Чөлөөт бүсүүдийг чөдөрлөх биш чөлөөлж байж хөгжүүлнэ

Улс төр

Дэлхийн эдийн засаг дахь өрсөлдөөн улам бүр нэмэгдэж бараа бүтээгдэхүүний үнээс илүүтэй чанар, шинэлэг байдал, шинжлэх ухааны ололт амжилтыг шингээсэн байдал нь хэрэглэгчдийн татах чухал хүчин зүйлс болсон бөгөөд өрсөлдөөн дундаас ашиг олох гэсэн тэмцэл улам бүр ширүүссээр байна. Монгол Улс ч гэсэн энэхүү өрсөлдөөн дундаас ангид байх боломжгүй учир өөрийн давуу тал, нөөц баялагтаа тулгуурлан хөгжих гарцыг хайж олон тулгуурт эдийн засгийг бий болгох ирээдүйдээ үлдээх нөөцийг бодолцон тогтвортой хөгжихийг эрмэлзсээр байна. Үүний нэг нь чөлөөт бүсийг хөгжүүлэх замаар орон нутгийг хөгжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, эскпортод чиглэсэн үйлдвэрлэлийг дэмжих явдал юм. Орчин үед дэлхийн чөлөөт бүсүүд чөлөөт боомтоос шинжлэх ухаан, технологи үйлдвэрлэлийн төв болон өөрчлөгдөн байгаа үед Монгол Улсын чөлөөт бүсийн хөгжил, эдийн засаг оруулах хувь нэмэр, эрх зүйн зохицуулалт болон хөрөнгө оруулалтын үр дүнг бодит байдал зэргийн асуудлыг “Боомтын сэргэлтийн” хэлүүлцүүлэг болоод удаагүй байгаа энэ цаг үед хөндөх нь зөв болов уу.

Монгол Улсын Их Хурал “Эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай үзэл баримтлалыг 1995 онд баталж чөлөөт бүс байгуулах үндэслэл, шаардлага, онцлог зарчим, угтвар нөхцөл, баримтлах шалгуур үзүүлэлтийг тодорхойлон өдгөө хүртэл гурван чөлөөт бүс байгуулахаар хууль батлан тодорхой хэмжээний хөрөнгө оруулалтыг хийсэн боловч бодит байдал дээр чөлөөт бүсээ жинхэнэ утгаар байгуулж чадаагүй байна. Чөлөөт бүсийг газар зүйн хувьд оновчтой байршилд байгуулан гадаад худалдааны эргэлтийг сайжруулах, экспортыг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх замаар тухайн улс эдийн засгийн олон талын үр ашгийг хүртдэг. Чөлөөт бүсийг амжилтай хөгжүүлж чадсан улсуудын ихэнх нь далайн боомт болон бусад улстай хил залгаа эдийн засгийн ач холбогдолтой цэгийг сонгон байгуулдаг. Монгол Улсын хувьд газар зүйн байрлалын хувьд хоёр улстай хиллэдэг, далайд гарцгүй зэрэг онцлогоо харгалзан Оросын Холбооны улстай хиллэдэг Алтанбулаг болон Цагааннуур боомт, Бүгд Найрамдах Хятад Ард улстай хиллэдэг Замын Үүд боомтонд тулгуурлан чөлөөт бүс байгуулсан. Чөлөөт бүсийн үйл ажиллагаа амжилтай явагдахад төрийн бодлого, орон нутгийн оролцоо, бизнес эрхлэгч буюу хөрөнгө оруулагчийн дэмжлэг маш чухал тулгуур хүчин зүйл болдог бөгөөд Монгол Улсын хувьд өнөөг хүртэл хөгжүүлэхээр зорьсон 20 гаруй жилийн туршид ахиц гараагүй шалтгааныг олон талаас судлах шаардлага зайлшгүй байдаг.

Чөлөөт бүсүүдийг байгуулснаас хойш улсын төсвөөс 35 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Үүний 77 хувийг Алтанбулаг чөлөөт бүсийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажилд зарцуулсан 13 байна. Алтанбулаг чөлөөт бүсийг анх худалдааны 12 чиглэлээр байгуулсан ба 2014 оны зургадугаар сарын 22 нээгдэн үйл ажиллагаагаа эхэлсэн, одоогоор бүсийн харуул, хамгаалалтын байгууламж, түр цахилгаан хангамж, бүсийн доторх цэвэр, бохир усны шугам хоолой, усан сан, цэвэр усны эх үүсвэрийн шугам хоолой, үерийн хамгаалалтын далан, шалган нэвтрүүлэх байр, гаалийн хяналтын талбай зэрэг нь ашиглалтанд орсон. Алтанбулаг чөлөөт бүсэд бүртгэлтэй нийт 105 аж ахуйн нэгжээс 97 аж ахуйн нэгж газар эзэмшүүлэх болон хөрөнгө оруулалтын гэрээг шинэчлэн байгуулж, хамтран ажиллах гэрээгээр найман аж ахуйн нэгж бүртгэгдсэн.

