ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН САНТАЙ ГЭРЭЭ ХИЙЖ ТӨР ХУВИЙН ХЭВШЛИЙН 159 ЭМНЭЛГИЙГ САНХҮҮЖҮҮЛНЭ

Улс төр

 Монгол улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн дагуу хүн амын нас хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, үзлэг, шинжилгээ, оношилгоог энэ оны тавдугаар сарын 01-ний өдрөөс эхлүүлсэн. Тэгвэлөн есдүгээр сарын 15-ны өдрийн байдлаар урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд улсын хэмжээнд 320,795 хүн хамрагдсанаас 142,465 буюу 44.4 хувь нь эрэгтэйчүүд, 178,330 буюу 55.6 хувь нь эмэгтэйчүүд байгаа юм. Хүүхдэд бүртгэгдсэн өвчлөлийн сэжигтэй тохиолдлоос хорт хавдарын 62 тохиолдол бүртгэгдсэнээс 0-5 насны хүүхдүүдэд 17, 6-17 насны хүүхдүүдэд 45 сэжигтэй тохиолдол тус тус бүртгэгдсэн.

Харин 31-45 насныханы дунд ходоодны өмөн 38.5 хувь, хөхний өмөн 19.2 хувь, элэг ба элгэн дэх цөсний сувгийн өмөн 15.4 хувийг эзэлж байна. 46-60 насны ангилалд элэг ба элгэн дэх цөсний өмөн 27.9 хувь, ходоодны өмөн 26.5 хувь, хөхний өмөн 8.8 хувийг эзэлжээ. Харин 61-ээс дээш насны ангилалд ангилалд хорт хавдрын 92 сэжигтэй тохиолдол бүртгэгдэж элэг ба элгэн дэх цөсний сувгийн өмөн 38.0 хувь, ходоодны өмөн 31.5 хувь, улаан хоолойн өмөн 9.8 хувийг эзэлж байна. Дээрх тохиолдлыг тоо цаашид өсөн нэмэгдэх хандлагатай байна. Гэвч хавдрын төрөлжсөн мэргэшлийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч Хавдар судлалын үндэсний төвийн оношилгоо, эмчилгээний хүлээгдэл сүүлийн саруудад 30 ба түүнээс дээш хоногийн хүлээгдэлтэй байна.
Иймд хавдарын тусламж, үйлчилгээний төвлөрлийг сааруулах үйл ажиллагааг эрчимжүүлж чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүдэд хавдрын тусламж, үйлчилгээний иж бүрэн тоног төхөөрөмжийг гардуулж байна. Үүнд: 400 сая төгрөгийн үнэ бүхий Хавдрын мэс заслын иж бүрэн тоног төхөөрөмж, 34 саяын үнэ бүхий эхоны аппарат, 350 саяын үнэ бүхий баллонтой дуран, 36 сая төгрөгийн үнэ бүхий уушгины дуран, 500 сая төгрөгийн үнэ бүхий чих хамар хоолойн микрескоп, 850 сая төгрөгийн мэдрэлийн мэс заслын микроскопи, 400 сая төгрөгийн мэдрэлийн мэс заслын багажийг тус тус гардуулж байна.

Түүнчлэн хавдрын тусламж, үйлчилгээ, хөнгөвчлөх эмчилгээ  үзүүлэх боломжийг санхүүжилтийн асуудлыг ЭМДҮЗ-ийн тогтоолд тусган шийдвэрлэж  өчигдрөөс Улаанбаатар хотод ба орон нутагт  төр хувийн хэвшлийн 159 эмнэлэгт эрх олгож Эрүүл мэндийн даатгалын сантай гэрээ хийж санхүүжүүлэхээр боллоо. Ингэснээр хавдрын мэс засал, хими эмчилгээ, хөнгөвчлөх эмчилгээний  хүлээгдэл буурч, тусламж, үйлчилгээний чанар нэмэгдэх болно. Мөн тодорхой хэмжээнд УБ хотын түгжрэлд ч эерэгээр нөлөөлөх болно гэж үзэж байна. Орон нутагт зарим хавдрын мэс заслыг төрөлжсөн мэргэшдийн эмнэлгүүдийн дэмжлэгтэй үе шаттай нутагшуулж байна.