Дэлхийн хамгийн царай муутай нохой

Бусад

АНУ-ын Калифорниад болсон 2022 оны Дэлхийн хамгийн царай муутай нохой шалгаруулах тэмцээний ялагчаар Happy Face буюу Аз жаргалтай царайт хэмээх нэртэй, үсгүй чихуахуан эрлийз нохой шалгарч 1500 ам.долларын шагналыг авсан байна.  Энэхүү тэмцээн нь 1970-аад оноос хойш зохион байгуулагдаж байна.

Жаргалтай царайтын эзэн Жанеда Банелли нохой нь энэ цолыг хүртсэн нь нэр төрийн хэрэг хэмээн онцолжээ. Өмнөх оны наймдугаар сард түүнийг нохойн асрамжийн газраас үрчилж авчээ.

Түүнийг анх авахад насан туршдаа эм хэрэглэсэн, хөгшин нохой байсан тул түүнд ердөө нэг сар л амьдрах хугацаа үлдсэн хэмээж байсан ч түүнээс хойш бараг арван сар амьдарч байна.  Тэр  хавдар болон олон өвчнөөр шаналж байжээ.

Эзэн Банелли хэрэв түүнийг гэртээ авчирвал ямар бэрхшээл тулгарахыг мэдэж байсан ч чадах чинээгээрээ хайрлахаар шийдсэн нь энэ аж.

Банелли  "Тэр бол миний уулзаж байсан хамгийн аз жаргалтай амьтан байсан. Тиймдээ ч би түүний жаргалтай царайт гэж нэрлэсэн. Үрчилж авдаг өдөр түүний үлдсэн амьдралд нь маш их хайрыг мэдрүүлж, өмнөх амьдрал нь ямар аймшигтай байсныг хэзээ ч санахгүй болтол нь хайрлая гэж бодсон” гэжээ.