Г.Буяндэлгэр Залуучууд маань бүхий л  нөөц бололцоогоо дайчлаад тэмцээндээ амжилттай оролцох байх аа

Соёл урлаг, Спорт

Д.Нэргүй

 Монголын чөлөөт бөхийн холбоо түүхт 60 жилийнхээ ойн хүрээнд насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг Монгол Улсын нийслэлд зохион байгуулах хүсэлтийг Дэлхийн бөхийн нэгдсэн холбоонд гаргаад байсан юм. Гэвч дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” цар тахлын улмаас энэхүү хүсэлт 2021 онд биелээгүй ч 2022 онд  21 жилийн дараа дахин зохион байгуулах эрхийг авч чадлаа. Үүнд Азийн бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга П.Буяндэлгэрийн хичээл зүтгэл, нөлөө их байсанд  МЧБХ болон чөлөөт бөхийнхөн талархалаа илэрхийлж байгааг дурьдах нь зүйтэй.   Тиймээс энэ сарын 19-25-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо  Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болох гэж байна. Одоогоос  21 жилийн өмнө дээрх тэмцээн Монгол Улсад  болж эзэн орны тамирчдад ээлтэй байсныг тодхон санаж байна. Иймд тэмцээний  бэлтгэл ажил болоод тамирчдын бэлтгэл хэр  хангагдаж байгаа талаар Азийн бөхийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга,  Монголын чөлөөт бөхийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга П. Буяндэлгэртэй ярилцлаа.

 -Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш эхлэх гэж байна. Бөхөд хайртай ард түмэн чөлөөт бөхөөс үргэлж л  итгэл найдвар хүлээж байдаг. Манай тамирчдын хувьд  ч жин бүрдээ амжилт үзүүлнэ гэсэн зорилготой байгаа даа ?

 - Миний хувьд Монголын Чөлөөт бөхийн холбооны ээлжит бус их хурлаар энэхүү хариуцлагатай ажлыг аваад удаагүй байна. Юуны  өмнө Чөлөөт бөхийн  Азийн аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсад 21 жилийн дараа болж байгаад маш их ач холбогдол өгч байгаа. Өмнө нь хэд хэдэн олон улсын чанартай том тэмцээн зохион байгуулагдаж байсан хэдий ч орон орны баг тамирчдыг эх орондоо хүлээж авч байгаа гэдгээрээ бэлтгэл ажил их орох нь ойлгомжтой.  23 орны 250 гаруй тамирчин, 100 гаруй шүүгч, дасгалжуулагч ирнэ. Тиймээс хүндэт зочид, дэлхийн бөхийн холбооны техникийн албаны хүмүүс зэрэг 30 гаруй хүмүүстэй бэлтгэл ажилдаа орсон. Тамирчдын хувьд манайх бүтэн багаараа сонгомол, чөлөөт бөхийн эрэгтэй эмэгтэй гээд 30 тамирчин оролцохоор бэлтгэлээ хангаж байна даа.

-Гадны  олон алдартай шилдэг тамирчид ирэх сурагтай. Манай чөлөөт бөх Дэлхийн АШТий мөнгө, хүрэл медальт МУГТ Б.Наранбаатар, ДАШТ-ний хошой хүрэл медальт, МУГТ Г. Мандахнаран гээд амжилтын буухиа тасраагүй байгаа?

