Үзэгчийн индэр “ТАМГАГҮЙ ТѲР”

Соёл урлаг, Спорт

1998 онд анх тайзнаа тавигдаж байсан алдарт яруу найрагч Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй Тѳр” жүжгийг их зохиолчийн дурсгалд зориулан “Херо” Баатар шинэчлэн найруулж дэглэснийг үзэх их завшаан тохиолдов.

Идэх гэж дурладаг

Мэдэх гэж дурладаг

Тэнэгүүдийн тоглоом болох тѳрийг

Тэнгэрийн дор би орхиж чадахгүй

Ѳѳрийгѳѳ идэх ѳт

Биен дотроос гардаг шиг

Тѳрийг идэх ѳт

Түшмэд дотроос гардаг

Гар чинь цустай

Тархи чинь устай

Тѳр барьдаггүй юм

Хүннү гүрний удирдагчдын түүхийг ѳгүүлж буй авч ямар ч их философитой юм бэ? Ямар ч холыг харж, ирээдүйг сануулсан бүтээл юм бэ? Энэ жүжгийг үзэж суухдаа мѳнѳѳх л их хорсол тачаал, ад биш шунал, худал хуурмаг араншин, ѳчүүхэн атгаг санаа ѳнѳѳ цагт байсаар буйг санаж гуниглав.

Тѳрийн дор

Хаан хатан хоёр буй

Тэнгэрийн дор

Хилэнц аврал хоёр буй

Хорвоо ѳдѳр шѳнѳ хоёроос биш

Гаслан хяслан хоёроос бүтсэн юм байна

Хаан болох чинь хүн бүрт олддог заяа, хүн бүрийн хийж чадах ажил ч биш аж. Тѳрийг цэвэр байлгахын тулд ѳѳрт буй бүхнээ золиосолж чаддаг хаантай байж л монголчууд ѳдгѳѳ хүртэл оршиж ирсэн аж. Тѳр хэмээх аугаа сэнтийд ѳчүүхэн хүмүүн санаархаж үл болохыг бидэнд энэ бүтээл сануулав. Дэндүү богинохон энэ амьдралд бид ямар ч ѳчүүхэн амьдарна вэ? хэмээн санаа алдав.

Тѳр хувцасаа тайчин хаяж

Түмний дундуур шалдан явдаггүй юм

Тѳр, ёс ямбаны хувцсан дотроо

Тѳмѳр илд, цагаан сүү хоёрыг нууж явдаг юм

“Херо” Баатар бид эчнээ танилууд. “Тамгагүй Тѳр” жүжгийг тѳсѳѳлж байгаагүй сайхнаар дэглэжээ. Драмын жүжигчид, бүжигчид, продакшинууд хамтран бүтээсэн гайхалтай үзэгдлүүд байлаа. Жүжгийг үгийн хэлэмжээс гадна биеийн хѳдѳлгѳѳний хэлэмжээр давхар дүрсэлж үзүүлсэн нь цоо шинэ шийдэл байв. Орчин үеийн дүү дүрслэлийн хослолыг ч маш сайн ашиглажээ. Монголын уран бүтээлчид хамтран ажиллахаар дэлхийн хэмжээний гайхалтай бүтээлийг туурвиж чадахыг энэ жүжгийн баг нотлон харууллаа. Та бүгдэд баяр хүргэе. “Херо” Баатар л ингэж хийж чадна даа” гэсэн бяцхан омогшил бахархал тѳрѳв. Баяр хүргэе, Баатар аа. Монголын урлагт шинэчлэл ирж байна. Сайхаан сайхан

                                                    Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах