Намын даргаа батламжилсан Бүтэн ардчилал

Улс төр

Сүүлийн хоёр жилд  хөл толгойгүй болсон, хоёр хуваагдсан юм шиг ойлголт нийгэмд төрүүлж байсан АН одоо л нэг эмх цэгцдээ орж “Бүтэн ардчилал”-ын зам дээр гарлаа.

Өөрөөр хэлбэл АН Улсын дээд шүүхийн /УДШ/ 38-р тогтоолын дагуу намын даргын сунгаа явуулсан. Энэ тогтоол нь “АН-ын өмнөх  Их хурал хүчинтэй. Энэ хурлыг хуралдуулсан Үндэсний бодлогын хороо хүчинтэй.  Гэхдээ намын даргын  өмнөх сонгууль асуудалтай байна. Дахиад сонгууль хийгээд ирвэл  хандах эрх нь нээлттэй”  гэсэн юм байна. Үүний дагуу АН даргаа сонгох сонгууль явуулжээ. Ингээд   ялалт байгуулсан Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулгын бүрэн эрхийг батламжлах ээлжит бус Их хурал   өчигдөр  “UB паласт” боллоо.  Одоо энэ сонгуулийн үр дүнг УДШ-д  бүртгүүлэхээр хүргүүлэх юм.

Хурлын эхэнд  АН-ын улс төрийн зөвлөлийн гишүүд мэдэгдэл хийлээ. Мэдэгдэлд  "АН-ын улс төрийн зөвлөлийн тогтоол 2022 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдөр дугаар 0401. Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн 2021 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдрийн  38 тоот тогтоолыг  хэрэгжүүлэх зорилгоор Ардчилан намын даргыг сонгох сонгууль орон даяар зохион байгуулж, санал хураалтад  оролцсон 120 мянга гаруй гишүүдийн 96 хувийн  саналаар сонгогдсон намын дарга 2022 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдөр Их хурлаараа ёсчлон батламжлах гэж байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд АН-ын даргын сонгууль Их хурлыг таслан зогсоохыг  оролдсон үйлдэл, эс үйлдэл үргэлжилж байгааг намын улс төрийн зөвлөлөөс эрс эсэргүүцэж монгол орныхоо өнцөг булан бүрээс сэтгэл тавин ажиглаж байгаа мянга, мянган гишүүн, дэмжигчид тэднийг төлөөлөн АН-ын Их хуралд хүрэлцэн ирсэн төлөөлөгчдийнхөө бүрэн эрхийг хамгаална гэдгээ үүгээр мэдэгдэж байна. Монгол Улсын хууль АН-ын Үндсэн дүрмийн дагуу хуралдах намын Их хурал хуралдсан хугацаандаа төлөвлөсөн асуудлаа хэлэлцэн батлах болно. Мөн намын ойн баярын үйл ажиллагаа болон үндэсний бөхийн барилдаан уламжлал ёсоор зохион байгуулагдах болохыг мэдэгдэж байна" гэсэн юм.

Энэ хуралд 21 аймаг, есөн дүүргийн 1348 төлөөлөгч оролцлоо. Хурлын уур амьсгалыг ажвал үг хэлсэн хүмүүсийн дийлэнх нь бүгд нэг зорилгоор намын даргаа сонгож, УИХ-ын 2024 оны сонгуульд эв нэгдэлтэй, амжилттай оролцохыг хүсэн ерөөж алга ташин,   уухайлж байлаа.  Тэгээд АН, түүний гишүүд хэн нэгэн бүлэг, фракц, албан тушаалтны эрх ашгийн төлөө төлөө бус  шударга ёс, ардчилсан төрийн төлөө “Дуугарвал дуу нэг, Дугтарвал хүч  нэг”-тэй  ажиллах нь бидний гол зорилго хэмээн онцлож байв.

