С.Наранцогт: Маш сайн мэргэжлийн Төлөөлөн удирдах зөвлөлтэй болвол компанийн ирээдүйн хөгжил, чиг хандлагыг тодорхойлоход маш чухал үүрэг гүйцэтгэнэ

Нийгэм, Эдийн засаг

М.ДАВААДУЛАМ

2007 онд стратегийн ач холбогдол бүхий 16 ордын жагсаалтыг УИХ-аас баталж, энэ ордууд дах төрийн хувьцааны эзэмшлийн эрхийг хэрэгжүүлэх зорилготой Эрдэнэс Монгол компанийг байгуулжээ. Тэгвэл Эрдэнэс монгол компанийн хувьд 2022-2023 онд Засгийн газраас нэлээд их өөрчлөлтийг хийсэн. Тус компанийн дүрэмд өөрчлөлт оруулж, цаашид томоохон төслүүд хэрэгжүүлэх, хөрөнгийн зах зээл дээр ажиллах, харьяандаа ажиллаж буй уул уурхайн компаниудын менежмент, зохион байгуулалт, худалдан авалтын бодлогуудыг нэгдсэн байдлаар явуулах боломжийг бүрдүүлсэн байна. Энэ компанийн хувьд Монгол улсынхаа иргэн бүрт хувьцаа эзэмшүүлдэгээрээ их онцлогтой. Тус нэгдлээс хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, иргэдийн хувьцааны ногдол ашиг, компанийн засаглал, хараат бус төлөөлөн удирдах зөвлөл зэрэг асуудлаар компанийн гүйцэтгэх захирал С.Наранцогттой ярилцлаа. С.Наранцогт: Маш сайн мэргэжлийн Төлөөлөн удирдах зөвлөлтэй болвол компанийн ирээдүйн хөгжил, чиг хандлагыг тодорхойлоход маш чухал үүрэг гүйцэтгэнэ.

-Засгийн газраас Эрдэнэс монгол компанийн дүрмийг шинэчлэн баталсантай холбоотой охин компанийн бүтцийг оновчтой болгох асуудал яригдаж байна. хамгийн эхэнд Төлөөлөн удирдах зөвлөл / ТУЗ/-ийг цөөрүүлж байна гэх, зардлын хувьд цагийн менежментэд шилжсэнээр хэр буурах вэ?

-Өнөөдрийн байдлаар компанийн төсөв дээр тавигдсан ТУЗ-ийн зардал хоёр тэрбум төгрөг бөгөөд бууралтаас харахад 500 сая болж буурахаар байна. Мөнгөн дүнгийн хэмнэлт нэг хэрэг, Төлөөлөн улирдах зөвлөлд /ТУЗ/ мэргэжлийн, ур чадвартай,туршлагатай, хараат бус гишүүнээр ажиллуулъя гэвэл цалин хөлсний хувьд нэмэгдэж, зах зээлийн зарчмаар хөдөлмөрийг нь үнэлэх ёстой. Өмнө нь тогтмол цалин өгдөг байсан, гэхдээ тогтмол биш цагийн үнэлгээгээр. Бодитой хуралдаа суудаг, аудитын хорооны гишүүд нэлээд ажилтай байдаг, компанийн төсөв, стратеги, тайлан, тоонууд дээр ажилладаг, нэлээд цаг зардаг. Тиймээс тэр цагийн үнэлгээг шударгаар бодож олгодог тогтолцоонд орж байгаа.

-Одоо хэрэгжиж байгаа 44 төслөөс онцлох яг ямар төслүүд хэрэгжиж байгаа вэ, энэ төслүүд дээр давхцсан төслүүд ч юм уу, үнэлгээ, хэрэгжилт нь нь ямар байгаа вэ?

-Хэрэгжиж буй 44 төсөл ихэнх нь тухайн компаниудынхаа үйл ажиллагаа, үйлдвэрлэлийг өргөтгөх чиглэлийн төслүүд байгаа. Зарим нь мөн төмөр замын гэх мэт том хэмжээний төслүүд байгаа. Энэ төслүүд дээр бүгдэд нь нэг бүрчлэн үнэлгээ хийнэ. Оруулсан хөрөнгө, хэрэгжилтийн явц тааруухан, ач холбогдлын хувьд нэн шаардлагатай бус төслүүдийг зогсоох хэрэгтэй. Эдийн засгийн үр ашиг нь өндөр, нэн шаардлагатай эрэмбэлэгдэж байгаа төслүүдийг аль болох хурдан дуусгаж төслийнхөө үр ашгийг хүртэх хэрэгтэй байгаа юм. Цаашдаа шинэ төсөл эхлэхэд бид маш нарийн шалгуур үзүүлэлтээр төлөвлөж, эрэмбэлж ажил эхэлнэ гэсэн бодлого гарч байгаа. Хэрэгжилтийн явцын үнэлгээ одоогийн байдлаар 80-10 хувь хүртэл гэж гарсан байгаа. Манайх төслийн судалгаа, үнэлгээний газартай болж, тэндээ төслийн үнэлгээний загварчлалаа гаргаад, аргачлалаа боловсруулдаг. Энэ аргачлалаараа бүх төслөө нэгбүрчлэн үнэлж байна. Газар дээрээ үйл ажиллагаа нь бодитой, тодорхой төслүүдтэй танилцаж байгаа. Онцлох таван төсөл гэж яривал Эрдэнэс Тавантолгойн баяжуулах үйлдвэрийн газар шорооны ажил эхэлсэн байна. Гэхдээ үүнд байршил, тээвэр ложистикийн хувьд шийдэгдээгүй, тооцоолоогүй, нэлээн үр ашиггүй байх тооцоо гарч байгаа. Тэгэхээр үр ашигтай болгоход төслийн байршил, хүчин чадал, технологийн асуудлаа гэрээлэгч талтай эргэж ярихаас аргагүй нөхцөл үүссэн.

-Урьдчилан гэрээ хийсэн компаниуд дунд оффтейк гэрээ хэр их хийгдсэн, үүнд хяналт тавих тогтолцоо ямар байгаа вэ?

-Хамгийн том, их хэмжээтэй яригдаад байгаа гэрээ бол Эрдэнэс Тавантолгой компаний хийсэн нүүрсний гэрээ. Энэ гэрээ нууцаасаа гараагүй байгаа, харин нууцаас гарсан нь компанийн вэб сайтад тавигдсан байгаа. Оффтейк гэрээний хүрээнд төсөл хэрэгжүүлэхгээд уг төслийн төлбөрөө нүүрсээр ч юм уу, эрдэс баялгийн бүтээгдэхүүнээр төлөхөөр хийсэн байдаг. Урьдчилж гэрээ байгуулахад гэрээний хөнгөлөлт нөхцлүүд орж ирдэг. Энэ талаар бүрэн эрхт төлөөлөгч/БЭТ/ тодорхой мэдээлэл өгсөн байгаа. Ер нь уул уурхайн бизнест урьдчилж төлбөр аваад, сайн нөхцлөөр гэрээ байгуулдаг жишиг байдаг. Урьдчилж гэрээ хийхийн хамгийн аюултай тал нь хамгийн сайн чанартай эрдэс баялгийн бүтээгдэхүүнийг маш их хэмжээгээр өгөх явдал юм. Үүнээс үүдэн уурхайн үйлдвэрлэл сорчлох олборлолтруу шилжиж, уурхайн ТЭЗҮ мөрдөгдөхөө больж, Ашигт малтмалын тухай хууль зөрчигддөг. Энэ хуулинд нөөц баялгаа бүрэн ашиглах, сорчилж ухахыг хориглоно гэсэн заалт байдаг. Борлуулалт, уурхайн үйл ажиллагаа салшгүй холбоотой, үйлдвэрлэлээ дагаж явах ёстой.

Цаашдын гэрээнүүдээ уурхайн нөөц баялагтаа тулгуурлаж, үйлдвэрлэлдээ тохирсон бүтээгдэхүүнээр, биржээр худалдаалах ийм л тогтолцоогоор хийх, шилжих ёстой, тэгж байж бүх зүйл зөв зүйтэй болно. Хэн нэгэн худалдан авагчийн хүсэлтээр мөн богино хугацааны санхүүгийн хүндрэлээс улбаалан урьдчилгаа төлбөрөөр хамгийн сайн чанарын эрдэс баялгийн бүтээгдэхүүнээ борлуулах гэрээ урьдчилж хийдэг нь л буруу болчихоод байгаа юм. Тэгэхээс нөхцлийн хувьд зөв, уул техникийн нөхцөл, эрдэс баялгийнхаа нөөцөд яг тохирсон, ТЭЗҮийнхээ дагуу үйлдвэрлэл явуулаад, тухайн жилдээ борлуулах хэмжээний нүүрсээ хамгийн сайн нөхцлөөр урьдчилж гэрээ байгуулбал болохгүй юм байхгүй, байдаг л практик. Энэ бол манай нэгжийн компаниудад нэлээд анхаарал татахуйц, нэн даруй арга хэмжээ авахуйц, асуудал болсон бөгөөд Эрдэнэс силвер дээр ч энэ асуудал байгаа.

