Х.БАТТУЛГА: Бид хэмлэлдээд яахав, ажилгүйдэл, ядуурал гэсэн гол дайсантай л тэмцэе

Улс төр

Ардчилсан намын /АН/даргын суудал, тамганы маргаан нэг тийш болж шийдэгдэлгүй өдий хүрлээ. Тус нам өнөөгийн энэ янзаараа байвал 2024 оны сонгуулиар доривтой санал авч чадахгүй нь тодорхой. Иймд намын даргаа сонгох гэж хэд хэдэн удаа сунгаа зарлав. Тодруулбал, эхний сунгаанд УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Нийслэлийн Ардчилсан намын дарга Д.Пүрэвдаваа, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин, Ардчилсан Залуучуудын холбооны тэргүүн С.Эрдэнэболд нар өрсөлдсөн. Ингээд  АН-ын даргын сунгаанд санал өгсөн нийт гишүүний 53.5 хувийн саналаар тус намын шинэ даргаар О.Цогтгэрэл сонгогдсон. Гэвч түүнийг хууль бус хэмээн С.Эрдэнэ тэргүүтэй талынхан хүлээн зөвшөөрөөгүй. Харин ч цахим сунгаа хэмээн зарлаж М.Тулгатыг АН-ын даргаар тодруулсан. Гэсэн хэдий ч М.Тулгат О.Цогтгэрэлтэй нэгдэх гэсэн боловч чадаагүй билээ. Учир нь С.Эрдэнэ бас л урьдын адил “Би АН-ын дарга хэвээрээ” гээд тамга тэмдгээ буцаагаад авчихсаныг хүмүүс мэднэ. Ер нь АН 2020 оны УИХ-ын сонгуулиас хойш өнөөг хүртэл даргын суудал, тамганы хэрүүлд хутгалдаад байгаагийн гол эзэн нь С.Эрдэнэ. Тэрбээр сонгуулийн дараа ялагдсаныхаа төлөө намын дэд дарга Ц.Туваанд ажлаа өгч тамга тэмдгээ гардуулан өгсөн.  Гэвч дараагийн даргаа тодруулж амжаагүй байхад С.Эрдэнэ намын дарга хэвээрээ хэмээн мэдэгдэж тамга тэмдгээ авчихсан. Үүнээс хойш л АН-ын даргын суудал эзэнгүйдэж өнөөг хүрсэн билээ.

Ийм учраас АН-ын дотоод сонгуулийн хорооноос намын даргын сунгаа дахин зарлаж УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Ерөнхийлөгч асан Х.Баттулга нар нэр дэвшин өрсөлдсөн. Тэд  орон даяар бүх аймагт очиж, уулзалт зохион байгуулсан. Үүнд ч АН-ын гишүүд дэмжигчид идэвхтэй оролцсон юм. АН-ын гишүүдийн энэ идэвх, оролцоог харуулж, АН-ын даргын сонгуулийн санал хураалтад  маш  идвэхтэй оролцож буй нь ажиглагдаж байлаа.

Ардчилсан намын даргын сунгаа хууль бус хэмээн С.Эрдэнийн талынхан мэдээлсэн бол сунгаанд нэр дэвшигч Х.Баттулга саналын байранд  ирж саналаа өглөө. Энэ үеэрээ  Х.Баттулга "Гуравдугаар сарын 16-наас Ардчилсан намын дотоод сунгаа явагдсан. Ингээд 21 аймаг, есөн  дүүргийнхэнтэйгээ уулзаад дөрөвдүгээр сарын 3-нд  сонгуулийнхаа дүнг гаргах сонголт болж байна. Сонгуулиа хүндэтгээд  дөрөвдүгээр сарын 3-нд өөрийнхөө оршдог Хан-Уул дүүрэгт ирж саналаа өгч байна. Ардчилсан намын гишүүд намын даргыг сонгох сунгаанд маш идэвхтэй оролцож байгаа дүр зураг харагдаж байна. Цахим ертөнц харж байна. Үнэхээр сэтгэл хөдөлж байна. Ардчилсан нам маань сэргэж байна. Өнгөрсөн 14 хоногт 21 аймгаар тойроход ардчиллынхантайгаа хүсэн хүлээсэн уулзалтууд хийж, нүүр тулсан ярилцлагууд боллоо. Бид өнөөдөр энэ нөхцөл байдлаас ухралт байхгүй. Ардчилсан намын гишүүддээ, залуучууддаа, ахмадууддаа, эмэгтэйчүүддээ бүх гишүүддээ хэлж уриалахад энэ сонгуульд бүгдээрээ идэвхтэй оролцож, өнөөдөр болоод буй нөхцөл байдалд дүгнэлтээ зөв хийх нь ирээдүйн ялалтын эхлэл шүү” гэлээ.

Харин  Улсын дээд шүүхийн шийдвэрийн талаар таны сэтгэгдэл?  хэмээн асуусан сэтгүүлчийн асуултад.

-Улсын Дээд шүүх бол намыг бүртгэх  л үүрэгтэй. Энэ бол улс төрийн башир арга. Монголчууд бид бие биенээ хэмлэж боллоо. Одоо цаашид хэмлэлдээд яахав, амьдрал ахуйгаа бодъё. Бид нарын дайсан ядуурал ажилгүйдэл юм шүү гэж хэлье гэлээ.