Хурлын тэргүүлэгч Д.Батсайхан “АН-ын бүх эрх мэдэл Их хуралдаа байдаг гэдгийг та бүхэн мэднэ. Монгол орны өнцөг булан бүрээс сонгогдон ирсэн төлөөлөгч та бүхэн түүхэн шийдвэр гаргах үйл явдалд оролцож байна. АН өнгөрсөн 32 жилийн хугацаанд унаж бос, алдаж онож ирсэн. Энэ бүгдээс сургамж авч бид Монгол Улсад шударга ёс, хүнлэг энрэнгүй, эрх чөлөөт ардчилсан нийгэм байгуулахын төлөө ажиллаж  байгаа билээ. Үүний тулд өнөөдөр намын даргаа сонгоод батламжлахаар бид хуран цуглалаа” гэв. Ийнхүү ззэл санаа, үнэт зүйлээрээ эвлэлдэн нэгдсэн АН-ын гишүүд  тус намын даргын сонгуульд ялалт байгуулсан Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгыг намын даргаар ёсчлон батламжлав. Тэгээд АН-ын тамгыг Х.Баттулгад гардуулан өглөө. Дашрамд дурдхад  АН өнөөдөр хоёр тамгатай болчихсон тууж яваа. Уг асуудал шүүхийн шатанд яваа билээ. Тэгвэл АН-ын дарга асан С.Эрдэнээс УИХ-ын дэд дарга Ц.Туваанд гардуулж өгсөн тамга нь жинхэнэ. Тус намын үе үеийн дарга нар барьж байсан тамга гэдгийг УИХ-ын дарга асан З.Энхболд батлаж үг хэлэв. Тэрбээр “АН-ын тамга нь 2000 онд байгуулагдахад миний захиалж хийлгэсэн жинхэнэ тамга болохыг баталж байна” гэсэн юм.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:

-Дэлхийн дайтад  АН-ын үйл хэргийг үргэлжид дэмжиж сайн явбал баярлаж, хазайхад нь сэтгэл зовнин харж суудаг монголын ардчиллыг дэмжигчид, ардчилсан тогтолцоог эрхэмлэгчид, АН-ын гишүүд, энэ удаагийн Их хурлын төлөөлөгчид та бүхэндээ үүсгэн байгуулагдсаны 32 жилийн ойн мэндийг хүргэе ээ. Нам гэдэг дарга биш, нам гэдэг тамга биш ээ, нам гэдэг олон мянган  иргэдийн итгэл сэтгэлийн нэгдэл гэж боддог. Ийм ч учраас 200 мянган гишүүн түүний төлөөлөл болсон та бүхэн асуудлаа шийдэхээр энд цуглаад байна. Ард иргэдийн итгэл үнэмшил үүгээрээ эвлэлдэн нэгдэх эрхийг төрийн албан хаагч, улстөржсөн шүүх, шийддэг, шийдэх гэж оролддог харамсалтай оролдлогууд түүхэнд ч бидний өмнө ч байна.  Дараа ч байх харамсалтай тогтолцоо руу гулсан орон нь. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд өөрөөс хамаарах бүхнийг хийж ардчиллыг бүтэн болгохын төлөө урагшаа харж хувь хүний асуудал ярилгүй  бодлого, зарчим дээрээ хазайлгүй ажиллая гэдэг байр суурин дээр ажилласан. Энэ намын эв нэгдлийн төлөө зөвхөн би гэдэг үзэл суртлаас хол байж, намын дотоод сунгаанд өрсөлдөх эрхээсээ татгалзсан. Ардчилсан намын шинэ даргадаа 2024 оны сонгуульд ялалт байгуулан, ардчиллын далбаа  Монголын минь тэнгэрт уухайлан мандаж байхыг хүсэж байна.

