Монгол Улсын өрийг 3.5 тэрбум ам. доллараар нэмэгдүүлэх шийдвэрийг хууль зөрчүүлэн гаргуулахгүй гэдгээ хэлчихье

Улс төр

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар: Монгол Улсын өрийг 3.5 тэрбум ам. доллараар нэмэгдүүлэх шийдвэрийг хууль зөрчүүлэн гаргуулахгүй гэдгээ хэлчихье

2.8 тэрбум ам.доллараар баригдах 49.4 км урттай LRT буюу хөнгөн галт тэрэгний төсөлд Засгийн газрын баталгаа хүссэн тогтоол УИХ дээр хэл ам дагуулав. 1 км нь 56.7 сая буюу бараг 60 сая доллараар баригдах төсөл юм байна.

Тогтоол нь хуулийн зөрчилтэй байгаа учир ТБХ-оор хэлэлцүүлээгүй юм.
Эхнийх нь “Төсвийн тогтвортой байдлын тухай” хуульд заасан Засгийн газрын өр 2022 онд ДНБ-ий 70 %, 2023 онд 64%, 2024 онд 60%-ийг давж болохгүй гэдэг заалт зөрчигдсөн. Учир нь баталгаа, зээл хоёр яг адилхан Засгийн Газрын өрд тооцогддог.

Бас дөнгөж байгуулж буй, регистрийн дугаараа ч аваагүй байгаа компанид Засгийн Газрын баталгаа гаргаж өгөх гэж буй нь Өрийн удирдлагын тухай хуулийн хэд хэдэн заалтыг зөрчиж байгаа юм.
Би Монгол Улсын хуулийг хүндэтгэн ажиллаж, үүнийг сахиулах ёстой. Их мөнгөний үнэр авсан хүн чичирч дайрлаа гээд үүнийг хууль зөрчүүлэн хэлэлцүүлж чадахгүй. Монгол улсын өрийг 3.5 тэрбум ам доллараар нэмэгдүүлэх шийдвэрийг хууль зөрчүүлэн гаргуулахгүй гэдгээ хэлчихье гэжээ.