Шадар сайд С.Амарсайханд хандан байгалийн хийн хоолойг Монголын нутгаар дамжуулах төслийн явцын талаар асуулга тавьжээ

Улс төр

УИХ-ын гишүүн Н.Ганибал Шадар сайд С.Амарсайханд хандан, хойд, өмнөд хоёр хөршийг холбох байгалийн хийн хоолойг Монголын нутгаар дамжуулах төслийн  явцын талаар асуулга тавьжээ. Тэрээр асуулгадаа:

Оросын Холбооны Улсаас Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан Бүгд Найрамдах Хятад Ард Улстай холбох байгалийн хийн хоолой байгуулах  боломжийг судлах харилцан ойлголцлын санамж бичигт 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Монгол Улсын Засгийн газар болон ОХУ-ын «Газпром» НХН гарын үсэг зурсан. 2020 оны хоёрдугаар саpын 18-нд ажлын хэсэг байгуулснаа мэдэгджээ.

Монгол Улс байгалийн хий дамжуулах хоолойг нутгаараа дамжуулах нь эдийн засаг, гадаад харилцаанд ашигтай эсэх, давуу  болон сул тал, эрсдэлийг сайтар тооцоолж, өнөө үе, өнө хойчдоо үр өгөөжтэй байх хариуцлагатай шийдвэр гаргах цаг үе тулгарлаа.” гэжээ.

Иймд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.13, Монгол Улсын Их Хурлын Хяналт, шалгалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт  заасныг тус тус үндэслэн, Танд дараах асуулгыг тавьж байна. Үүнд:

  1. ОХУ-БНХАУ-ын хооронд байгалийн хийн хоолойг Монголын нутаг дэвсгэрээр дамжуулах талаар тодорхой гэрээ, хэлэлцээ эцэслэн хийгдсэн эсэх талаар;
  2. Монгол, ОХУ, БНХАУ-ын төсөл хэрэгжүүлэгч байгууллагууд сонгогдсон эсэх, тэдгээрийн холбогдох мэдээллийн талаар;
  3. Монголоор дамжин өнгөрөх байгалийн хийн хоолойн ТЭЗҮ хийгдсэн эсэх талаар;
  4. Хийн хоолойгоор жилд хэчнээн хэмжээний хий дамжуулах, түүний төлбөрийг хэрхэн тооцох талаар;
  5. Байгалийн хийн хоолой Монголын нутаг дэвсгэр дээр нийт хэдэн хавтгай дөрвөлжин километр талбайг хамрах талаар;
  6. Төсөл хэрэгжиж эхэлбэл хоолойн хамгаалалтыг төсөлд оролцогч талуудын аль нь хэрхэн хариуцах талаар;
  7. Монгол Улс тус хийн хоолойн завсрын хэрэглэгч болбол жилд хэдий хэмжээний хий худалдаж авахаар төлөвлөж буй талаар;
  8. Байгалийн хийн хоолойг дагаж баригдах дотоодын хэрэгцээнд нийлүүлэх хоолой, дэд бүтцийн бүтээн байгуулалтын зардлын тооцоо, тэдгээрийг хаанаас, хэрхэн санхүүжүүлэх, цаашид аль талын өмчлөл, эзэмшилд үлдэх, Монголд өгөх өгөөж зэргийн талаар тус тус дэлгэрэнгүй мэдээллийг бэлтгэн ирүүлнэ үү.

Асуулгын хариуг Монгол Улсын Их Хурлын Хяналт, шалгалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасан хугацаанд бичгээр ирүүлэхийг Танаас хүсье. Мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.4-т заасны дагуу Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэх болно гэжээ.