АН-ын энэ тамгыг  үе үеийн дарга нар барьж ирсэн түүхтэй. Тухайлбал:

Дамбын Дорлигжав (2000-2002)

Мэндсайханы Энхсайхан (2002-2005)

Раднаасүмбэрэлийн Гончигдорж (2005-2006)

Цахиагийн Элбэгдорж (2006-2008)

Норовын Алтанхуяг (2008 - 2014)

Зандаахүүгийн Энхболд (2015 - 2017)

Содномзундуйн Эрдэнэ (2017-2020)

Одонгийн Цогтгэрэл (2021-2022) нарын  барьж байсан юм. Энэ тамгыг  2000 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хийлгэсэн  АРДЧИЛСАН НАМ-ын "ЖИНХЭНЭ ТАМГА"-ыг   Халтмаагийн Баттулгад шилжүүлэн өгөхөөр энэ  Их  хурлын даргад албан ёсоор гардуулж өгье” хэмээн хэлэв.

Хурлын бас нэг хэлэлцэх асуудал нь Үндсэн дүрмийн өөрчлөлт байлаа. Тэгвэл Сүхбаатар дүүргийн АН-ын үндэсний бодлогын хорооны гишүүн Д.Нямхүү

-“Үндсэн дүрмийн төсөл бэлэн болсон. Гэхдээ зарим аймгуудаар анхан,  дунд шатаар хэлэлцүүлэх, хэлэлцүүлэг эхэлсэн байсан ч намын даргын сонгууль болж байгаатай холбогдуулан энэ ажлаа  түр зогсоосон. Дарааллын дагуу энэ асуудал хэлэлцэгдээд , ҮБХ-оор ороод  дараа нь  Үзэл баримтлалын зөвлөл, Үндсэн дүрмийн зөвлөлөөр дамжин намын Их хурал өргөн баригдах ёстой. ҮБХ-ны хурлаас  энэ Их хурлаар  хэлэлцэж  амжина гэж үзсэн. Гэхдээ одоо хэлэлцүүлэхэд учир дутагдалтай гэж үзэж байна. Түүнээс гадна Үзэл баримтлалын зөвлөл, Үндсэн дүрмийн зөвлөлийн журам нь бас батлагдаагүй байгаа. Тиймээс энэ удаа Үндсэн дүрмийг хэлэлцэх асуудлаас  хасаад, дараагийн хурал хүртэл  хойшлуулж өгнө үү. Өнөөдрийн хамгийн чухал ажил бол намын дарга батламжлах асуудал билээ. Түүнээс  гадна намын дарга дээд шүүх дээр бүртгүүлэх асуудал хамгийн чухал асуудал юм” гэлээ.

Ингээд АН-ын ээлжит бус Их хурлын зарим төлөөлөгчдийн сэтгэгдлийг хүргэж байна.

-Өмнөговь АН-ын дарга Р.Сэддорж:

-Та бүхэндээ энэ түүхэн өдрийн баярын мэнд хүргэе ээ. Бид АН-ын дарга Х.Баттулгыг    гишүүд  дэмжигчиддээ итгэл,  найдвар төрүүлсэн олон сайхан ажлыг хийнэ гэдэгт итгэж байна. Энэ хуралд оролцогчиддоо өмнийн цэнхэр говийн ард түмнийхээ өмнөөс сайн сайхныг хүсье. Сүүлийн үед ард иргэдийн дунд Монгол Улсын улс төрийн томоохон хүчний нэг АН-ын үйл ажиллагаа цэгцрээсэй гэсэн хүсэл мөрөөдөл их бий. Ардчилал, шударга ёс, хүний эрх чөлөө,  АН-ыг дэмждэг ард иргэд маань даргатай болоосой гэж хүсэн хүлээж байсан. Тэгвэл одоо хүчин төгөлдөр мөрдөж буй дүрмийн дагуу орон даяар намын даргаа сонгох сунгаа явууллаа. Ингээд сонгогдсон даргаа Их хурлаараа батламжилж байна. Аливаа зүйл эмх цэгцтэй болвол цаашдын ажилд нь хэрэгтэй байдаг шүү дээ.

