Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар зөвлөгөөний төгсгөлд дараах үүрэг, даалгаврыг өглөө

Улс төр

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.  Хурлын эхэнд НЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга хөрөнгө оруулалт, төсөл, арга хэмжээ, худалдан авах ажиллагааны явцын талаар танилцуулав.

Нийслэлийн хэмжээнд он дамжин болон энэ жил хэрэгжих нийт 1191 төсөл, арга хэмжээ байгаа. Эдгээрээс тендер сонгон шалгаруулалт 79.3  хувийн гүйцэтгэлтэй, 945 ажилд тендер зарлажээ. 214 төсөл, арга хэмжээний тендер зарлагдаагүй ч өнгөрсөн долоо хоногоос гүйцэтгэл 2.8 хувиар дээшилсэн байна. Одоогоор зураг төсөв нь бэлэн болоогүй 71 ажил байгаа юм. Үүний шалтгаан, нөхцөлийг нэг бүрчлэн тогтоож, дөрөвдүгээр сард багтаан худалдан авах үйл ажиллагааг дуусгах үүрэг өглөө.

Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт дүүргүүдийн төсвийн орлогыг бүрдүүлэх ажлыг эрчимжүүлэх үүрэг өгсөн. Нийслэлийн хэмжээнд дөрөвдүгээр сард 652 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс 668  тэрбум төгрөг төвлөрүүлж 102 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм. Харин дүүргүүдийн төсвийн орлого  56.2 хувьтай байгаа нь цаашид ч татварын орлого бүрдүүлэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатайг илтгэж буй юм. Дүүрэг бүр нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд тохижилтын ажлыг өрнүүлж, 94.4 га талбайг цэвэрлэж, мод бут тайрч, шохойдсон байна. Улирлын чанартай эдгээр ажлууд төлөвлөгөөний дагуу өрнөнө гэдгийг шуурхай зөвлөгөөний үеэр онцолж байлаа.

Хонхор орчимд Экологийн коридорь гаргах ажлыг энэ онд эхлүүлнэ

Шуурхай зөвлөгөөний үеэр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Батзориг хэлэхдээ:

-Нийслэлийн “Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө”-г боловсруулах ажил 90 хувьтай өрнөж байна. Ерөнхий төлөвлөгөөг Газар дэлхий, Гео ботаник гэсэн хоёр компанийн нэгдэл боловсруулж буй бөгөөд ирэх тавдугаар сард дуусгаж, НИТХ-д өргөн барихаар төлөвлөсөн.  Энэхүү төлөвлөгөөг “Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө-2040” бодлогын баримт бичигтэй уялдуулан боловсруулж байгаа гэсэн юм.

Түүнчлэн нийслэлийн хэмжээнд ой усны хамгаалалтын бүсэд 15600 нэгж талбар  багтаж байгаа. 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө ёсоор ой болон усны сан бүхий газрыг чөлөөлөх ажлыг хийнэ. Түүхийн дурсгалт дөрвөн байршилд есөн нэгж талбар өртөж байгаа. Эдгээрийн гурвынх нь газар эзэмших эрхийг цуцалсан бөгөөд бусад байршлуудыг энэ ондоо багтаан цэгцэлнэ гэв. Баянзүрх дүүргийн Хонхор орчимд Экологийн коридорь гаргах бөгөөд түүнд өртөж буй 451 нэгж талбар өртөж байгаа аж. Экологийн коридорь гаргах ажлыг энэ онд эхлүүлнэ гэв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар зөвлөгөөний төгсгөлд дараах үүрэг, даалгаврыг өглөө.

-Хөрөнгө оруулалтын ажлын хүрээнд худалдан авах ажиллагааны дагуу үнэлгээний хийгдэж байгаа ажлуудаа эрчимжүүлэх

-Хүүхдийг гэмт хэрэг, зөрчил болон зам, тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгааллын нэгдсэн арга хэмжээг улирал бүр зохион байгуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах

-Нийтийн эзэмшлийн гудамж талбай, автобусны буудал, гудамж, талбайн хөшөө дурсгал, сандал, хүүхдийн тоглоомын талбай, авто замын гүүрэн гарц зэрэг байгууламжуудын өнгө үзэмжийг сэргээх ажлуудаа тогтмол хийх

-Туул, Сэлбэ, Дунд голын орчинд олон нийтийн соёл, амралтад зориулсан тохилог орчныг үе шаттай нэмэгдүүлэх

-Нийслэлийн хүн ам ихээр үйлчлүүлдэг томоохон цэгүүдээс (зах, худалдааны төв, супермаркет) өргөн хэрэглээний хүнсний бараа, бүтээгдэхүүн, бензин, түлшний үнийн өөрчлөлт, нөөцийн судалгааг долоо хоног бүр танилцуулах

-Нийслэлийн инженерийн барилга байгууламжийн хамгаалалтын зурвасыг мөрдүүлж ажиллах, гарсан зөрчлийг арилгах, газар чөлөөлүүлэх

-Иргэдийн амьдрах орчныг сайжруулах, газрын зөрчил арилгах ажлын хүрээнд зөвшөөрөлгүй гарааш, хайс, хашааг  буулгасан талбайг тохижуулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх   зэрэг үүрэг даалгаврыг Хотын даргын зүгээс нийслэлийн удирдах ажилтнуудад өглөө.