У.Хүрэлсүх: Ор нэр төдий биш, дорвитой, зоригтой алхам, төсөвт тодотгол хий

Улс төр

Сүүлийн өдрүүдэд өрнөсөн ард иргэд, залуусын тайван жагсаалтай холбогдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх  УИХ-ын  дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон УИХ-ын байнгын хороодын дарга нар, Засгийн газар, УИХ дахь МАН-ын бүлгийн зарим гишүүнтэй уулзлаа.

 

Дэлхий нийт цар тахалтай хоёр жил тэмцэж байгаа энэ үед олон улсад геополитикийн асуудал үүссэн. Үүний улмаас дэлхийн зах зээлд газрын тосны үнэ хоёр дахин нэмэгдэж, үр тариа, ургамлын үнэ 30-40 хувиар өсөөд буй юм. Тиймээс УИХ, Засгийн газар ажлаа уялдуулж, шаардлагатай бол төсвийн тодотгол хийх хэрэгтэй гэдгийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцлов.

Эрчим хүч, шатахуун, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, хүнсний бүтээгдэхүүний үнийг бууруулахад онцгой анхаарч, хаврын тариалалтыг сайн хийж, хүнсний хэрэгцээгээ дотоодоос хангах нь туйлын чухал гэлээ.

Тэрбээр, “Төсвийн тодотгол хийх эсэх талаар өнөөдөр ярилцах хэрэгтэй. Ард түмэндээ нөхцөл байдлын талаар үнэнийг хэлж байх ёстой. Дээр нь шаардлагагүй зардал, хөрөнгө оруулалтыг бүгдийг нь тана. Дэлхий нийт маш хүнд нөхцөл байдалд байна. Тиймээс ард түмний шаардлагад анхаарч, яаралтай шийдвэр гаргахыг анхааруулж байна. Монгол Улс хүнсний хэрэгцээг дотоод хангах, өөрсдөө шатахуун үйлдвэрлэгч байх, эрчим хүчний эх үүсвэртэй байх шаардлагатай гэдгийг сүүлийн хоёр жил харууллаа. Монгол эдийн засгийн хараат бус улс болох зайлшгүй шаардлага тулгарч байна” гэлээ.