Булган аймгийн АН-ын дарга Б.Ариун-Эрдэнэ:

-Булганчуудынхаа нэрийн өмнөөс энд хүрэлцэн ирсэн нийт гишүүддээ баярын мэнд хүргэе. Шинээр сонгогдож буй намын даргадаа амжилт хүсье. Дахин дахин баяр хүргэж, амжилт хүсмээр байна.Ардчиллын төлөөх үйлсэд зүтгэхдээ хэзээд бэлэн гэдгээ хэлье. Та бүхэнд амжилт хүсье.

Дундговь аймгийн АН-ын дарга Ц.Мөнхбат:

-Эрхэм хүндэт АН-ын гишүүд, Их хурлын төлөөлөгчид та бүхэндээ баярт өдрийн мэнд хүргэн мэндчилье. Манай аймаг өнгөрсөн 30 жилийн түүхэнд анх удаагаа бүрэн дүүрэн ялалт  байгуулж  ИТХ-ын 35 төлөөлөгчөөс 23 суудлыг авч чадлаа. Мөн 15 сумаасаа ест нь ялалт байгуулж ардчиллын үйлсийг түгээн дэлгэрүүлж байна. Аймаг орныхоо хөгжлийн бодлогыг түүчээлэн ажиллаж байгаа хүмүүс намйнхаа Их хуралд хүрэлцэн ирсэн. Хурлын үйл ажиллагаанд амжилт хүсье.

-Архангай аймгийн АН-ын дэд дарга Г.Эрдэмхишиг:

-Бид нэгдмэл үедээ ялж чадаж байсан. Харин сүүлийн хоёр сонгуульд  МАН нэгдмэл зорилготой оролцсон. Харин  бид салангид байж ялагдсан. Бид яагаад салангид байна, яагаад эв нэгдэлгүй байж энэ зовлонг амсав гэдэг асуудал бий. Зовлонгийн шалтгаан нь АН-ын  мянга, мянган  гишүүдийн итгэл зүтгэлээр эрх мэдэлд хүрсэн зарим нэг хүмүүс өөртөө ашигтай, өөрийгөө хамгаалах, эрх мэдэл болгосонд оршино. Үүнийгээ алдахгүйн тулд үхэн хатан зууралдсан нь зовлонгийн шалтгаан болсон. Уг шалтгаан нь тэдний шунал байсан. Энэ Их хурлаасаа эхлээд уг  зовлонгийн шалтгаанаас салцгаая, салгацгаая. Магадгүй 1990 оны Ардчилсан хувьсгалын үеийн  зориг зүтгэлээс ч илүү зориг зүтгэл хэрэгтэй байх. Гэсэн ч бүгдээрээ хийцгээе, бид л хийж чадна. АН-д оногдсон том зорилго, үүргээ биелүүлэхийн төлөө бүгдээрээ өнөөдөр нэгдэж байгаад талархаж байна.

Сэлэнгэ аймгийн АН-ын дарга Р.Батжаргал:

-Хурлын төлөөлөгчиддөө энэ сайхан өдрийн баярын мэндийг хүргэе. Сэлэнгэ аймгаас бид 50-иулаа ирж оролцож байна. Бид олуулаа ирж чадаж байна, нөгөө нөхдүүд хараарай. Мөн О.Цогтгэрэл даргадаа ч баярлалаа гэдгээ сэлэнгэчүүдийнхээ өмнөөс хэлмээр байна. Өнөөдөр энд 93 хувийн санал авч бид бүхнийхээ итгэлийг алдалгүй зогсож байгаа Х.Баттулга даргадаа ч баяр хүргэе. Сэлэнгэ аймгийн  АН-хан түүнд нэг л үг хэлсэн. “Та бяртайхан зүтгээрэй, манай аймгийн Ардчилагчид таныг чөмөгтэйхэн дэмжээд өгнө” гэж хэлсэн, танд амжилт хүсье.

Чингэлтэй дүүргийн АН-ын төлөөлөгч , АН-ын Үндэсний бодлогын хорооны  гишүүн /ҮБХ/ Ж.Энхбат:

-АН өнөөдөр  ээлжит бус Их хурлаа хүчин төгөлдөр Үндсэн дүрэм, хуулийн хүрээнд хийж байна. Учир нь энэ хурлын төлөөлөгчид  21 аймаг, нийслэлийн есөн дүүрэг,  171 хорооноос  анхан шатны хурлаасаа сонгогдож ирсэн. Тухайлбал, багийн, сумын намын үүрийн хурлаас эхлээд сонгогдоно. Чингэлтэй дүүргийн 13-р хорооноос гэхэд л 87 гишүүн хуралдаж хоёр төлөөлөгчөө намын Их хуралд сонгосон юм. Иймд АН даргаа Үндсэн дүрмийн хүрээндээ намын бүх гишүүдийн санал хураалтаар тодруулаад батламжилж байна. АН-ын 200 мянга орчим гишүүнээс  120 орчим мянга нь  намын даргаа сонгох сонгуульд өөрийн биеэр очиж  саналаа өгсөн. Энэ сонгууль хүчин төгөлдөр. Тэгэхээр  Их хурлын дараа Улсын дээд шүүхэд  /УДШ/  намын даргаа бүртгүүлэхээр хурлынхаа тогтоол, шийдвэрийг  хүлээлгэж өгнө. УДШ хуулийн хүрээнд  АН-ын даргыг  бүртгэж авсаны дараа ҮБХ хуралдаж дотоод зохион байгуулалтаа хэлэлцэх байх гэж би харж байгаа. Тус хурлаар Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, биелэлтийг чиглэл чиглэлээр нь хэлэлцэж  АН сөрөг хүчний үүрэгээ гүйцэтгэж зохион байгуулалтын ажлаа хийнэ гэж бодож байна. Өнөөдөр АН-хан жагсах гэж байна уу гэж хүмүүс асууж байгаа. Бид жагсахгүй. АН бол бодлогын нам. Тэгэхээр МАН 2016-2020 онд юу амласан, мөрийн хөтөлбөр нь яаж хэрэгжив, 2020-2024 онд ямар мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн, хэрэгжилт нь ямар байна, юу нь болохгүй байгаа зэргийг  тунгаан хэлэлцэх ёстой юм. Ингээд Засгийн газар, УИХ-д  гаргасан шийдвэр дүгнэлтээ танилцуулж зохих шаардлага хүргүүлнэ  гэж АН-ын ҮБХ-ны гишүүний хувьд харж байгаа. Ер нь АН-ын даргын асуудал бол зөвхөн нэг намын асуудал биш. Нийгмийн захиалга. АН-д хүчтэй лидер, намын дарга, нэгдсэн байр суурь   байх ёстой.

Дархан-Уул аймгийн АН-ын төлөөлөгч, ахмад настан С. Очирсүх:

