Одоо захирлууд үндсэн цалингаас өөр байр болон гадаад, дотоодод амрах зэрэг бусад урамшуулалгүй болсон

Улс төр

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл:

-Засгийн газрын 43 дугаар тогтоол буюу хэмнэлийн горим хэрэгжиж эхэлснээс хойш төрийн өмчит компанийн захирлуудад нэмэлт урамшуулал олгох бүх заалтыг хассан. Одоо захирлууд үндсэн цалингаас өөр байр болон гадаад, дотоодод амрах зэрэг бусад урамшуулалгүй болсон.

Засгийн газар том оврын, тансаг зэрэглэлийн автомашины хэрэглээнээс татгалзсан. Тиймээс эхний ээлжид автомашинуудыг Засгийн газрын авто баазад төвлөрүүлнэ.  Ингээд нэн шаардлагатай орон нутагт хуваарилна. Заримыг нээлттэй дуудлага худалдаагаар борлуулахаар төлөвлөж ажиллаж байгаа.

 

УИХ-ын гишүүн П.Анужин:

-Хэмнэлт хийлээ л гэж байна. Би нэг жишээ хэлье. Эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар гэж байна. Энэ газар маш өндөр оффисын түрээс төлж байрладаг. Үүнтэй адил маш өндөр түрээстэй газрууд бий. Жилийн түрээс нь хэдэн зуун саяар яригддаг. Байрны томоор ажил хийхгүй шүү дээ. Эрүүл мэндийн даатгалын газар гээд маш том байртай газар бий. Тэндээ хамт барлаад ажиллах боломжтой харагддаг. Хэдэн газар, хэдий хэр хэмжээний түрээс төлдөг талаар тодруулга авахыг хүсэж байна

 

УИХ-ын гишүүн С.Чинзориг:

-Би нийгмийн даатгалын шимтгэлийн буцаан олголтыг зөв гэж харахгүй байна. Хэрэв буцаан олгох гэж байгаа бол ажилтанд биш ажил олгогчид олгож, ажлын байраа хадгалахад нь дэмжлэг үзүүлэх хэрэгтэй.

Үүнд ХНХ-ын сайд А.Ариунзаяа "Нийгмийн даатгалын сангаас биш Улсын төсвөөс буцаалтыг олгоно. Энэ бол бага цалин орлоготой иргэд рүү чиглэсэн богино хугацааны л арга хэмжээ. Үнийн өсөлтөд маш ихээр өртөж байгаа бага орлоготой хөдөлмөрчид, сайн дурын даатгуулагчдад төсвөөс үзүүлэх нэг удаагийн дэмжлэг юм" гэж хариуллаа.