Н.Одончимэг: Айраг, цагаан идээ болон бусад шаардлагатай хүнсний бүтээгдэхүүнд химийн шинжилгээ хийнэ

Бусад

Баяр наадмаар иргэдийн хамгийн анхаарах зүйл бол эрүүл хоол хүнс байдаг. Үүнд  Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас байнга хяналт шалгалт хийж, аль болох иргэдээ ариун цэвэр, эрүүл  ахуйн тал дээр аюулгүй байлгахыг анхаарч ажиллаж ирсэн билээ. Иимд дээрх асуудалд хэрхэн арга хэмжээ авч ажиллах талаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын хэлтсийн улсын  ахлах байцаагч Н.Одончимэгээс тодруулсан юм.

- Үндэсний их баяр наадам маань ойртсоор л байна. Та бүхний ажил энэ өдрүүдэд урьдынхаас илүү өрнөдөг шүү дээ?

- Тиймээ, баяр наадамтай холбогдуулан Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар болон Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас ажлын төлөвлөгөө гараад явж байна. Энэ хүрээнд зохион байгуулалтын бэлтгэл ажлууд ч хийгдэж байгаа. Бид байнгын хяналт тавьж бэлэн байдалд 24 цагаар ажилладаг. Үүнд: нэгдүгээрт Мэргэжлийн хяналтын  Ерөнхий газраас баталсан 01,03 урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын удирдамжийн хүрээнд дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтсүүд хүнсний худалдаа үйлдвэр үйлчилгээний газрууд дээр урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж эхлээд байгаа. Хоёрдугаарт: Ес хоног буюу урьдынхаас олон хоног амарна. Тийм учраас эдгээр өдрүүдэд ажиллах, ерөнхий жижүүр, хариуцлагатай жижүүр лаборторийн бэлэн байдлыг хангах мөн болзошгүй аюул осол, хөдөлмөрийн аюулгүй байдал, хоол хүнстэй холбоотой хоолны хордлого халдварын үед дуудагдаж ажиллах байцаагч нарын хуваарийг батлуулсан. Өглөө 07:30 минутаас орой наадам таран тартал ажиллана. Хоорондоо харилцаа холбоогоороо бүх жижүүр болон ерөнхий жижүүр мэдээллүүдээ танилцуулаад явах юм.

 

 -Баяр наадмын өдрүүдэд хэдэн байцаагч ажиллах вэ?

-Хүй долоон худаг, төв цэнгэлдэх хүрээлэн дээр нь баярын үеэр хүмүүсийн цуглардаг Сүхбаатарын талбай, Үндэсний соёл амралтын хүрээлэн, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн зэрэг газруудаар 11,12-ний өдрүүдэд хяналт шалгалт хийгддэг. Хуваарийн дагуу нийтдээ 160 гаруй улсын байцаагч, албан хаагч нар ажиллана.   Тийм учраас эдгээр төлөвлөгөөний дагуу ажлууд хийгдэнэ гэсэн үг. Хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ ерөнхийдөө төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худаг дээр төвлөрч байгаа. Зохион байгуулалтын асуудлыг Нийслэлийн ЗДТГ-ын Захирагчийн ажлын алба хариуцна. Өмсөх хувцасны хувьд зохион байгуулалттайгаар удирдамжийн дагуу газруудад чиг үүрэг өгч байгаа юм билээ. Асрын хэмжээ хоёр янзын байхаар Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас баталсан.

 -Ялангуяа хоол хүнс эрхлэгчид юуг голчлон анхаарах ёстой вэ?

-Юуны түрүүнд нэгдүгээрт: түүхий эд бүтээгдэхүүнийхээ сонголтон дээр ялангуяа мах махан бүтээгдэхүүний чанар аюулгүй байдал, гарал үүсэлд маш сайн анхаарах ёстой, хоёрдугаарт: ундны усны сонголт, ихэнх цэгүүд зөөврийн байдлаар усаа зөөдөг. Гэвч  савласан ус  ашиглах нь хамгийн баталгаатай. Гуравдугаарт: нэг удаагийн зориулалтын хоолны хэрэгслээ цуглуулах хогийн савтай, түүндээ гар хүрэхгүй байх нь зүйтэй. Мэдээж тухайн үед хог хаягдал ачих машинууд төлөвлөгөө, цагийн хуваарийн дагуу явж байгаа. Энэ дагуу хог хаягдана. Мөн хуушуурынхаа тосыг зориулалтын саванд хийгээд талбайгаас зайлуулах хэрэгтэй. Дээр нь халдвар хамгаалал, цэвэрлэгээний асуудал  яригдана. Үйлчлүүлэгчид болон ажиллагсдынхаа гарын ариун цэвэр,  гар халдваргүйжүүлэлт шингэнээр хангана. Мөн бусад хоол үйлдвэрлэлд шаардлагатай багаж хэрэгсэл нэмэлт зүйлүүдээ хангалттай бэлдэх ёстой.

- Цаашилбал, шинжилгээ лаборторийн хувьд ямар арга хэмжээнүүдийг авах вэ?

-Энэ тухайд явуулын лабортори ажиллана. Үүнд айраг, цагаан идээ болон бусад шаардлагатай хүнсний бүтээгдэхүүнд газар дээр нь химийн шинжилгээ хийнэ.Харин махны хувьд  мах махан бүтээгдэхүүн хамрах хүрээгээрээ Нийслэлийн Мал эмнэлгийн газрын ариун цэврийн лаборторид хийгдэж байгаа учраас Хүй долоон худаг, төв цэнгэлдэх хүрээлэнд  мал эмнэлгийнхээ лаборторийг ажиллуулна гэсэн үг.  Үүн дээр Мэргэжлийн хяналтын газар, мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч, лаборторийн шинжилгээн дээр нийслэлийн мал эмнэлгийн ариун цэврийн лабортори хяналт тавих үүрэгтэй.  Ингээд иргэддээ  хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ явуулж байгаа хуулийн этгээд, иргэн, дээр нь Мэргэжлийн хяналтын газар болон бусад байгууллагуудын хамтын хүчээр баяр наадмаа  сайхан тэмдэглэн өнгөрүүлэх байх аа гэж бодож байна.