-Монголын ард түмэнд өргөн уудам газар нутаг, үржил шимтэй мал сүрэг, эрдэс баялаг гээд бүх юм бий. Харамсалтай нь өнөөдөр цөөн хэдхэн хүн баяжаад бусад нь ядуу зүдүү, орлого бага байна. Хамгийн гол нь төр засаг нь гологдоод байгаа юм. Төр шиг төртэй бол ингэж явахгүй. Төр шиг төр гэж шударга ёс зүйтэй, ил тод үйл ажиллагаатай ардчилсан төр манай нийгэмд  үгүйлэгдэж байна. Ийм учраас АН бол үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг  нам. Өнөөдөр АН-ын маргаантай асуудал шийдэгдэж эв нэгдэл, эмх цэгцээ олж маргаантай асуудлыг зөвөөр шийдэж өгч байгаа УДШ-д баярласан, талархсанаа илэрхийлье. АН-ын гишүүд хагарч бутарч хоёр хуваагдсан зүйл байхгүй. Үүнийг намын даргын сонгууль Монголын ард түмэнд ил тод харууллаа шүү дээ. Хагарч бутарсан мэт харагдаж буй явдал нь хэдхэн хүний  асуудал. Сүүлийн 32 жилийн хугацааг аваад үзэе. Тэгэхэд Монголын ард түмэн ардчилсан төртэй болохыг хүссэн зүйл харагдана. Иймд АН улс төрийн бусад хүчний ололтыг дэмжиж,  алдааг шүүмжилж ардчилсан зөв бодлогоор  хамтран ажиллах ёстой гэж ахмад гишүүний хувьд бодож байна. Үүнийг л ард түмэн хүсч байгаа юм.Улс орон арагшаа ухарч доройтоё гэвэл авлигачин, урагшаа дэвшиж хөгжие гэвэл ардчилсан төртэй байх ёстой.   АН-ын даргын сонгуульд нэр дэвшиж Их хурлаар батлагдаж байгаа Х.Баттулга УИХ-д гурван удаа, Ерөнхийлөгчөөр сонгогдож төрийн өндөр алба хашиж явсан туршлагатай улс төрч.  Ийм учраас төрд дутагдаж буй асуудал, ард түмний хүсэл санаачилгыг бүрэн дүүрэн мэднэ гэж би боддог.  Жишээ нь Ерөнхийлөгч байх хугацаандаа  ямар үр бүтээлтэй ажилласныг бид мэднэ.

 

Баянхонгор аймгийн АН-ын төлөөлөгч  Х.Ёндонжамц:

-Би 1990 оны цагаан Морин жилийн Ардчилсан хувьсгалаас  хойш өнөөг хүртэл  ардчилсан чиг шугамаар явж ирлээ. Өнөөдөр АН-ын баярын өдөр. Энэ 32 жилийн  хугацаанд АН сайнтай, муутай, дээртэй, доортой явлаа.  Тухайлбал, сүүлийн  хоёр жилийн хугацаанд АН хэсэг бүлэг хүмүүсийн хатгаасаар хөл, толгойгоо алдсан  юм шиг ард түмэнд ойлгогдсон. Гэвч өнөөдөр АН бүрэн бүтэн, гишүүд нь хагарч бутраагүй, эв нэгдэлтэй гэдгээ харуулж чадсан баярт үйл явдал тохиож байгаа юм. Одоо АН их амжилт гаргах их зам руу орлоо  гэж ойлгож байна.

Завхан аймгийн Цагаанхайрхан сумын АН-ын хорооны дарга, аймгийн ИТХ-ын Төлөөлөгч  Л.Бат-Амгалан:

-АН сүүлийн хоёр жилд цар тахлаас гадна нэлээд хүнд цаг үеийг тууллаа. АН өнөөдөр хууль ёсны намын даргаа хууль, дүрмийн хүрээнд сонгон  батламжилж байгаа юм. Өөрөөр хэлбэл ойлгомжгүй байсан асуудлаа эмхлэн цэгцлэж УДШ-д бүртгүүлэхээр  шийдвэрлэлээ. УДШ хараат бусаар ажиллаасай гэж чин сэтгэлээсээ хүсье.  АН-ын мянга мянган гишүүдийн үзэл бодол, хүсэл зоригийг хөсөрдүүлэхгүй гэдэгт найдаж байна. АН бол гишүүд төвтэй. Иймд тэдний сонголт, үзэл бодлыг хүндэтгэн үзэх ёстой гэж би боддог. Учир нь Монгол Улс 1990 онд ардчилсан төртэй болж шинэ Үндсэн хуулиа соёрхон батласан шүү дээ.

Эцсэт нь хэлэхэд АН-ын эгэл жирийн гишүүд хоёр талцаж хуваагдаагүй. Харин ч эвлэлдэн нэгдэж даргаа сонгож байгаа гэдэг нь уг  хурал болж буй танхим,  төлөөлөгчдийн хэлсэн үг, сэтгэгдлээс тод мэдрэгдэж байлаа.