МОАХ ГИШҮҮДДЭЭ МОНГОЛ УЛСЫН БААТАР ЦОЛНЫ ДУРСГАЛЫН БАТЛАМЖ ГАРДУУЛНА

Улс төр

МоАХ өнөөдөр есдүгээр  сарын 23-ны өдөр “Улаанбаатар Палас”-ын Их танхимд Нийслэлийн есөн дүүргийн гурван мянга гаруй гишүүндээ Монгол Улсын баатар цолны дурсгалын батламж гардуулна.

МоАХ-ноос шинэ цаг үеийг түүчээлэн нийгмийн шилжилтийн хүнд үеийг даван туулж, ардчиллын үнэ цэн, үр шимийг нь үр хойч, ирээдүй залуу үедээ өвлүүлэхийн төлөө тэмцэж ирсэн гишүүн бүр Ардчилсан хувьсгалын түүхэн ялалтын алдар гавьяаг хүртэх бүрэн эрхтэй хэмээн үзэж, Монгол Улсын баатар цолны дурсгалын батламжийг нийт гишүүддээ гардуулан хадгалуулах ажлыг өнгөрсөн оноос аймаг, сум бүрт шат дараатайгаар зохион байгуулж эхэлсэн юм.

XX зуунд Монголчууд гурван томоохон хувьсгалт өөрчлөлтийг туулж үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнол, нийгэм, улс төр, эдийн засгийн харилцаагаа бататган бэхжүүлсээр ирсэн билээ. Цагаан морин жилийн хувьсгал буюу 1980-аад оны сүүлээр өрнөх болсон өөрчлөлт шинэчлэлийн давалгаа 1990 онд Монголын мянга, мянган залуусыг эгнээндээ нэгтгэн, дэвшилтэт өөрчлөлт, шинэчлэлтийг шаардсан цоо шинэ дуу хоолой болон түгж, олон ургалч үзэл санааг уралдуулан энх тайванч замаар Ардчилсан хувьсгалийг өрнүүлэн шударга ёс, хүний эрх, эрх чөлөө, сэргээн тунхагласан түүхтэй.

 Монголын залуусын өрнүүлсэн Ардчилсан хувьсгалын үр дүнд нийгмийн амьдралын бүхий л хүрээг хамарсан хувьсгалт өөрчлөлт, шинэчлэлт, шилжилтийн үйл явц эхэлсэн. Нэг намын дарангуйллыг халж, ард түмний гарт эрх чөлөө, үүрэг хариуцлага, хувь заяаг нь хамтад нь атгуулсан юм. Коммунист дэглэмийн хэлмэгдүүлэлтэд өртсөн хэлмэгдэгсдийг цагаатгаж, үндэсний үзэл санаа, соёл уламжлалыг сэргээж, санагалзах эрхгүй байсан эх түүхээ сэргээн шинээр харж, тунгаах эрхтэй болсон билээ. Хувийн өмчийг зөвшөөрч, зах зээлийн чөлөөт харилцааг хөгжүүлэн, Монгол улс даяаршсан дэлхий ертөнцийн нэг хэсэг болсноор аль ч улс оронд зорчих, ажиллаж амьдрах, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг тунхаглан, хөдөлмөрийн мөлжлөггүй шударга хөдөлмөрлөх эрхийг баталгаажуулсан юм.

Энэ бүх нийгмийн өөрчлөлт, шинэчлэлийг шаардан тэмцсэн “Шинэ дэвшилт холбоо”, “Ардчилсан социалист хөдөлгөөн”, “Оюутны холбоо” зэрэг хөдөлгөөнүүдийг нэгтгэн манлайлж зохион байгуулсан ууган төрийн бус байгууллага Монголын Ардчилсан холбоог 2021 оны зургадугаар сарын 24-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Баатар цолоор шагнасан юм.