндийн даатгал болон халамжийн сан юм. Монгол Улс өнөөдөр тэтгэврийн даатгалын тогтолцоонд яаралтай эрс өөрчлөлт хийх цаг болсон. Тэтгэврийн даатгалын сан алдагдалтай байгаа учраас хэмнэлт хийх боломж байхгүй. Харин боломжтой сангуудад хэмнэлт хийж ашигтай харагдуулаад явдаг тал бий. Ийм учраас жишээлбэл иргэдийн хувьд эрүүл мэндийн үйлчилгээ хангалттай байж чадахгүй байгаа юм. Манай улсад эрүүл мэндийн даатгалын шимтгэл дөрвөн хувь байгаа нь хангалтгүй үзүүлэлт. Бусад орнуудад хамгийн багадаа найман хувь байдаг. Тэгэхээр эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг найман хувьд хүргэх шаардлага бий. Гэхдээ найман хувь болгоно гэдэг маань нийгмийн даатгалын шимтгэлийг дөрвөн хувиар нэмэгдүүлж 28 хувьд хүргэх ёстой гэдэг асуудал биш. Тэтгэврийн шинэчлэлээ эхлээд хийх ёстой. Ингээд тэтгэврийн шимтгэлийг 13 хувь болгох учиртай. Энэ 13 хувь нь богино, урт хугацаанд өндөр үр өгөөжтэй байх боломжийг нээж өгөх ёстой юм. Ийм л шинэчлэлт хийх шаардлага тулгараад байна л даа. Иргэдийн хамгийн их үр өгөөжийг нь мэдэрдэг шимтгэл бол эрүүл мэндийнх байдаг. Ийм шинэчлэлт хийж чадсан тохиолдолд манай улсын эрүүл мэндийн үйлчилгээ, хамгаалалт илтэд сайжирна. Яагаад гэвэл эрүүл мэндийн салбарт орох хөрөнгө оруулалт хоёр дахин нэмэгдэх тул үйлчилгээний чанар, хүртээмж сайжирна.

-Тэтгэврийн эрс шинэчлэлтийн талаар та хөндлөө. Үүнийг хийх арга зам нь ямар байх ёстой гэж харж байгаа юм бэ?

-Олон тулгуурт, хуримтлалд суурьтай тэтгэврийн тогтолцоонд шилжих ёстой. Юуны түрүүнд олон тулгуурт буюу хувийн тэтгэврийн сангийн хууль эрх зүйн орчин, зохицуулалтыг бий болгож нэг ёсондоо эрсдэлээс хамгаална гэсэн үг. Хувийн тэтгэврийн сан хуримтлалд суурилж эрсдэлгүй хөрөнгө оруулалт хийж үр өгөөжөө нэмэгдүүлдэг байх учиртай. Өөрөөр хэлбэл өнөөдөр мөрдөж буй хуваарилалтын тогтолцоо биш. Ингээд хувийн тэтгэврийн сангийн хуримтлуулсан туршлага, хөрөнгө оруулалтын бодлого, үйл ажиллагааг судлаад одоо төрөөс мөрдөж буй тэтгэврийн тогтолцоонд хийх шинэчлэлтээ тодорхой хугацааны дараа эхлүүлэх боломжтой гэж харж байгаа.

-Хувийн тэтгэврийн сангийн үйлчилгээ манай улсад бас нэвтэрсэн шүү дээ. Тэгэхээр эдгээр сан хууль эрх зүйн зохицуулалтгүй явж байгаа гэсэн үг үү?

-Хууль эрх зохицуулалт бий. Иргэний хуулиар үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ нь хувийн тэтгэврийн санд нарийн зохицуулалт шаардлагатай байгааг илэрхийлж байна. УИХ-ын хаврын чуулганаар Нийгмийн даатгалын багц хуулийг өргөн барьсан. Гэвч дөрвөн хууль нь батлагдаад хамгийн чухал Хувийн тэтгэврийн сангийн тухай хууль нь батлагдаагүй. Нийгмийн даатгалын багц хуульдаа “Монгол Улс олон тулгуурт, хуримтлалд суурилсан тэтгэврийн тогтолцоотой байна. Хувийн тэтгэврийн сан байх ёстой” гэдэг асуудлыг тусгасан байгаа. Тэгэхээр зохицуулалтын хуулиа яаралтай батлаад явах шаардлагатай юм.

-Тэтгэврийн сан хоосорсон. Засгийн газар аваад идчихсэн учраас 2025 оноос хойш тэтгэвэрт гарах хүмүүс хэцүү байдалд орсон гэдэг асуудал яригддаг?

