Өмнөговийнхон “ГОВИЙН ОЮУ ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ САН”-гийн үр өгөөжийг хүртсээр байна

Нийгэм, Эдийн засаг

М.ДАВАА

   Өмнөговь аймаг, Ханбогд сум болон “Оюу Толгой” компанийн хооронд байгуулсан Хамтын ажиллагааны гэрээний дагуу үүсгэн байгуулагдсан “Оюу Толгой” компанийн хөрөнгө оруулалттай “Говийн оюу хөгжлийг дэмжих сан” нь 2015 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Тус сан нь “Оюу Толгой” ХХК, Өмнөговь аймаг болон тус аймгийн Ханбогд, Манлай, Баян-Овоо, Даланзадгад сумдын хооронд байгуулсан Хамтын ажиллагааны гэрээний хэрэгжилтийг хангах зорилгоор нийгмийн дэд бүтэц, тогтвортой хөгжил, орон нутгийн бизнесийн хөгжлийг дэмжихэд чиглэгдсэн төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх, тэдгээрийг үр ашигтай, зүй зохистой удирдах зохион байгуулах ажлыг хэрэгжүүлдэг. “Оюу Толгой” ХХК нь “Говийн Оюу хөгжлийг дэмжих сан” -гаар дамжин орон нутагтай хамтран ажиллаж байгаа бөгөөд орон нутгийн хөгжилд бодитой дэмжлэг үзүүлэх нь тэдний бас нэгэн том зорилго юм. Энэ сангаа олон улсын жишгийн дагуу байгуулсан гэх. Түүнчлэн Монгол Улсад жишиг, үлгэр дууриал болсон олон үйл ажиллагаа явуулж байгаагийн нэг нь энэ сан бөгөөд манай улсдаа анхны сан билээ. Сангийн хамгийн том ажлын нэг нь Ханбогд сумыг өргөжүүлж, орчин үеийн шинэ хот болгон хөгжүүлэх явдал юм.

 

Тэр ч утгаараа Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Ханбогд хөгжлийн ерөнхий төлөвлөгөө-2040” хамтын ажиллагааны санамж бичигт БХБ-ын сайд Б.Мөнхбаатар, “Оюу Толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж, Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийт нар 2015 оны тавдугаар сард гарын үсэг зурж баталгаажуулж байсан билээ. Мэдээж Ханбогдыг орчин үеийн хот болгон хөгжүүлснээр Ханбогдын иргэд төдийгүй Оюу толгой болон Тавантолгой төслийн ажилтан албан хаагчид, гэр бүлтэйгээ хамт эрүүл аюулгүй шинэ хотод амьдрах таатай боломж бүрдэж, хот хөдөөгийн тэнцвэрт хөгжил, таталцлын шинэ соронзон орныг үүсгэх боломж бүрдэнэ гэж үзэж байгаа. Харин 2040 он гэхэд 6312 өрхийн 25.880 хүн, сумын төвд 5292 өрхийн 22.226 хүн суурин амьдрахаар судалгаа, тооцоолол гарснаас харахад аргагүй уурхайн суурин дагасан том хот бий болох нь.

 

Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсанаар 2025 он гэхэд нийт өрхийн 15 хувь, дунд хугацаа буюу 2030 онд 25 хувь, 2040 он гэхэд 45 хувийг нь инженерийн төвлөрсөн хангамжтай сууцтай “Ухаалаг загвар сум” болгоно гэдгийг ч албаны хүмүүс нь мэдэгдсэн. Эндээс харахад энэ сангийн хамгийн ач тус хэр байгаа нь ойлгогдох байх. Түүнчлэн “Говийн Оюу хөгжлийг дэмжих сан” -гаар дамжин жил бүр таван сая ам.долларын санхүүжилтээр төсөл хөтөлбөрүүдийг дэмжин ажиллаж ирсэн. Өнөөдрийн байдлаар “Оюу Толгой” компаниас Өмнөговь аймгийн тогтвортой хөгжлийг дэмжихэд зориулан олгосон нийт 122.7 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 397 төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэн хэрэгжүүлээд байна. Үүнээс боловсролын чиглэлээр 39.9 тэрбум төгрөгөөр 86 төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэн хэрэгжүүлсэн байна. “Говийн оюу – Оюутны тэтгэлэг” хөтөлбөрийн 2023- 2024 оны хичээлийн жилийн тэтгэлгийн батламж гардуулах ёслол 2016 оноос хойш найм дахь жилдээ хэрэгжиж буй.