2016 онд 16 аж ахуйн нэгжийн газрын төлбөр 24.6 сая төгрөгийг, 2018 оны есдүгээр сарын байдлаар газрын төлбөрийн 25.6 сая төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн14 бөгөөд тухайн бүсэд хэвийн үйл ажиллагаа эрхэлж буй 15 аж ахуй нэгж байна. Энэ нь бизнес эрхлэх болон хөрөнгө оруулалтыг татах таатай орчин бүрдсэн гэж хэлэхэд асуудалтайг илтгэж судалгаа бөгөөд үйл ажиллагаа явуулах сонирхол аж ахуй нэгжүүдэд байгаа боловч ашиг орлого олох нөхцөл бүрдээгүйг улмаар ажлын байрыг нэмэгдүүлж орон нутгийн хөгжилд томоохон ахиц дэвшил оруулахгүй байгаа нь эдийн засгийн үр өгөөжгүй байдлыг илтгэнэ. Чөлөөт бүсийг байгуулагдах, үйл ажиллагаа эхлэхэд багагүй цаг хугацаа зарцуулж эдийн засагт өөрийн үүргээ гүйцэтгэхэд дахиад хугацаа хэрэгтэй байгаагаас харахад эдийн засгийн үр ашиг хүртэх, байгуулсан зорилгоо биелүүлэх боломж ойрын хугацаанд бага байна. Энэ нь орон нутгийн хөгжил, төр хувийн хэвшлийн түншлэл болон зах зээлийн хүрээ гэсэн хүчин зүйлтэй салшгүй холбоотой. Орон нутаг бизнесийн үйл ажиллагаа эрхлэхэд тулгамдсан хамгийн түгээмэл бэрхшээл бол бүтээгдхүүнийг худалдан авах, үйлчлүүлэх иргэд буюу зах зээл байхгүйтэй холбоотой. 

Тиймээс орон нутагт иргэдийг ажиллах, амьдрах боломжийг бүрдүүлэх, шаардлагатай дэд бүтцийг бий болгох, бүсийн нөөц боломжид нь тулгуурлан тодорхой чиглэлүүдээр хөгжүүлэх замаар нийслэлийн төвлөрлийг сааруулах шаардлагатай илтгэж байна. Мөн чөлөөт бүс дэх хөрөнгө оруулалтыг шат дараалан шийдэх, нэг чөлөөт бүсийнхээ хөрөнгө оруулалтыг асуудлыг цогцоор нь төр, хувийн хэвшлийн оролцоотой шийдвэрлэх оновчтой юм. Хөрөнгө оруулалтын үр дүнд бүтээн байгуулалт, үйл ажиллагаа нь өргөжин тэлэх нь ойлгомжтой боловч зарцуулалтыг хянах, богино хугацаанд чөлөөт бүсийг байгуулж үйл ажиллагааг явуулах шаардлага байна. Учир нь өнгөрсөн хугацаанд нэг засгийн газраас нөгөө засгийн газарт эрх мэдэл шилжих явцад зайлшгүй шаардлагатай бүтээн байгуулалтын ажил хоцорч байгааг анхаарах хэрэгтэй. Чөлөөт бүсийн хөгжилд хөрөнгө оруулагч чухал үүрэгтэй бөгөөд дэлхийн ихэнх улсууд чөлөөт бүсийг хувийн хэвшилтэй хамтран байгуулсан. Хөрөнгө оруулагч нийтлэг хүчин зүйлээс гадна чөлөөт бүсэд хөрөнгө оруулалт хийхдээ улс төрийн болон эдийн засгийн тогтвортой байдал, хувийн өмчид хандах соѐл, олон улсын гэрээнд хандах уламжлал зэргийг харгалзан шийдвэрээ гаргадаг. Сүүлийн жилүүдэд улс төрийн болон эдийн засгийн тогтворгүй байдал хөрөнгө оруулагчдыг итгэлийг сулруулж хувийн өмчид халдах тохиолдол гарч байгаа нь чөлөөт бүсийг хөгжүүлэхэд бэрхшээл болж байна.

