Тайванийн “Ерөнхийлөгчийн цомын төлөөх хакатон” уралдаанд оролцохыг урьж байна.

Улс төр
Тайваний Ерөнхийлөгчийн Тамгын газраас 2022 онд зохион байгуулах “Ерөнхийлөгчийн цомын төлөөх хакатон” уралдааныг 2022 оны 4-р сарын 18-аас 2022 оны 5-р сарын 23-ны өдрийн хооронд гадаад, дотоодын оролцогчдод нээлттэй зарлаад байна.
Уралдаанд оролцох баг дээд тал нь 5 гишүүнтэй байна /төр болон хувийн хэвшил оролцох боломжтой/.
Сэдэв: Уур амьсгалын өөрчлөлт-Нүүрстөрөгчийг саармагжуулах (Net Zero).
"Ерөнхийлөгчийн цомын төлөөх хакатон" уралдааныг Тайванийн Ерөнхийлөгчийн Тамгын газраас 2018 оноос эхлэн санаачлан зохион байгуулж, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг уралдаан тэмцээнээр дамжуулан дэмжих, төрийн үйлчилгээний инновацийн бүтээлч байдлыг хангахын тулд нээлттэй өгөгдлийн мэдээллийг ашиглах, төрийн үйлчилгээний чанарыг сайжруулах зорилготой юм.
Мөн 2019 оноос эхлэн "Олон улсын хакатон" арга хэмжээнд гадаадын баг хамт олныг Тайваньд урьж оролцуулж эхэлсэн. Уралдаанд бүртгүүлэх холбогдох бүрдүүлэх материал, арга хэмжээний сэдэв, бүртгэлийн мэдээлэл, сонгон шалгаруулах стандарт, шалгарсан багийн шагналын талаарх холбогдох мэдээллийг "Олон улсын хакатон" арга хэмжээний албан ёсны вэбсайтаас авна уу.
Уралдааны Гранпри шагнал болох "Шилдэг багийн шагнал"-ыг хүртсэн багийн 3 гишүүнд зохион байгуулагч талаас онгоцны тийзийн (хоёр талдаа) зардал (мөнгөн дүн дээд талдаа 2000 ам доллар), нисэх онгоцны буудлаас тосох болон хүргэх үйлчилгээ, 30 хоног зочид буудалд нэг хүний ортой өрөөнд байрлах зардал, 30 хоногийн оффисын зардал, 30 хоногийн амьжиргааны зардал зэргийг хариуцах ба нетворкинг сайжруулах үйл ажиллагаанд оролцуулж (үүнд бизнес хурдасгуур, гарааны бизнес, семинар болон холбогдох уулзалтууд хамаарна), зөвлөхийн үйлчилгээ (үүнд хууль, санхүү, татвар болон зах зээлийн хөгжүүлэлт зэрэг хамаарна) авах боломжтой.