Швейцарт суух Элчин сайдад Итгэмжлэх жуух бичгийг нь гардуулав

Улс төр

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон Даваасүрэнгийн Гэрэлмаад Итгэмжлэх жуух бичгийг нь гардуулж, амжилт хүсэв. Монгол Улсын Ерөнхийлөгч үндэсний язгуур эрх ашгийг ямагт дээдлэх, гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, монгол хэл, түүх, соёл, зан заншил, уламжлалаа өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх, суугаа орон болон тухайн бүс нутагт эх орноо сурталчлан таниулах зэрэгт анхаарч ажиллахыг үүрэг болгожээ.

Швейцарын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Гэрэлмаа нь 1976 онд Улаанбаатар хотод төрсөн, Монгол Улсын Их сургууль, олон улсын харилцааны мэргэжилтэн, франц судлал,  2001 онд Шинэ Зеланд Улсын Веллингтоны их сургуулийг тус тус төгссөн. Ингээд 2018 оны 11 дүгээр сараас Гадаад харилцааны яамны Олон талт хамтын ажиллагааны газрын захирлаар ажиллаж байсан юм.