- Тэгэлгүй яахав. Тамирчид ААШТ -ндээ орж байж ДАШТ-ндээ орох эрхээ авдаг дүрэмтэй. Энэ утгаар жишээ нь Энэтхэг, Иран, Узбек, Казакстан, Кыргызстан зэрэг орнуудаас 40 гаруй бүрэлдэхүүнтэй багууд оролцоно. Тодруулбал, Кыргызстанаас 57,65 кг-ын жинд олон дэлхий, олимпийн медальтнууд ирнэ. Манай улсаас нэгдүгээр сард болсон сорилт тэмцээнээс шалгарсан тамирчид, ерөнхийдөө залуучуудаа дэмжье гэсэн үүднээс залуу тамирчид оролцоно. Тэднийгээ амжилт гаргана гэж найдаж байгаа. Сонгомол барилдааны хувьд манайд тэгтлээ хөгжөөгүй. Гэсэн ч  2019 онд болсон 2019 онд Ази тивийн анхны U23 насны аварга шалгаруулах тэмцээнд манайх анх удаа олон улсын сонгомлын тэмцээнд багаараа орж Даваабаньд Ханбүргэд нар  маань анх удаа хүрэл медаль хүртэж байлаа. Энэ хоёр тамирчин гээд  нийтдээ ААШТ-нд арван хүүхэд бэлдсэн. Гавьяат дасгалжуулагч Б.Баяраа багш маань сонгомлын багаа бэлтгээд явж байгаа. “Эко” спорт цогцолборт багаараа бэлтгэл хийж байгаад дараа нь СХД-ийн бэлтгэлийн зааланд бэлтгэлээ хийсэн. Багш нар маань тамирчдаа сайн бэлтгэсэн гэж бодож байгаа. Тамирчид маань ч үндсэн багштайгаа хамт бэлтгэлээ хангасан учраас тэд маань улс эх орныхоо өмнөөс өөрт байгаа бүхий л  нөөц бололцоогоо дайчлаад амжилттай оролцох байх гэж бодож байна. Залуучуудаа дэмжиж урамшуулна гэж  Удирлах зөвлөлөөрөө удирдлагын түвшинд ярьсан. Гэвч үнийг дүнг хэлмээргүй байна.

-Чөлөөт бөх хэзээнээсээ л ард түмний хайртай спорт байсаар ирсэн. Гэсэн ч хоорондын зөрчил, үл ойлголцол одоо ч арилаагүй байгаа гэх нь бий.Уг нь эв нэгдэлтэй байж л амжилтанд хүрэх учиртайсан?

-Ямар ч байгууллага дотроо зөрчилгүй байна гэж байдаггүй байх. Гэхдээ энэ асуудлыг шийдэж болохооргүй тийм ноцтой хэмжээнд хүрсэн гэж бодохгүй байна. Цаашдаа эе эвээ хичээгээд зөвөөр ойлголцоод спортынхоо төлөө нэгэн сэтгэлээр зүтгэх байх аа гэж бодож байна. Бид чөлөөт бөхийн спортоо улам хөгжүүлэхийн тулд ялангуяа бага насны хүүхэд, өсвөр залуучууд, цаашилбал охидуудыг чөлөөт сонгомол бөхийн төрөлд дурлуулах, үүнд чиглэсэн  төрөл бүрийн арга хэмжээ,суртчилгаа,тэмцээнүүд явуулж, шинээр клубууд нээхийг хүсч байгаа. Одоо байгаа багш нар  маань бүгд сэтгэлтэй, зүтгэлтэй сайн ажиллаж байгаа. Мэдээж өнгөрсөн хоёр жилийн  ковидын үед эцэг эхчүүд хүүхдүүдээ дугуйлан секцэнд явуулах дургүй байсан.Харин одоо цаг гайгүй болж байгаа учраас чөлөөт сонгомол бөх гэж ийм байдаг юм гэж нэртэй тамирчдын нэрэмжит тэмцээн уралдаан зохион байгуулж тамирчдадаа урам өгч хөгжүүлэх талаар бодлого боловсруулаад хөтөлбөр хэрэгжүүлэх гээд явж байгаа.

-Та өмнө нь спортынхоо  гал тогоонд хамтдаа зүтгэж байсан хүн. Тэгэхээр Чөлөөт бөхийн нарийн бичиг даргын алба шинэ орчин биш. Түүнчлэн Чөлөөт бөхийн холбооны ээлжит бус их хурлаараа бүтэц бүрэлдэхүүн, МЧБХ-ны дүрмээ шинэчлэн баталсан.Тийм учраас цаашид гадаад дотоод харилцаагаа хөгжүүлэх тал дээр олон ажил төлөвлөсөн байх аа? 