Монгол Улсын хувьд дэлхийн эдийн засгийн хөгжлийн түгээмэл хандлага, өөрийн орны өвөрмөц онцлогт нийцсэн олон хэвшил бүхий эдийн засагтай, төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна гэж заасны дагуу чөлөөт бүсийн тухай хуулийг батлан байгуулах зорилго, хэрэгцээ, шаардлагыг нь тухайн бүсэд эрх зүй, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлснээр иргэн, аж ахуйн нэгжийн экспорт, импортыг дэмжих, экспортын чиглэлийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, худалдаа, үйлчилгээний шинэ салбар, аялал жуулчлал, хөрөнгө оруулалтыг татах, транзит тээвэр, логистикийг нэмэгдүүлэх, тэргүүний техник, технологийг нутагшуулах, худалдааг хөнгөвчлөх, бүс нутгийн хөгжлийг хурдасгах замаар эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх таван зорилготойгоор байгуулахаар тусгасан. Нийтлэг байдлаараа улсуудын чөлөөт бүсийг байгуулах зорилго нь гадаадын хөрөнгө оруулалтыг татах, үндэсний үйлдвэрлэгчид бизнесийн таатай орчин бүрдүүлэх, экспортоос орлого олох, технологи дамжуулах, бүс нутгийг хөгжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, эдийн засгийн хөгжлөө хурдасгахаар байгуулж байна.

Чөлөөт бүсийг байгуулахад их хэмжээний хөрөнгө оруулалт, тогтвортой хэрэгжих төрийн зөв бодлого, оролцоо маш чухал үүрэгтэй юм. Эрх зүйн орчныг бүрдүүлэх нь хангалтгүй бөгөөд түүнийг хэрэгжүүлэх засгийн газрын үүргээ гүйцэтгэх байдлаас хамаарч хөгжлийн тулгуур болох бизнесийн оролцоог хангах явдал төрийн бодлогоос шалтгаалдаг. Тийм ч учраас тухайн чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулах аж ахуй нэгжүүдэд татварын хөнгөлөлт, чөлөөлөлт болон гаалийн хялбарчилсан горимыг санал болгодог. Тухайлбал чөлөөт бүсийн тухай хуулийг 2015 онд шинэчлэн найруулахдаа эрх зүйн орчныг таатай болгох, зорилгоор зорчигчийн худалдан авсан гурван сая төгрөг хүртэл үнийн дүнтэй барааг чөлөөт бүсээс гаалийн нутаг дэвсгэрт оруулахад гаалийн хялбарчилсан бүрдүүлэлт хийхээр, хилийн чанадаас чөлөөт бүсэд оруулах, чөлөөт бүсээс хилийн чанадад гаргах бараанд тарифын бус хязгаарлалт тогтоохгүй байхаар, барааг хилийн чанадаас чөлөөт бүсэд оруулах, чөлөөт бүсээс хилийн чанадад гаргахад гаалийн хялбарчилсан бүрдүүлэлт хийхээр, чөлөөт бүс дэх аж ахуйн нэгж, байгууллага, иргэн гадаадын иргэнийг ажлын байраар хангаж, орлого бүхий ажил, үйлчилгээ эрхлүүлсэн бол ажлын байрын төлбөрөөс бүрэн чөлөөлөгдөхөөр, чөлөөт бүсэд ажиллаж байгаа хуулийн этгээд өөрийн ажилтныг чадваржуулах, мэргэшүүлэх чиглэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн тохиолдолд зардлыг тухайн жилийн татвар ногдох орлогоос хасаж тооцохоор зохицуулсан байдаг.

 

Ч.Амарбаатар:

/МҮХАҮТ-ын дэргэдэх Чөлөөт бүсийн Хөрөнгө оруулагчдын нэгдсэн зөвлөлийн дарга/

Замын-Үүд-Эрээний Эдийн засгийн хамтын ажиллагааны чөлөөт бүсийн хамгийн том давуу тал нь Хятадын зах зээлийг бидэнд нээж өгч байгаа явдал юм. Энэ бол цэвэр аж үйлдвэрийн үйл явцыг цааш өрнүүлэх, цоо шинэ технологийн асуудал юм. Ингэснээр манайд үйлдвэрлэл хөгжиж улмаар БНХАУ-ын том зах зээлд гарах том боломжийг бий болгоно гэж хувийн хэвшлийнхэн харж байгаа.

