УКРАИН ДАХЬ ОРОСЫН АРМИЙН ХОХИРОЛ

Улс төр

Оросын зэвсэгт хүчин энэ 2022 оны хоёрдугаар сарын 24-ний өдрөөс украиныг цэрэг, зэвсэггүй болгох нэрийн дор Украинд цэргийн тусгай ажиллагаа явуулж эхэлсэн. Бүрэн хэмжээний дайн хохиролгүй байна гэж үгүй. Энэ дайнаа хэдхэн хоногийн дотор дуусгана гэсэн Оросын зэвсэгт хүчин амьд хүч болон зэвсэг техникийн зохих хэмжээний хохирол амсаад байгаа талаар wsem.ru хэвлэл дөрөвдүгээр сарын 8-нд нийтэлсэн байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин цэргийн ажиллагааныхаа зорилгыг найман жилийн турш Киевийн дэглэмийн золиос болж хүчирхийлүүлж байгаа найрсаг харилцаат Донбассын бүгд найрамдах улсуудад тусалж украины булаан эзлэгчид, АНУ болон НАТО-гийн сургаж бэлтгэсэн үндэсний батальонуудаас  чөлөөлөх явдал гэж тодорхойлсон юм.

Харин Украинд энхтайван тогтоох энэ ажиллагаа нь ямар үнэ цэнтэй байна, Оросын зэвсэгт хүчин, ард түмэн ямар хохирол амсч байгааг энэ материалд дэлгэрэнгүй бичжээ.

ОХУ-ын Батлан хамгаалах яам болохоор энэ дайны явцад учирсан хохирол,  амь үрэгдсэн хүн, сүйрсэн зэвсэг техникийнхээ талаар албан ёсны мэдээлэл тараахгүй нууцалсаар байна.

Гадаадын болон оросын шинжээчид ч Украин цэргийн ямар хүчээр ажиллагаа явуулж байгаа талаар янз бүрээр бичиж байна. АНУ-ын цэргийнхэн болохоор 2022 оны хоёрдугаар сарын 17-ны байдлаар Украины хил орчим оросын 150 мянган цэрэг байна гэж мэдээлсэн.

Барууны зарим хэвлэл цэргийн ажиллагаа эхлэхийн өмнө оросын 175 мянган цэрэг, хэдэн зуун хуягт техник, онгоц, цэргийн бусад техник хуримтлагдсан гэж бичиж байлаа.

Хиймэл дагуулаас авсан зурганд шинжилгээ хийсэн Maxar Technologies хэвлэл болохоор энэ оны нэгдүгээр сар гэхэд оросын 100 мянга орчим цэрэг, техник украиы хилийн дэргэд очоод байна гэсэн байдаг.

Оросын армийн бие бүрэлдхүүн

Оросын Батлан хамгаалах яам цэргийн  бие бүрэлдхүүнийхээ талаар албан ёсоор мэдээлээгүй. ОХУ-ын Ерөнхийлөгчийн 2017 оны арваннэгдүгээр сарын 17-ны 555 дугаар зарлигаар Оросын армийн бие бүрэлдхүүнийг 1 902 758 хүн гэсэн байдаг.

Үүний зэрэгцээ дайчилгааны нөөцөд хоёр сая  хүн байгаа гэсэн бол 555 мянган хүн цэрэгжсэн байгууллага болох Росгварди, холбооны аюулгүй байдлын алба, Онцгой байдал зэрэгт алба хаадаг юм байна.

Украин дахь цэргийн ажиллагааны явцад оросын хохирол

Украинд цэргийн тусгай ажиллагаа явуулж эхэлснээс хойш гуравдугаар сарын 25-ны байдлаар оросын арми 1351 хүнээ алдаж, 3825 цэрэг дайчин шархадсан байна гэж Украины Зэвсэгт хүчний Жанжин штаб мэдээлж. Харин АНУ-ын тал болохоор оросын армиас амь үрэгдсэн хүний тоог 10 мянга давсан гэж байна.

