Д.Ганбат: Хөндлөнгийн экспертүүд яаралтай урьж ирүүлээд дүгнэлт гаргуулах ёстой

Улс төр

УИХ дахь АН-ын бүлгийн  ээлжит  хуралдаанаар гурван асуудал хэлэлцжээ. Үүнд

-Эдийн засгийн хүндрэлийн эсрэг Засгийн газрын авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар АН-ын бүлгийн зөвлөмж,

-УИХ-ын хөгжлийн банкны Хяналтын түр хорооны бүрэлдэхүүн,

-ОХУ-ын Элчин сайд И.К.Азизовын мэдэгдэл, ОХУ-ын сенатчийн биолаборатори байгуулах тухай мэдээллийн  асуудал багтсан байна.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат  "Нэгдүгээр, хавтгайрсан халамж эзэндээ очихгүй байна. Энэ бодлогоо эрх баригчид эргэж хар. Төрийн албан хаагчдын орон тоо 200 гаруй мянга болж ямар ч хэрэггүй   албан тушаалтнууд байна. Мөн хүн ам цөөн, шаардлагагүй олон сумдын төв ч бий, тэдгээрийг нэгтгэх хэрэгтэй. Баялгийн 10 хувийг эзэмшүүлэх, иргэдийг баялагтаа эзэн байх, ААН-үүдийг оролцуулж хувьчлал хийх зэрэг зөвлөмжийг Засгийн газарт хүргүүлнэ. Засгийн газраас хэд хэдэн тогтоол шийдвэр гаргалаа. Бараа бүтээгдэхүүний хомсдол, үнийн өсөлтийг тогтворжуулах хууль, тогтоомж баталлаа. Ер нь бол хуулиар үнэ тогтворжуулдаггүй. Үнэ тогтворжуулна гэх оролдлого нь зөв ч арга нь буруу . Нийгмийн даатгалын 50 хувийг өөрсдөд нь өгнө гэдэг шийдвэр гаргаж байгаа юм байна. Нийгмийн даатгалын шимтгэл гэдэг Засгийн газрын мэдэх мөнгө мөн үү, биш үү. Хувь хүний мөнгө шүү дээ. Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний дунд ажил олгогч, хувийн хэвшлийг дэмжсэн зүйл заалт алга.

Хоёрдугаарт,  Хөгжлийн банкны хянан шалгах түр хороо байгуулсан нь хэд хэдэн зүйл заалтыг ноцтой зөрчсөн. Тодруулбал,  гуравны нэгээс доошгүй цөөнхийн төлөөлөл байна гэснийг баримтлаагүй. Нийт 11 хүнтэй хороонд цөөнхөөс хоёр л  гишүүн  оруулсан. Мөн цөөнхийн бүлгийн бичгээр явуулсан саналыг хэлэлцээгүй. Тэгэхээр энэ Хөгжлийн банкны хяналтын хороо нь хүчингүй, хууль бус юм.

Гуравдугаарт, Монгол Улсад Украин, ОХУ-ын хооронд үүсээд буй нөхцөл байдлын үед ОХУ-ын нэр хүндтэй албаны хүн  Монголд био лаборатори байгуулсан талаар удаа дараа мэдээлэл түгээсэнд ГХЯ  мэдэгдэл гаргасан байсан. Үүнээс гадна хөндлөнгийн экспертүүдийг яаралтай урьж, үнэхээр байгаа эсэхийг нягталж, дүгнэлт гаргуулан найрсаг харилцаатай хөршдөө мэдэгдэх  ёстой. Үүнийг зохих байгууллагууд нь яаралтай нягталж шийдвэрлэх хэрэгтэй байна" гэлээ.