Өнгөрсөн 30 жилд үүнийг хувийн хэвшил өөрөө даагаад яваад ирсэн. Энэ хооронд ковид, бусад гэнэтийн нөхцөл байдлаас үүдэн хил, гааль, ложистик, тээвэр тас зогссон. Энэ нөхцөлд манай төр, засаг үнэндээ ямар ч бэлтгэлгүй, энэ асуудлыг шийддэг нэг ч институт байхгүй явж ирсэн. Одоо харин үүнийг төр засаг ойлгон чөлөөт бүсэд анхаарч, боомтуудаа шинэчлэн сэргээж байгаа нь сайн хэрэг, бас нэг давуу тал болж байна. Одоо ингээд Чөлөөт бүсүүдийг байгуулан, ярьж хэлж байгаагаа хөдөлгөөд хэрэгжүүлээд явбал улам л боломжтой болно. Гэхдээ боомтуудын асуудлыг эхлээд тээвэр, ложистикоо сайжруулж, дараа аялал жуулчлалыг хөгжүүлэх зэргээр дэс дараатай шийдэх хэрэгтэй байна.

Өнөөдөр төр, засаг өөрийн өмнө хүлээж буй хууль эрхзүйн орчноо бүрдүүлээд өгчихлөө. Ингэснээр одоо хувийн хэвшлийн ажил эхэлнэ. Хоёрт, хоёр улс хил, гааль, тээвэр дээр боомтуудын хүрээнд ямар зарчмаар яаж ажиллах вэ гэдгээ хоорондоо шийдэж байх шиг байна. Энэ талын мэдээллийг бизнес эрхлэгч нарт, хөрөнгө оруулагчдад шуурхай цацах хэрэгтэй. Тэгэж байж боомтын сэргэлтийн үйл явц, Төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагаа хурдан хэрэгжинэ. Замын-Үүдийн Чөлөөт бүсийн захирагчийн ажлын алба маргааш хөрөнгө оруулагчид болон сонирхож буй талуудтай харилцан ярилцаж мэдээлэл өгье гэсэн санал тавьж байна. Сайн хэрэг. Гэхдээ энэ талын үйл явц удаан байна. 

 

Г.Ганзориг: Юуны түрүүнд үндсэн дэд бүтцээ сайжруулмаар байна

/Алтанбулаг Чөлөөт бүсийн захирагч/

Алтанбулагийн чөлөөт бүс нь 500 га талбайг хамран үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд үндсэн зорилго нь худалдаа, аж үйлдвэр, аялал жуулчлалын зориулалттай. Энэ жилийн хувьд БНСУ-ын Сангийн яамны дэмжлэгтэйгээр “Котро” олон улсын байгууллагаас Алтанбулаг чөлөөт бүст Ази-Европыг холбосон тээвэр логистикийн хамгийн том бүсийг байгуулахаар 60 га талбайд ТЭЗҮ-ийг хийж байгаа. Энэ нь чөлөөт бүсийн хөгжилд маш үнэтэй хувь нэмэр оруулах болно.

Боомт болон чөлөөт бүс сэргэхэд төр, засгийн зүгээс үндсэн хатуу дэд бүтэц буюу цахилгаан, дулаан, эрчим хүч, ариутгах татуурга зэргийг яаралтай шийдэх хэрэгтэй байна. Гадна, дотны хөрөнгө оруулагчид ирээд томоохон хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт хийе гэхэд үндсэн дэд бүтцийн асуудал хөндөндөж байна. Үүнийгээ шийдэж байж дараа дараагийн хөрөнгө оруулалтын асуудлаа шийдвэрлэхээс өөр арга алга байна л даа.

Чөлөөт бүсийн хувьд “Duty free” буюу дэлгүүрийн байдлаар ажиллаад байна гэсэн хэл ам их гарч байгаа, энэ байдлыг өргөжүүлэхийн тулд зөвхөн хүнсний чигэлэлээр биш барилгын худалдаа, ХАА-н тоног төхөөрөмж зэргийг мөн борлуулах хэрэгтэй. Түүнчлэн зөвхөн импортолж оруулж ирсэн бараа бүтээгдэхүүнийг худалдаалах биш, харин яаж бараа бүтээгдэхүүнээ экспортлох вэ гэдэг дээр илүү анхааран ажиллаж байна. Ковид цар тахал бидэнд сайн нөлөө авчирч байна. Жишээ нь жимс, хүнсний ногоо зөвхөн урд хилээс хамааралтай байдаг бол урд хилийн ачаа тээврийн гацалтаас шалтгаалан бид Европоос тухайлбал Узбекстан, Казакстан, Таджикстанаас манай улсын жимс, жимсгэнэ, нарийн ногоог хангаад явах бололцоотой юм байна гэдэг дүр зураг харагдлаа.

