Н.Учрал: Цаг үеэ цаг үе нь өөрсдөө өөрчилцгөөе

Улс төр

 

“ШИНЭ ҮЕ-ШИНЭ СЭРГЭЛТ” ээлжит бус Их хурал хоёр дахь өдөр “ШИНЭ ҮЕ-ШИНЭ СЭРГЭЛТ” хэлэлцүүлгээр үргэлжилсэн юм.

“Нийгмийн Ардчилал” Монголын залуучуудын холбооны үе үеийн ерөнхийлөгчид МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ, УИХ-ын  дарга Г.Занданшатар, дэд ерөнхийлөгчид, аймаг дүүргийн салбар зөвлөлийн дарга нар, гишүүд, дэмжигчид Монгол Улсын өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн үзэл санаа, зорилгоороо нэгдсэн залуус та бүхэнд МАСЗХ, НАМЗХ үүсэн байгуулагдсаны 25 жилийн түүхт ойн өдөр, НАМЗХ-ны ээлжит бус их хурал боллоо.

“Шинэ үе-Шинэ сэргэлт” хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Н.Учралын тавьсан илтгэлийг тоймлон хүргэвэл.

Монгол Ардын нам 2016, 2020 он буюу  хоёр удаагийн Улсын Их Хурлын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж Засгийн эрхийг дангаар хэрэгжүүлээд даруй зургаан жил өнгөрөөд байна. Энэ цаг хугацаанд улс орны эдийн засгийг сэргээх, иргэдийн амьжиргааг сайжруулах, нийгмийн дэд бүтэц, төрийн үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, төрийн хүнд суртлыг бууруулж иргэддээ ээлтэй тогтолцоог бүрдүүлэхэд тодорхой зорилтуудыг баримталж ирсэн ч дотоод гадаад хүчин зүйлсээс хамаарсан урьдчилан тааж мэдэх боломжгүй саад бэрхшээлүүд бидний өмнө тулгарсаар байна.

Тэгвэл цар тахлын үр дагавар арилаагүй, дэлхийн улс орнуудын худалдаа, эдийн засаг цар тахлын өмнөх түвшинд хүрч, нээгдэж амжаагүй байхад ОХУ болон Украйн хоорондын геополитикийн зөрчил, хямрал дэлхий дахинд дахин ээдрээтэй нөхцөл байдлыг  бий болгоод байна.

Энэ сорилт, бэрхшээлийн үед манай холбооны хурал зохион байгуулагдаж байгаа нь чухал ач холбогдолтой бөгөөд Монгол Улсын Их Хурал, Засгийн газар, намын байгууллагууд болон хувийн хэвшил, иргэд бүхий л түвшинд, шат шатандаа хариуцлагатай, ёс зүйтэй, нэгдмэл үзэл санаа зарчимтай байх шаардлага зүй ёсоор тулгарч байна.

Залуус бид цаг үеийн дуудлагаас хоцрох ёсгүй. Өнгөрснөөс суралцаж өнөөдөртэй дүйцүүлж ирээдүйг харсан ирмүүн эрмэлзэл санаачилга дор манай холбооны залуус та бүхэн нэгдэн нягтарч бурууд хатуу, зөвд зөөлөн орчин цагийн залуусын шинэ хандлагыг цаг үетэйгээ нийцүүлж бүтээх учиртай.

XXI дүгээр зууны залуус мэдээлэлтэй, мэдлэгтэй өөр болж, асуудлыг өөр өнцгөөс харж, судалгаа шинжилгээтэйгээр ярих болсон. Үр ашиггүй хөрөнгө оруулалт, алдаатай системээс хэдхэн хүн хожих боловч, үүсэх үр дагаврын төлөөсийг бид болон бидний үр хүүхдүүд амьдралаараа төлнө. Иймд залуус бид хүчтэй, нэгдсэн дуу хоолойтой байж улс орны хөгжилд саад тотгор болсон зүйлсийг эрс шийдэмгийгээр шүүмжлэн, зохих хариуцлагыг нэхэх, зөв, шударга залуусыг нам харгалзахгүй өмгөөлөн хамгаалах нь Манай холбооны эрхэм үүрэг гэж ойлгож байна.

Өнөөдөр манай орны хөгжлийн чиг хандлага, түүнийг залж чиглүүлж буй төрийн үйл ажиллагаанд цэвэр агаар хэрэгтэй байна. Шударга ёсны салхи сэвэлзсэн, уламжлал болсон ойлголт мэт алдаа дутагдал, эрх мэдэлд шунасан албан тушаалын өрсөлдөөн, түүнээс улбаалсан буруу тогтолцоо, авлига, хээл хахууль, хүний эрхийн зөрчлийг арилгах, хүний үндсэн болон жам ёсны эрхийг хүндэтгэх, эрхэмлэх асуудлыг залуучуудын зүгээс шахаж шаардан үр минь үлдэх хорвоод үнэн амьдрах зарчимдаа нэгдэж цаг үеэ цаг үе нь өөрсдөө өөрчилцгөөе.