 

УИХ-ын гишүүн А.Адъясүрэн “Ардчилсан намын гишүүний хувьд намын даргын сонгуульд саналаа өглөө. Ардчилсан нам бол гишүүн төвтэй. Гишүүд хаана байна бид тэнд байх ёстой. Намын даргын сунгаа зарласан сүүлийн 21 хоногт Ардчилсан намын 200 мянган гишүүдийн идэвх, итгэл үнэмшил маш их сэргэлээ. Монголд ардчилал дудтагдсаныг, ардчилсан хүчин үгүйлэгдэж сөрөг хүчний хяналт хэрэгтэй байгааг намын гишүүд, ард түмэн маань хэлж байна. Ийм учраас Ардчилсан намын гишүүд өнөөдөр даргаа сонгох сонгуульд санал өгч байгаа юм. Иргэд өнөөдөр  тэгш боломж, шударга ёс хүсч байна” гэв.

 

УИХ-ын гишүүн Ц.Туваан “Та бүхэн Улсын дээд шүүхийн цахим хаягаар ороод үзээрэй. Цахим санд нь Ардчилсан намыг төлөөлөх эрх бүхий этгээд гэсэн цонх онгорхой байгаа. Үүнд бүртгүүлэх нэрийг тодруулахаар намын даргын сунгаа явагдлаа. Энэ сунгаагаар хамгийн олон санал авсан хүнийг намын даргаар бүртгүүлэхээр хүсэлтээ явуулна. Улсын дээд шүүх улс төрийн намуудын хувьд зөвхөн бүртгэлийн байгууллага. Ардчилсан нам гээд өөрийн итгэл үнэмшлээр 200 гаруй мянган гишүүд нэгдэж үйл ажиллагаа явуулж байхад хөндлөнгөөс хүмүүс бүдүүлгээр оролцож байгаад харамсч байна. Ямар ч төрийн бус үйл ажиллагаа явуулж байхад хэн нэгэн нь гаднаас орж ирээд үйл ажиллагаанд нь оролцоод байдаггүй биз дээ. Ардчилсан нам гэдэг төрийн бус байгууллага өнөөдөр их хурлаараа баталсан дүрмийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа. Өнөөдөр улс орон даяар, Монгол Улсын 21 аймаг 330 сум, нийслэлийн есөн дүүрэг 200 баг дээр  бүртгэлтэй гишүүд нь намын даргаа сонгож байна” хэмээв.

Ардчилсан намын даргын сонгууль дөрөвдүгээр сарын 3-ны өдөр болохоор тов гарч, Х.Баттулга, Ж.Батсуурь нар нэр дэвшихээр сурталчилгаагаа хийсэн. Тэдний сурталчилгаа албан ёсоор дуусах өдөр буюу өчигдөр /2022.03.31/ Улсын дээд шүүхийн шийдвэр гарч, “С.Эрдэнэд байгаа тамга хүчинтэй, түүний байгуулсан Үндэсний бодлогын хорооноос хүргүүлсэн АН-ын дүрмийг бүртгэж” шийдвэрлэсэн. Ингэснээр хоёр хоногийн дараа болох АН-ын даргын сонгууль хууль бус буюу хүчин төгөлдөр бус сонгууль болох нь тодорхой болсон юм.

Тэгвэл УДШ-ийн уг шийдвэрийг С.Эрдэнийн “нөгөө тал” буюу Ж.Батсуурь, Х.Баттулга нарын өрсөлдөж буй сонгуулийг зохион байгуулагчид, гишүүд “МАН-ын захиалсан шийдвэр” хэмээн үзэж, 3-ны өдөр товлосон сонгуулиа явууллаа.  Ингээд  7-ны өдөр товлосон АН-ын Их хурал ч хуралддагаараа хуралдаж, тухайн хурлаас гарсан шийдвэрээ нэгтгэн, УДШ-д бүртгүүлэхээр хүсэлт гаргах аж.

Гэвч АН-ын хуваагдал дахин үргэлжилж нэлээд маргаан тарих бололтой. Өөрөөр хэлбэл, АН-ын даргын сунгаанд нэр дэвшигч Ж.Батсуурь нэрээ татсан нь  АН-ынхны хувьд бас нэгэн сюрприз байв. Тэрбээр "Сонгуулийн сурталчилгааны явцад Улсын дээд шүүх АН-ын “Намын дүрмийн нэмэлт, өөрчлөлт бүртгүүлэх” тухай хүсэлтийг хэлэлцээд зөрчил арилсан, уг нэмэлт, өөрчлөлт нь Улс төрийн намын тухай хуульд нийцсэн гэж үзэн хүсэлтийг хангаж, дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг бүртгэсэн. АН-ын дотор шинэ нөхцөл байдал үүссэн. Иймээс АН-ын  даргын сунгаанаас нэрээ татаж байна . АН шинэчлэгдэж, эв нэгдэлтэй байж 2024 онд заавал ялалт байгуулах ёстой. Энэ ялалтын төлөө би энэхүү шийдвэрийг гаргаж байна. Сонгуулиас нэрээ татсан хэдий ч намаа шинэчлэх үйл хэргээ үргэлжлүүлнэ" гэв. Гэсэн хэдий ч АН-ын гишүүд, дэмжигчид намын даргаа сонгох, хүчтэй сөрөг хүчин байх, 2024 оны УИХ-ын сонгуульд ялалт байгуулах гэсэн хүсэлтэй байгаа нь энэ сонгуулиас тод харагдаж байлаа. Өнөөдөр АН-ын гишүүд даргаа сонгосон хэдий ч Улсын дээд шүүхэд бүртгүүлж тамга тэмдгээ авах асуудал нэлээд бартаатай байх бололтой.