Бүдүүн бүлгийнхэн бухимдсаны учир

Улс төр

Эдийн засгийн хүндрэлээс шалтгаалж шалтгаалж хэмнэлтийн горимд шилжихийг УИХ хамгийн түрүүнд уриалсан. Улмаар Ерөнхийлөгчөөс өгсөн үүрэг чиглэлийн дагуу өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүдээс “амтай” болгон л төсөвт тодотгол хийх хэрэгтэй гэж Засгийн газрыг шахсан. Засгийн газар энэ саналыг  хүлээж аваад тодотголын үндсэн концепцоо МАН-ын бүлэгтээ танилцуулав.

Харамсалтай нь тойргоос нь эхлээд УИХ, гишүүдтэй хамааралтай төсвийн хөрөнгө оруулалтууд, бүтээн байгуулалтын төсвүүдийн бараг талыг нь танахаар оруулж ирсэнд эрхэм түшээд нэлээд ундууцсан сурагтай. Тодруулбал, энэ жил нэг их наядын хөрөнгө оруулалт хийхээр 2022 оны төсөвт суусан. Засгийн газар тодотголоороо уг хөрөнгө оруулалтаас 520 тэрбум төгрөгийг нь “цавчих” төсөл оруулж иржээ. Хөрөнгө оруулалтын яг тал нь хасагдах тул гишүүдийн “махаа” идэж байж төсөвт суулгасан тойргийн ажлуудын яг тал хувийг нь хасна гэсэн үг. Үүнээс үүдэлтэй тодотгол дээр санал зөрөлдөж, улмаар Нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг буцааж олгох тэргүүтэй Засгийн газрын саналуудыг бүдүүн бүлэг дэмжсэнгүй.

Үүнийгээ МАН-ын бүлгийн гишүүд “Даатгалын тогтолцоогоо халамжаар татаж унагаж болохгүй” хэмээн хатуухан шүүмжлээд авчээ. Мөн бүлгийн хурлын үеэр төсвийн тодотгол, хэмнэлтийн горимтой холбоотой сөхөж тавьсан өөр нэг асуудал нь сайд нарын хангамж, унаа тэрэгний асуудал хөдлөхгүй атлаа УИХ-ын гишүүдийн машин, УИХ-д харьяалагддаг албан хаагчдын цалин хөлсийг бууруулах нь шударга бус. Төрийн гол ажлыг нугалдаг хүмүүсийнхээ цалин цавууны асуудлыг шууд хөндөж болохгүй. Энэ хүнд цаг үед иргэдийг цалинтай, орлоготой байх тал дээр анхаарах ёстой гэх байр суурийг гишүүд илэрхийлжээ.

Ийнхүү хэмнэлтийг гол агуулгаа болгосон Засгийн газрын төсвийн тодотголыг бүлгийн гишүүд нь баахан л шүүмжилсэн юм байх. Нөгөө талдаа “Туулын мөсийг долоох шахан байж" тойрогтоо татсан хөрөнгө оруулалтын нь талыг хасах санал дээр гишүүд туйлын бухимдалтай хандацгаав. Ер нь Засгийн газар, Сангийн сайдын байр суурь бол төсөвтөө тодотгол хийхгүйгээр тэтгэвэр нэмсэнтэй адил зарчмаар хэмнэлт хийе гэдэг дээр байсан. Үүнийгээ өнгөрсөн долоо хоногийн бүлгийн хурал дээр илэрхийлж, төсвөө задлахыг хүсэхгүй байгаагаа хэлсэн. Гэвч Ч.Хүрэлбаатар тэргүүтэй олон гишүүн ил далдаар тодотгол хийхийг дэмжсэн тул Засгийн газраас ийм агуулга бүхий төслийг зориуд оруулж ирсэн гэх хардлага ч МАН-ын бүлгийнхэнд байна. Тиймээс ч гишүүд Засгийн газрын оруулж ирсэн зарим саналуудыг буцааж дөнгөв.

Ийнхүү бүлгийн хурлын хамгийн дуулиантай сэдэв нь төсийн тодотгол байж, гишүүд засаг руугаа баахан “нулимснаар”, хэд хэдэн асуудлыг бүлэг дээрээ унагаж санаагаа амраав бололтой. Бүлгийн дэмжлэггүй бол УИХ-аар асуудал нь явахгүй. Тиймээс Засгийн газрын зүгээс танхимынхаа бүтэц рүү анхаарсан хэмнэлтийг хийж, гишүүдийн хөрөнгө оруулалтаас аль болох хасахгүй, танахгүй байх дүр зураг ийнхүү тодроод ирлээ.