Үл хөдлөхийн үнэ тогтворжиж байна

Нийгэм, Эдийн засаг

   СУРВАЛЖЛАГА

   Цалингаа хуримтлуулаад орон сууц авах эсвэл сарын цалингаараа байр түрээслэх нь залуучуудын хувьд мөрөөдөл гэхэд буруудахгүй. Орох оронтой болохын тулд олон залуус гадагшаагаа "дүрвэх" болсон. Ялангуяа сүүлийн жилүүдэд шинэ, хуучин гэлтгүй орон сууцны үнэ огцом өсөлт үзүүлсэн нь иргэдийн худалдан авах чадварт сөргөөр нөлөөлсөн.  Хил гаалийн түгжрэл, ам.долларын ханшийн зөрүүнээс болж барилгын материал хомсдсон тул үл хөдлөхийн үнийг хөөрөгдөж байсан юм. Гэхдээ энэхүү хөөс эргээд хагарч эхэлжээ. Энэ нь арилжааны банкууд ипотекийн зээл гаргахаа багасгасантай холбоотой юм.  Ипотекийн зээл хумигдаж, эрэлт буурснаар үл хөдлөх хөрөнгийн үнэ тогтворжиж эхэлсэн байна.

Шинэ байрны үнэ өссөн үзүүлэлттэй байгаа ч байршлаасаа шалтгаалан зарим газар үнэ тогтворжжээ.  Жишээлбэл, 2022 оны долдугаар сард метр/ квадрат нь 3.2-3.5 сая гэж байсан Хан-Уулд байршилтай “Хос даль апартмент”-ийн үнэ аравдугаар сард мөн дээрх үнээрээ зарагдаж байв. Тэгвэл "Төгс хотхон"-ы 4,5,6-р ээлжийн м.кв нь 1.8-2.6 сая байсан үнийн дүнд өөрчлөлт ороогүй гэв.  Баянзүрх дүүрэгт байрлах “National Park town”-ийн м.кв-ийн үнэ наймдугаар сард 3.5-3.8 сая төгрөг байсан бол аравдугаар сарын сүүлийн мэдээллээр 4.0-4.3 сая болж, бага зэрэг өсчээ.

Барилгын материалын үнэ ес, аравдугаар сард өөрчлөгдөөгүй гэв. Есдүгээр сард нэг ширхэг нь 450 төгрөг байсан дотор өрлөгийн тоосго яг хуучин үнээрээ одоо зарагдаж байна. Тэгвэл А500С маркийн нэг тонн арматур мөн л хуучин үнээрээ буюу 2.9-2.950 сая төгрөг байх аж. Материалын үнэ тогтвортой байвал эргээд байрны үнэ ч тогтвортой байх биз.

Бас нэгэн байртай холбоотой мэдээлэл байгаа нь ипотекийн зээл. Ипотекийн зээлийн эргэн төлөлтийн талаар Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн ярихдаа "Анх шийдвэр гарснаас хойш 31 сар өнгөрөөд байна. Анх шийдвэр гаргахдаа төлөх нь төлж байж болно гэсэн. Төлөхгүй нь хойшлуулж болно гэсэн. Анх шийдвэр гарахад 20 орчим хувь нь төлөлтөө хойшлуулж байсан бол өдгөө энэ нь 50 орчим хувьд хүрлээ. Хоёрдугаарт, ипотекийн хөтөлбөр эхний санхүүжилтээрээ дараагийнхаа санхүүжүүлэх эргэлтийн сангийн маягтай. Одоо төлбөр орж ирвэл дараагийн эх үүсвэр болно. Энэ утгаараа энэ жил бага байна гэдэг нь төлбөр орж ирэхгүй байна гэсэн үг. Өнөөдрийн гаргаж буй эх үүсвэрийн 80 хувийг нь Монголбанк, 20 хувийг нь банк гаргаж байна. Монголбанк өөр дээрээ өргөдөл аваад шийддэггүй. Банкууд шийдээд явдаг. Хөнгөлөлттэй санхүүжилтээр ая тухтай орон сууцанд амьдрах нөхцөл бүрдүүлж байгаа нь төрийн бодлого" гэжээ. Тэгэхээр ирэх онд ипотекийн зээлийн эргэн төлөлт сайн байх тусам бусдын байртай болох боломж нэмэгдэхээр байна.

Сүүлийн 4-5 жилийн хугацаанд бараг 400 орчим тэрбум төгрөг ипотекийн зээлэн дээр эргэлдэж, 100 мянга гаруй иргэн орон сууцандаа орсон. Цаана нь 240 гаруй мянган иргэнийн эрэлт , хэрэгцээ хүлээж буй.

Хуучин байрны м.кв-ийн үнэ байршлаасаа хамаарч харилцан адилгүй байна. Ботаникт 50.6 м.кв хоёр өрөө байрыг 131 сая төгрөгөөр үнэлсэн байх бол Москва хороололд 70 м.кв гурван өрөө байрыг 158 сая төгрөгөөр, “Модны хоёр”-т 42 м.кв хоёр өрөө байрыг 120 сая төгрөгөөр тус тус үнэлжээ. Өөрөөр хэлбэл, ашиглалтад ороод удсан, хуучин байрны м.кв нь 2.2-2.8 сая төгрөг байна. Гэхдээ өнгөрсөн зунтай харьцуулахад үнийн дүнд өөрчлөлт бараг ороогүйг орон сууц зуучлагчид хэлж байна.

Намар дуусч, өвлийн улирал эхэлж байгаа учир түрээсийн байрны үнэ ч тогтворжив. Наймдугаар сарын сүүл, есдүгээр сарын эхээр хөдөөгийн оюутнууд хотод ирэх дөхөхөөр түрээсийн байрны үнэ хөөсөрдөг. Өнөөдөр л гэхэд “21 дүгээр хороололд хоёр өрөө байр 480 мянган төгрөгөөр түрээслэнэ” гэх зар тавьжээ. Гэтэл наймдугаар сард 21 дүгээр хороололд нэг өрөө байр сарын 600 мянган төгрөгөөр түрээслүүлнэ гэж байв. Амгалан, Жуков, Таван шар, Драгон хавиар хамгийн хямд буюу сарын түрээс нь 380-530 мянган төгрөг гэнэ. Тэгвэл хотын А бүсэд орших томоохон хороололд түрээсийн нэг өрөө 1-1.9 сая төгрөгийн хооронд хэлбэлзэж байна.

Ийнхүү нэг үеэ бодвол үл хөдлөхийн үнэ тогтворжиж байна. Он гараад иргэд ипотекийн зээлээ төлнө. Энэ үед найдваргүй зээлийн тоо нэмэгдэж болзошгүй гэсэн болгоомжлол арилжааны банкныхан болон эдийн засагчдын дунд байна.