-Эрдэнэс Монгол компанийн ТУЗ-ийн хараат бус гишүүнд нээлттэй материал хүлээж авч байгаа юм байна. Мөн энэ гишүүдийн тоог нэмсэн тухай ярьж байсан. Гүйцэтгэх удирдлага хийх хугацаандаа та компанийн засаглалыг хэрхэн сайжруулах вэ, энэ тал дээр ямар ажил төлөвлөөд байна?

-Эрдэнэс Монгол компанийн дүрэм болон засаглалтай холбоотой асуудлыг манай хувьцаа эзэмшигч болох Засгийн газар баталдаг. Сая гуравдугаар сарын 29 нд засаглалыг сайжруулах чиглэлээр нэлээд зарчмын өөрчлөлтүүдийг дүрэмдээ оруулж өгсөн. Энэ тухай Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд Д.Амарбаясгалан тодорхой мэдээллүүдийг олон нийтэд хүргэсэн байгаа. Зарчмын хараат бус гишүүдийг нэлээн олон болгож, тавигдах шаардлагыг нь хүртэл дүрэмдээ оруулсан. Бизнесийн стратеги төлөвлөлт, бизнес удирдлагын чиглэлээр онлайн болон практикийн туршлагатай, нийгэмд нэлээд хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүс байж энэ чиглэлийн эдийн засаг, нийгэмд нөлөө үзүүлэхүйц хүмүүс нэгдэл компанийн удирдлагад орж, зөв шийдвэр гаргахад идэвхтэй оролцон материалаа ирүүлж оролцоосой гэж хүсч байна. Бид маш сайн мэргэжлийн ТУЗ-тэй болчихвол компанийн ирээдүйн хувьд хөгжил, чиг хандлагыг тодорхойлоход маш чухал үүрэг гүйцэтгэнэ гэсэн хүлээлттэй байгаа.

-Эрдэнэс Тавантолгой компанийн тайлангаас харж байхад 2022 оны байдлаар дөрвөн их наяд төгрөгийн өртэй явж байгаа харагдсан. Толгой компанийн хувьд охин компаниудынхаа өрийн тухайд ямар бодлого баримтлах вэ, засаглалын хувьд ч БЭТ байгаад байх уу?

-Мэдээж онцгой нөхцөл байдал үүссэн учраас Засгийн газар БЭТ томилсон. Үүний үр дүн үйл ажиллагааны хувьд нэлээн сайн гарч байгаа. Өнгөрсөн оны төгсгөлөөр манай нэгдлийн компаниуд улсын валютын нөөцөд 931 сая ам. долларыг бүрдүүлж өгснөөс 50-иас дээш хувийг нь Эрдэнэс Тавантолгой компани дангаараа бүрдүүлсэн нь үйл ажиллагааны үр дүн ямар хэмжээгээгээр сайжирч байгаа нь харагдаж байгаа байх. Эхний улирлын экспортын тоо хэмжээг харвал өмнөх жилүүдтэй харьцуулахад маш сайн үр дүн гарч байгаа. Биржээр эрчим хүчний нүүрсээ борлуулж байгаа.

