Мөрөөдлийн Монгол гэр

Бусад

Монгол гэр Америкчуудын хувьд хэдийн танил, тухтай, загварлаг байдлаараа танигдаад удаж байгаа билээ. Тэгвэл Америкийн нэгэн гэр бүл найз нөхдийнхөө хамтаар Монгол гэрийн гадна доторхыг өөрсдийн санаачлагаар өөрчилж тансаг Гэр хаустай болжээ. Ингээд энэ дугаарынхаа арын нүүрэнд Закын гэр бүлийг онцолж байна.

Зак Бот (Zach Both), Никол Лопез (Nicole Lopez) гэх залуу хосууд "Гэрээ өөрсдөө барьцгаая" нэртэй интернет хуудаснаас мэдээлэл цуглуулж, хүмүүсийн санал зөвлөгөөг уншин судалжээ. Закын хувьд энэхүү интернет хуудас маш сайн зөвлөгч болсон гэнэ. Анх тэрбээр Ллойд Кан (Lloyd Kahn)-ы "Shelter" нэртэй номоос санаагаа авчээ. Энэхүү номонд төв Азиас гаралтай гэр хэмээх сууцын талаар маш дэлгэрэнгүй өгүүлсэн байдаг. 

Тэд гэрийнхээ суурийг гаргахад гурван долоо хоног, барихдаа дөрөв хоног зарцуулсан байна. Харин дотоод заслаа хэрхэн хийхээс хамаарч хугацаа нь өөр өөр байсан бөгөөд тэдний хувьд нэг сар орчмын хугацааг зарцуулжээ. 

Закын гэр 67 метр квадрат орчим талбайтай бөгөөд нэмэлт унтлагын өрөө нь 19 метр квадрат болсон байна. "Гэрийнхээ загварыг харахад амархан байсан ч өөрсдийн гараар барих үед нэлээд хэцүү санагдсан. Гэсэн хэдий ч алх, хадаас ч барьж үзээгүй хэдэн найзуудын хамтаар амралтын өдрүүдэд шаргуу ажилласны эцэст бид хүссэн үр дүндээ хүрч чадсан. Бас бүгд багагүй туршлага хуримтлуулсан. Николь бид хоёр сантехник, цахилгааны утас зэргээс авахуулаад ханаа угсрах, модон шал суурилуулах зэрэг бүх л ажлуудад өөрсдөө оролцсон."

Тэдний шинэ гэр Портлэнд хотоос 20 минутын зайд байрладаг бөгөөд "Гэр барихад газрын хөрс өндөрлөг, тэгшхэн, хатуу байх ёстой. Харин манай газар нам дор, зөөлөн хөрстэй байсан тул эхлээд гэрийнхээ шалыг тогтоох суурь цутгах шаардлагатай болсон. Ингээд бид жижиг экскаватороор 45 см диаметртэй, нэг метр орчим гүн 12 ширхэг нүх ухаж суурь гадас байрлуулсан. Доошлох тусам маш их шавартай болж ажлын явц удааширч багадаа л гэхэд 10 цаг зарцуулсан. Үүний дараа нийт 120 кг цементийг гар аргаар зуурч сууриа цутгасан. Энэ ажилд аавын минь оролцоо их байсан" хэмээн Зак ярьжээ. 

Дээвэр хэсгийн хамгийн эхний давхарга бол даавуун давхарга. Дараа нь шороо тоосноос хамгаалах давхарга тавьдаг. Ингээд хамгийн сүүлд нь хулдаасан буюу ус нэвтрүүлдэггүй 90 орчим килограмм жинтэй  зузаан давхарга тавьдаг. Шалны сууриа тавьж дууссаны дараагаар Николь шалаа дэвсэж эхэлсэн. Ер нь бол гэрээ барихдаа  шалаа дэвсэж дууссаны дараагаар гэрийн бусад хэсгүүдээ угсрах хэрэгтэй байсан гэнэ.

Гэр дотроо бид угаалгын өрөө гаргасан. Харин дээд давхрыг нь унтлагын өрөө болгохоор шийдсэн. Анх гэрийнхээ загварыг гаргахдаа маш тодорхой гаргасан тул орчин үеийн бас өвөрмөц зохион байгуулалттай болсон. Гэр нь байшинтай харьцуулахад дулаан их алддаг учир тав тухтай, дулаан байлгах нь галладаг зуухнаас ихээхэн шалтгаална. Энэхүү гэрийг барихад Зак цалингаасаа хуримтлуулсан 65 мянган доллароо бүгдийг зарцуулсан гэнэ. Гэр нь өөрөө 31 мянга, харин суурь нь 10 мянган доллар болсон байна. Харин үлдэгдэл зардал нь дотоод засалд зарцуулагджээ.

Харин Зак хүн бүрийн сонголт, санхүүгийн байдал өөр өөр учраас энэхүү гэрийг 65 мянган доллароос ч хямд үнээр барих боломжтой гэжээ. Закын гэрийн хамгийн гоё хэсэг нь янз бүрийн гоёмсог цэцэгсээр дүүрэн унтлагын өрөө гэнэ.