-Тийм. Өнөөгийн тэтгэврийн тогтолцоогоор хуримтлагдсан мөнгөө шууд буцаагаад өгч байгаа. Дээрээс нь буцааж өгч байгаа мөнгө нь хүрэхгүй тул жил бүр төсвөөс 1.2 их наяд төгрөгийн татаас өгдөг. Ийм учраас тэтгэврийн даатгалын санд хуримтлагдсан нэг ч төгрөг байхгүй. Зүгээр тоонууд л бий.

-Тэгэхээр иргэдийн тэтгэврийн нэрийн дансанд мөнгө байхгүй. Хий бичилт хийгээд явж байгаа гэсэн үг үү?

-Монгол Улс 1999 онд тэтгэврийн шинэчлэлт хийхдээ иргэдийг тэтгэврийн хувийн нэрийн данстай болгоод түүнд хуримтлал үүсгэх боломжийг нээж өгсөн байдаг. Гэвч хуваарилалтын тогтолцоогоо хуримтлалын тогтолцоонд оруулах шилжилт хийгээгүй учраас мөнгө нь зүгээр нэг бичилт болоод хувирсан. Өөрөөр хэлбэл одоогийн тогтолцоогоор тэтгэвэр тогтоож бодоход ашигладаг зүгээр нэг Х тоо л болсон гэсэн үг. Одоо шинэчлэлт хийгээд тэтгэврийн хуримтлалын тогтолцоонд шилжүүлээд уг нэрийн дансыг мөнгөжүүлэх тухай дөнгөж яригдаж байгаа юм билээ.

-Ирэх оны төсөв, мөнгөний бодлогыг УИХ-аар хэлэлцэж байна. Энэ талаар эдийн засагчид судлаачид өөр өөр өөрсдийн байр сууриа илэрхийлж байгаа л даа. Таны хувьд ирэх онд манай улсын эдийн засгийн төлөв байдал ямар байна гэж харж байгаа вэ?

-Төсөв өмнөх жилүүдээс нэлээд өндөр мөнгөн дүнтэй яригдаж байна. Энэ нь төр болоод төрийн өмчит аж ахуйн нэгжүүд эсвэл төрийн өндөр албан тушаалтантай холбоотой компаниудын мөнгөний урсгал эдийн засагт нэмэгдэнэ гэсэн үг. Эдийн засагт орж ирэх мөнгөн урсгал нэмэгдэх нь инфляцыг өсгөх хөшүүрэг болдог. Инфляцыг барихын тулд Монголбанк бодлогын хүүгээ нэмэх байх. Үүний нөлөөгөөр арилжааны банкууд хувийн хэвшил, иргэдэд олгох зээлээ хумина. Эдгээрийн цаана төр болон төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн ДНБ-д эзлэх хувь хэмжээ нэмэгдэнэ. Харин хувийн хэвшлийнх бүр буурна гэсэн үг. Судалгаагаар 2022 онд төр болон төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн ДНБ-д эзлэх хэмжээ 54.6 болж өссөн дүн бий. Уг хувь хэмжээ улам л нэмэгдэнэ шүү дээ. Энэ байдал өөрчлөгдөхгүй удаан үргэлжилбэл нөгөө хуучин нийгэм буюу төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг руугаа явчих вий гэсэн айдас байна. Түүхээс харахад нэгдэлжих хөдөлгөөн эхлэх үед Монголын эдийн засагт төрийн өмч давамгайлах байдалтай байсан юм билээ. Ер нь төрийн өмч ДНБ-д давамгайлаад 50, 60 хувьд хүрвэл төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагт шилжиж байна гэж хэлж болно.

-Судлаачид манай улсын эдийн засгийн өсөлтийн талаар янз бүрийн таамаг дэвшүүлж байна. Таны хувьд ямар бодолтой байгаа вэ?

-Манай улсын экспортын гол худалдан авагч нь Хятад. Ийм учраас тус улсын эдийн засгийн өсөлттэй уягдаж явах болов уу гэж харж байна. Миний хувьд тийм ч өндөр өсөлт үзүүлэхгүй байх гэсэн хүлээлт бий. Нөгөө талдаа Оюу толгой төслийн үйл ажиллагаа жигдэрсэн. Дээр нь уул уурхайн түүхий эдийн үнэ ханш боломжийн байвал тав орчим хувийн өсөлт гарах байх гэж харж байна.