Энэ хаврын улс төрийн “тоглолт”-ыг Ерөнхий сайд удирдах нь ээ

Улс төр

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн нь  товчхондоо улс төрийн хүрээнд өөрийнх нь эсрэг өрнөж буй үг, “үгсэн хуйвалдаанд” анхааруулга, сануулга өгөх шиг боллоо.  Ерөнхий сайд өчигдрийн мэдэгдэлдээ хэд, хэдэн ноцтой асуудлыг хөндсөн. Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банкны дараагийн дуулиан нь “Эрдэнэс Монгол”-ын гэх "хавтаст хэрэг" гэдгийг нуусангүй шуудхан ил тод зарласан юм. Ингэснээрээ тэрбээр авлигатай тэмцэх нэрээр өөрийн намныхаа  өөтэй, но-той нөхдүүдийг намнах бас Хөгжлийн банкны өрнөөд буй дуулианыг далимдуулан Л.Оюун-Эрдэнэ өөрийн эргэн тойрноо цэвэрлэхээр шийдсэн бололтой. УИХ-ын хаврын чуулганаар нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг УЕП-оос оруулах оруулах тухай мэдээ Төрийн ордноор тархжээ. Гүйцэтгэх засаглалын тэргүүн “Сүүлийн 17-20 жилийн хугацаанд нүүрс зарахдаа тонн тутамд 60-70 орчим ам.долларыг завшиж байсан бүлгийг илрүүлэх ажлын хэсэг байгуулагдсан. Нүүрс тээвэрлэдэг олон  машин бий.  Нүүрсний тээврээс их хэмжээний ашиг олдог асуудалд манай парламентын гишүүд холбогдсон байгаа, А.Адъяасүрэнгээс эхлүүлээд. Цаана нь маш олон нөлөө бүхий лидерүүд бий” гэж мэдэгдсэн. Мөн тэрбээр “нэр бүхий гишүүдийг өрөөндөө дуудаж, бүрэн эрхээсээ түдгэлзэж шалгуулахыг шаардсан”-аа мэдээлсэн. Ерөнхий сайдын энэ шаардлага Улсын ерөнхий прокуророос нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа УИХ-д оруулж ирэх тухай мэдээллийг батлаад өгч байгаа юм.

Ингээд Ерөнхий сайдын мэдээлэлд нэр цохогдсон болон УЕП-оос бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх гишүүд хэн бэ гэдгийг жаахан тодруулъя.

УИХ-ын Г.Амартүвшин

Түүнийг Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар  ажиллаж байхад олгосон зээлээс 22 тэрбум төгрөгийн зээл чанаргүйд тооцогдож байна. Мөн Г.Дамдинням, Х.Ганхуяг нарын хамаарал бүхий компанид 33 тэрбум төгрөгийн зээл олгосон гэх хэрэгт холбогдон АТГ-т шалгуулж байгаа юм. Тэгвэл Хөгжлийн банкны асуудлаар өгсөн түүний хариулт  нь “Тухайн үед Г.Дамдинням, Х.Ганхуяг нартай найз байгаагүй. Намайг ажил авахаас өмнө "Вертекс майнинг партнер" компани Хөгжлийн банкны харилцагч байсан. Барьцаа хөрөнгө нь үл хөдлөх хөрөнгө байсан. Тэр үед 60-70 тэрбум төгрөгөөр үнэлэгдэж байсан. Арванхоёрдугаар сард ТУЗ-өөр ороод зээл нь батлагдсан. Намайг захирал байхад зээл нь олгогдоогүй. Би арванхоёрдугаар сарын 31-нд ажлаа өгсөн. ТУЗ-ийн шийдвэрийн дагуу 2020 онд зээл нь олгогдсон” гэх үг.

 УИХ-ын гишүүн Х.Ганхуяг

Түүнийг албан тушаалаа урвуулан "Вертекс Майнинг Партнер" компанидаа Хөгжлийн банкнаас 33 тэрбум төгрөгийн зээл авсан гэх асуудлаар АТГ-д мөн шалгаж байгаа. Энэ талаар хэвлэлийнхэнд “Тэр манай эгчийн компани. Зээлийн үндсэн төлбөрт 12 тэрбум, хүүнд 9.6 тэрбумыг төлсөн байдаг. Өнөөдрийн байдлаар 20 тэрбумын үлдэгдэл байна. Зээл авах үед би гишүүн байгаагүй” гэсэн байдаг.

УИХ-ын гишүүн Г.Дамдинням

УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн хамт “Вертекс Майнинг Партнер" компаниар дамжуулан Хөгжлийн банкнаас 33 тэрбум төгрөгийн зээл авсан гэх асуудал мөн нэр холбогдон шалгуулж байгаа билээ. Тэрбээр “Нууж хаасан юм байхгүй ээ, тус компанийн хоёр хувийг аваад дараа нь эргүүлж худалдсан. УИХ-ын гишүүн болохоос өмнөх үйл явдал. Гишүүн зээл авсан бол авлига албан тушаалын хэрэг байх магадлалтай. Энэ зээлийг зориулалтын дагуу аваад татвар төлөөд явж буй компаниуд цар, тахал, хил хаалттай нөхцөлд бизнес нь хүндэрсэн байвал харж үзэх ёстой. Жинхэнэ бизнесээ дэмжих ёстой” гэж байр сууриа илэрхийлжээ.

 УИХ-ын гишүүн Ч.Ундрам

Бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх магадлалтай УИХ-ын гишүүний нэгээр Ч.Ундрам нэрлэгдэж байна. Тэрбээр аавынхаа  “Вояжер минерал ресурсер” компани Хөгжлийн банкнаас 4.5 тэрбумын зээл авсан байдаг.  Хөгжлийн банкийг тонож идсэн гэх асуудал нийгмийн дуулиан болсны дараахан зээлээ түргэн шуурхай төлж барагдуулсан. Энэ талаар “Миний аав олон жил бизнес хийж байгаа хүн. Аав минь намайг бизнесийхээ үйл ажиллагаанд  намайг оролцуулдаггүй. Аав Хөгжлийн банкнаас зээл авсныг би дараа нь мэдсэн. Аав маань надад их санаа зовж байгаа” гэсэн байдаг.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт

УИХ-ын гишүүнээр дөрвөн удаа сонгогдсон тэрбээр Хөгжлийн банкны гэх том дуулианд нэр холбогдоод байгаа юм. Магадгүй Л.Оюун-Эрдэнэ ирээдүйд түүнийг өрсөлдөгчөө гэж харж байж болзошгүй. Ямартай ч “Хамаарал бүхий компани гэдэг нь үнэн. Гэхдээ би огт хувь эзэмшдэггүй. Зээл хугацаандаа төлөгдөх байх. Энэ жил үйлдвэр ашиглалтад орох ёстой байсан ч цар тахлаас улбаалан хойшлогдсон.  Үйлдвэр ашиглалтад орсноор Ховд, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд, Баян-Өлгийд барилгын материал хямдрах байх. Тэр төслийг хэн ч авч хэрэгжүүлж болно. Санаа зоволтгүй” гэжээ.

УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн

Тэрбээр АН-ын бүлгийн гишүүн. Түүнийг Ерөнхий сайд нүүрсний тээвэрлэлтээс мөнгө угаадаг гэж нэр цохон дурдсан. Тэрбээр гишүүн болохоосоо нүүрс тээврийн С зөвшөөрөл авахын тулд Авто тээврийн газрын нэр бүхий албан тушаалтанд 100 мянган ам.доллар өгч авалцаж байгаад хуулийнханд гардуулсан бичлэг байдаг. Авлига өгсөн  асуудлаар АТГ-аас түүний гэрт нь нэгжлэг хийж байсан ч хэргийг дээрээс нам дарсан. Тиймээс түүний  бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудлыг хөндөж болзошгүй гэх хардлага улс төрийн хүрээнд байна.

Ерөнхий сайдын өчигдрийн мэдэгдлээс харвал зарим нь давхар дээл нөмөрч, зарим нь дан дээлээ тайлах янзтай шүү. Энэ хаврын улс төрийн синдромыг Ерөнхий сайд удирдах нь гэх дүр зураг ийнхүү тодроод ирэх шив.