БОАЖЯ-НЫ ХАМТАРСАН АЖЛЫН ХЭСЭГ ЗАЙСАНГИЙН АМАНД АЖИЛЛАВ

Улс төр

✅Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд орших 11 дүгээр хорооны иргэдээс Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд газрын асуудалтай холбоотой санал гомдлыг ирүүлээд байсан юм. Иргэдээс ирсэн энэхүү санал, гомдлын дагуу газрын асуудлыг шалгах ажлын хэсгийг 12 хүний бүрэлдэхүүнтэй БОАЖЯ-наас байгуулан ажлаа эхлүүлээд байна. 

 

✅Иргэдийн төлөөлөл, ХУД-ийн 11-р хорооны Засаг дарга, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, БОАЖЯ-ны мэргэжилтнээс бүрдсэн уг ажлын хэсэг өнөөдөр ХУД-ийн 11-р хорооны нутаг дэвсгэрт иргэдийн төлөөллийн хамт газар дээр нь очиж ажиллав. 

 

✅Иргэдийн ярьж буйгаар тус бүс орчимд буюу Зайсангийн газрын асуудлын тухайд, хотын байрлал сайтай бүсэд хамаарагддаг учир олон жил амьдарсан иргэдийн газрыг албан байгууллагууд авах, эзэмшил давхардах зөрчил хамгийн их гардаг гэж ажлын хэсгийн бүрэлдэхүүнд учирлаж байв. Мөн олон жил яригдаж байгаа энэхүү газрын маргаан иргэдийн талд бус томоохон аж ахуй нэгжийн талд шийдэгдсээр өнөөг хүрч, амьдарч буй газраа алдахад хүрээд байна гэв.

 

✅Тиймээс тус бүс хэсэгт амьдарч буй иргэдийн газрын асуудалтай холбоотой эрх ашгийг хамгаалах чиглэлээр Зайсан орчимд амьдарч буй иргэдийн оршин суусан хугацаа, газрын байрлал, кадастрын мэдээллийг нэг бүрчлэн дахин шалгаж, тулгахаар боллоо.