БЭТ хуулийн хугацаатай, дөрөвдүгээр сарын 26нд хуулийн хугацаа дуусна. Компанийн засаглалыг сайжруулах тал дээр хэд хэдэн хувилбар яригдаж байгаа. БЭТийг хуулиараа нэг удаа сунгах боломжтой гэж ойлгож байгаа, гэхдээ УИХ-аар шийдэх юм билээ. Өр төлбөрийн хувьд 2022 оны санхүүгийн тайлангаар 3.9 их наяд төгрөгийн хуримтлагдсан өр төлбөр бий болсон байгаа. Үүний ихэнх дүн нь урьдчилж нүүрс борлуулсантай холбоотой дүн нэмэгдэж байгаа. Нэгдлийн дүрмийн өөрчлөлтөөр бол компани санхүүгийн нэгдсэн удирдлагын тогтолцоогоор ажиллана гэдэг тодорхой заалт орсон, бид үүнийг хэрэгжүүлж ажиллана. Нэгдлийн компаниудын хувьд санхүүгийн нэгдсэн тогтолцоо, удирдлага хэрэгжинэ, ганц Эрдэнэс Тавантолгой ч биш, толгой компани, нэгдлийн компаниуд дээр хуримтлагдсан өр төлбөр нэлээд бий болсон. Нэгдлийн санхүүгийн үзүүлэлтийг сайжруулахын тулд өр төлбөрийн асуудалд нэгдсэн бодлогоор зөв шийдвэрлээд явах ёстой, төлөвлөгөө ч хийгдэж байгаа.

-Эрдэнэс Тавантолгой компанийн хувьд Монгол улсын иргэд хувьцаа эзэмшдэг онцлогтой. Нэг удаа л ногдол ашиг тараасан. Цаашдаа иргэдийн 1072 хувьцааг амилуулах, эдийн засгийн эргэлтэд оруулах тал дээр ямар бодлого баримталж байна вэ?

-Зарчмын хувьд компанийн хувьцаа эзэмшлийн асуудал бол компанийн засаглал, бизнесийн зарчмаар хөрөнгө оруулж хувьцааг худалдаж авах, хувьцааг нэмж гаргах шийдвэр бол компанийн өөрийнх нь бизнесийн зарчмаар явах ёстой асуудал юм. Ер нь 1072 хувьцаа ЭТТ компанийн 14 хувийг эзэлдэг. Цаашдаа дүрмийн өөрчлөлт болон Засгийн газрын барьж байгаа бодлого, хувьцаа эзэмшигч бизнесийн болон засаглалын үйл ажиллагааг зааг ялгааны хувьд нэлээн тодорхой болгох юм. Харин өдөр тутмын үйл ажиллагаа, бизнесийн шийдвэрт Засгийн газраас шууд оролцдогыг больё, төлөөллөөрөө дамжуулаад үйл ажиллагаа, үр дүнд хамтын хариуцлага тооцдог тогтолцоонд шилжиж, илүү бизнесийн зарчимруу нь оруулъя гэдэг бодлогыг гарган, компанийн дүрэмд өөрчлөлт оруулсан. Хувьцааны хувьд нэгдлийн компаниуд бүгд үр ашигтай ажиллаж, ногдол ашиг өгөх ёстой.

Иргэддээ ноогддог ногдол ашгаа өгөөд л явна. Баялгийн сангийн хууль хэлэлцэгдэх гээд жагсаалтад орсон байгаа, энэ хуулиар нэлээн тодорхой болох байх. Өөрөөр хэлбэл, ард иргэдэд уул уурхайн салбарын ашигт малтмалаас хүртэх ашиг заавал төрийн компанийн ногдол ашиг хэлбэрээр өгөх нь зөв юм уу, эсвэл төр хувийн хэвшлээс үл хамаараад ашигт малтмалаас орж байгаа орлогоос иргэд шууд хүртдэг байх уу гэдэг асуудал нэг талдаа шийдэгдэх байх. Тийм шийдэлд хүрвэл ард иргэдэд илүү үр өгөөжтэй болно. Төрийн ч бай, хувийн ч бай компаниуд ашигтай ч бай, ашиггүй ч бай газрын хэвлийд байгаа эрдэс баялгийг ашигласан л бол үндсэн хуульд заасан “ард түмний өмч” гэдэг утгаараа шууд үр ашгийг нь хүртдэг тогтолцоонд орвол илүү сайн шүү дээ. Тиймээс компани зах зээлийн нөхцлөөс хамаараад заримдаа ашигтай, заримдаа ашиггүй ажиллана. Цаашдаа нэгдлийн компаниуд бүгд ашигтай ажиллана, нэгэнт шийдвэр гараад хувьцаа эзэмшиж буй тул ногдол ашиг хууль ёсоор байнга тараагдана.