 

Тэтгэлэгт хөтөлбөрт давхардсан тоогоор нийт 519 оюутан хамрагдаад байгаа юм байна. Тэд зөвхөн нөлөөллийн бүс гэлтгүй Өмнөговь аймгийн бүх сумыг хамарсан 28 төсөл, 39 хандивт 18.7 тэрбум таграгийн хөрөнгө оруулалт хийсэн байдаг бол сумдыг хэсэгчлэн хамарсан 10 төсөлд 1.9 тэрбум төгрөгийг тус тус зарцуулсан байна. Тухайлбал, 2015-2022 онд Мандал-Овоо суманд 1.6 тэрбум, Булган суманд 467.7 сая, Сэврэй суманд 467.7 сая, Гурвантэс суманд 51.2 сая, Ноён суманд 5.9 сая, Баяндалай суманд 619.9 сая, Цогт- Овоо 3.5 тэрбум, Цогтцэций суманд 165.2 сая, Манлай суманд 3.7 тэрбум, Ханбогд суманд 18.4 тэрбум, Баян-Овоо суманд 2.9 тэрбум, Номгон суманд 433.7 сая, Даланзадгад хотод 42.6 тэрбум, Ханхонгор суманд 26.3 сая төгрөг, Хүрмэн суманд 275.7 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг тус тус хийжээ. Хөрөнгө оруулсан төсөл хөтөлбөрүүд нь ямагт орон нутгийн хөгжилд том хувь нэмэр болж байгаа гэдгийг иргэд нь онцгойлон ярьж байсан юм.

 

Зургаан цэцэрлэгийн барилга, хоёр сургуулийн барилга, гурван сумын эрүүл мэндийн төвийн барилга гэхээр уншигч танд ч ямар цар хүрээтэй төсөлд хөрөнгө оруулсан гэдэг нь ойлгогдож байгаа байх. Нөгөөтэйгүүр говьд ус, худаг гэдэг бол хамгийн үнэ цэнтэй зүйлүүдийнх нь нэг байдаг, тиймээс 108 шинэ худаг гаргахаас гадна 44 худагт засвар хийжээ гэдгийг ч хэлэх хэрэгтэй байх. Мөн хүүхэд залуучуудын бие бялдрын хөгжилд болон чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөхөд нэн хэрэгцээтэй спорт заалыг ч барьсан байна. Тэд орон нутгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд зориулж орон нутгийн жижиг бизнесийг дэмжих санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжүүлэхээ ч мартаагүй, 2016-2022 онд 1.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулсан байна. Сангийнханы хүрээгүй салбар, очоогүй сум Өмнөговь аймагт байхгүй гэж хэлж болно. Дээр дурдсанаас гадна тэд ус цэвэршүүлэх, мод үржүүлэх, хог хаягдлын байгууламжид барих, үерийн далан байгуулах, ус зайлуулах, чадавхжуулах сургалт, төхөөрөмж нийлүүлэх гээд нэлээдгүй салбарт хөрөнгө оруулж, иргэд үр ашгаа хүртсээр байгаа юм билээ.

Цаашид ч сан ажилладагаараа л ажиллана, иргэд ч үйлчилгээгээ авч амьдрал ахуйдаа үр өгөөж болгон ашигласаар байх болно гэдэгт итгэлтэй байна. Итгэлтэй гэж хэлэхийн учир нь сан нээгдэж байх тэр үед миний бие компанийн гүйцэтгэх удирдлагаас энэ асуултыг асууж, “цаашид үргэлжилнэ” гэдэг хангалттай хариултыг авсан төдийгүй, үйл ажиллагаа нь өнөөдрийг хүртэл хазайлгүй, чигч байгаа нь батлан харуулж байгаа юм.