Оросын Батлан хамгаалах яам цэргийн тусгай ажиллагааны явцад учирсан цэргийн техникийн талаар огт мэдээлэхгүй нууцалж байна.

Мөн оросын цэргүүдээс украины талд олзлогдсон хүнийхээ тоог ч мэдээлэхгүй байгаа ч цэргийн олзлогдогсдоо солилцох талаар хэлэлцээ хийж, солилцож байгаа талаар мэдээлж байгаа. Хамгийн эхлээд гуравдугаар сарын 21-нд анхны солилцоогоор оросын есөн цэргийг сольж авсан байдаг. Хоёр дахь солилцоо болсон ч хэдэн цэрэг байсан тоог дурдаагүй. Гурав дахь солилцоо гуравдугаар сарын 24-нд болж орос 10 цэргээ мөн тооны украин цэргээр сольж авсан.

Дөрөвдүгээр сарын 5-нд хоёр тал тус тусын олзны 86 хүнээ солилцсон гэж ОХУ-ын Хүний эрхийн бүрэн эрхт төлөөлөгч Татьяна Москалькова мэдээлсэн байна.

Украины үндэсний батальоны дайчид, цэргүүд оросын олзлогдогсодтой хатуу ширүүн харьцаж зэрлэгээр тамлаж байна гэж оросууд мэдээлж байгаа. Хариуд нь украины тал болохоор оросууд эзэлсэн газар нутгийнхаа энгийн иргэдийг тамлан хэрцгийгээр хөнөөж байна хэмээн гэрэл зураг дүрс бичлэгээр баталгаажуулан мэдээлсээр байна.

Сайн дурынхан энэ дайнд оролцож байгаа

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин гуравдугаар сарын 11-нд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүдтэй зөвлөлдөх үеэрээ Украин дахь цэргийн тусгай ажиллагаанд сайн дурынхан оролцох санааг дэмжсэн байдаг. Путин үүнийгээ Украины талд гадаадын хөлсний цэргүүд байлдаж байгаа юм чинь хэмээн тайлбарласан. “Хэрвээ хүмүүс сайн дурын үндсэн дээр, тэгэхдээ мөнгөний төлөө биш Донбасст амьдарч байгаа хүмүүст туслах гэж  байгаа бол тэднийг байлдааны ажиллагаанд оролцоход нь туслах хэрэгтэй” гэж Путин онцолжээ.

Улс орон даяар  цэргийн штабуудад бэлтгэл цэрэг түрүүч нарыг бүртгэж байна хэмээн Оросын цэргийн сурвалжлагч Александр Сладков гуравдугаар сарын 31-нд мэдээлсэн. Мэдээж амь үрэгдэх юмуу, шархадвал мөнгөн тусламж үзүүлэх юм байна. Сайн дураараа бүртгүүлсэн дайчдыг гурав хоног тутам тулааны бүс рүү илгээж байна гэж энд дурджээ.

Новосибирскт л гэхэд цэргийн комисс руу өдөр бүрий залуус утасдаж байна гэж “Вести” хэвлэл гуравдугаар сарын дундуур мэдээлсэн байна. Уралд ч сайн дурынхан идэвхтэй бүртгүүлж байна гэж орон нутгийн хэвлэлүүдэд бичжээ.

Оросын талд байлдахаар сайн дурынхан зөвхөн оросоос ч биш Ойрхи Дорнод, Сириэс байлдах хүсэлтээ өгч байгаа гэнэ. Оросын талд байлдахаар 26 мянган хүн саналаа өгөөд байгаа, одоогоор ганцхан гадаадын сайн дурынхныг Донбасс руу илгээх шийдвэр гараагүй гэжээ.

Бүх оросын казакийн нийгэмлэг 1.4 мянган казак цэргээ украинд илгээж байлдуулахаа тус нийгэмлэгийн хэвлэлийн алба дөрөвдүгээр сарын 5-нд мэдээлсэн байна. Сайн дурынхныг гуравдугаар сарын дундуур нэгтгэн казакийн нэгдүгээр батальон байгуулсан юм байна.