- Хүүхэд байхдаа хөнгөн атлетик, оюутан байхдаа кендогоор хичээллэдэг байлаа. Гадаад харилцааны мэргэжилтэй.2009 оноос Биеийн тамир спортын хороо гэж байхад Н. Оюунбат даргатай  гадаад харилцааг нь  хариуцаж энэ үеэс спортын гал тогоонд чанагдаж эхэлсэн дээ. Олон улсын тэмцээнүүдэд тамирчдаа явахад гадаад харилцаа, визийг нь хариуцан зарим үед авч явдаг байлаа. Харин чөлөөт бөхийн ертөнцөд орж ирнэ гэж төсөөлж байгаагүй. Тухайн үед Биеийн тамир, спортын газрын дарга Ч.Наранбаатар дарга байсан. Энэ хүн намайг чөлөөт бөхийн талаар маш их зүйлийг зааж сургаж, энэ спортод дурлуулсан хүний нэг гэж боддог. Мөн би МҮОХ-ны чуулганаар гүйцэтгэх зөвлөлд сонгогдсон. Тийм учраас  гадаад дотоодод түншлэл, хамтын ажиллагаагаа сайн хөгжүүлж, МҮОХ болон бусад холбоод,олон улсын холбоодуудтайгаа харилцаагаа хөгжүүлээд тамирчин, шүүгч, дасгалжуулагч залуучуудаа бөхийнхөө спортыг хөгжүүлж дэлгэрүүлж яваасай гэж  хүсдэг. МҮОХ-тойгоо хамтраад олон хөтөлбөр хэрэгжүүлэхээр ярилцаад явж байгаа.  Дээр нь хувьд Азийн бөхийн холбооны нарийн бичгийн даргын хувьд гадаад харилцаагаа нэлээд сайн хөгжүүлнэ. Гаднаас ч нэлээн боломжууд байгаа. Тухайлбал, тамирчдаа дэмжиж янз бүрийн сургалт курсууд явуулах, багш нараа чадавхжуулахын тулд гадагшаа. Вэб, онлайн сургалтуудад оролцуулах, шүүгч тэр дундаа эмэгтэй багш, шүүгчдийг нэмэгдүүлэх тал дээр хөтөлбөр боловсруулсан.

- Нэг л мэдэхэд олимп хаяанд ирнэ. Үе үеийн олимпийн наадамд мөн л чөлөөт бөхөөс амжилт  хүлээдэг. Өнгөрсөн Токиогийн олимпийн тод өнгө хүрэл медаль хүртсэн Б.Болортуяа байлаа шүү дээ. Тиймээс шигшээ багаа ч сонгон шалгаруулах  ажил  явагдах байх гэж бодож байна?

- Болортуяагийн хувьд амжилт. Бүгд л амжилтын төлөө явж байгаа.Тамирчдын  сонгон  шалгаруулалт болоогүй байгаа. Харин багш нарын сонгон шалгаруулалт зарлагдаад явж байна. Холбооныхоо удирдах зөвлөлөөр хэлэлцүүлээд шийдвэр нь арай гараагүй байна. ААШТ-ний дараа шигшээ баг бүрдээд явах байх гэж  бодож байна.Шигшээ багт бүх шалгуурыг хангасан шилдэг таммрчин байх ёстой. Парисийн олимпийн наадам болоход хоёр жил гаруй хугацаа байна. Энэ хугацаандаа шинээр бүрдсэн шигшээ багийнхаа тамирчдыг мөн тууштай барилдаж амжилт гаргаад байгаа тамирчдаа дэмжээд Парисын олимпийн наадамд амжилт үзүүлэхийн төлөө дор бүрнээ хичээх нь бид бүхний туйлын хүсэл мөрөөдөл.