 

А.Энхзул:

/“Замын-Үүд Чөлөөт бүсийн захирагч/

Замын-Үүд чөлөөт бүсийн тухайд одоогийн байдлаар 88 аж ахуйн нэгж 113 га газрыг эзэмшдэг. Эдгээр ААН-үүд чөлөөт бүсэд нийт 680 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төслөө ирүүлээд байгаа аж.

Засгийн газрын тогтоолоор наймдугаар сарын 14-нөөс бид байнгын үйл ажиллагаанд орсон. Өөрөөр хэлбэл, Монголын талаас буюу дотоодын  талаас иргэд орж үйлчлүүлэх боломжоор хангагдаад явж байгаа. Одоогийн байдлаар Замын-Үүд чөлөөт бүсэд 88 аж ахуйн нэгж газар эзэмшдэг боловч гурван дэлгүүр л байнгын үйл ажиллагаатай явж байна. Цаашлаад 24 ААН энэ жил барилгын ажлаа эхлүүлнэ гээд зөвшөөрлөө авсан. Энэ тоо зургаадугаар сарын үед нэмэгдсэн үзүүлэлттэй байна байх.

Дээрх 88 ААН-ийг чиглэлээр нь харвал 41 хувь нь үйлдвэрлэлийн чиглэлээр, 34 хувь нь тээвэр ложистикийн чиглэлээр, үлдсэн хувь нь аялал жуулчлал, худалдааны чиглэлээр газар авсан. Ерөнхийдөө Замын-Үүд чөлөөт бүс үйлдвэр тээвэр ложистикийн чиглэлээр түлхүү хөгжих эдийн засгийн хамтын ажиллагааны бүс. Замын-Үүд чөлөөт бүс нь хоёр улсын анхны хамтарсан, эдийн засгийн хамтын ажиллагааны бүс болж байгаагаараа онцлог. Тээвэр ложистик гацаатай байгаа энэ үед Замын үүд чөлөөт бүс, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс маш том дэм болно. Яагаад гэвэл Замын үүд чөлөөт бүс маань 2019 оны зургаадугаар сард БНХАУ-ын Засгийн газартай хамтын ажиллагааны бүс болохоор хэлэлцээрт гарын үсэг зурсан ч соёрхон батлагдаж чадахгүй хоёр жил гаран болсны дараа 2021 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдөр соёрхон батлагдсан. Ингээд хоёр талдаа мэдэгдсэнээр 2022оны нэгдүгээр сарын 31-ээс хоёр талын чөлөөт бүс маань хамтын ажиллагааны бүс болох нь хүчин төгөлдөр болж эхэлсэн. Замын үүд чөлөөт бүс өнгөрөгч оны наймдугаар сарын 14-ий өдрөөс дотооддоо байнгын үйл ажиллагаатай болж эхэлсэн боловч хоёр чөлөөт бүсийн маань ажиллагаа эхэлж чадахгүй явсаар одоо л эхлэх боломж нь бүрдээд байна. Хамгийн түрүүнд бидний хийх ажил бол хэлэлцээрт заасны дагуу хоёр талын зохицуулах зөвлөлийг байгуулна гэж заасан байгаа. Засгийн газрын гуравдугаар сарын 7-ны өдрийн тогтоолоор Монгол талын зөвлөлийг Гадаад хэргийн сайдаар ахлуулахаар болсон байгаа. Мөн холбогдох яамны найман сайд тухайн зөвлөд орсон. Ингээд хоёр талын зохицуулах зөвлөлийн хурлыг зургаадугаар сард хийхээр бэлтгэл ажилдаа ороод байна. Энэ зөвлөл нь бодлогын том асуудлуудаа шийдэх, хоёр бүс хоорондоо хэрхэн ажлаа уялдуулах уу, хэрхэн аль аль цаг дээрээ холбогдох уу гэх мэт асуудалд тохиролцоно. Ингэснээр манай чөлөөт бүсийн үйл ажиллагаа иргэдэд байнгын нээлттэй болох бололцоо бүрдэнэ. Эхний ээлжинд хоёр бүс маань гурван гарцаар хоорондоо холбогдохоор төлөвлөлт нь явж байна. Хамгийн түрүүнд төв гарц буюу зорчигчдын гол орц гарц байгуулагдана. Харин тээвэр ложистик, бараа бүтээгдэхүүн, үйлдвэрийн чиглэлээр дараагийн орц, гарц хийгдэхээр төлөвлөж байна. тээвэр ложистикийн холболтоо авто зам, төмөр зам, жолоочгүй тээвэр гэсэн гурван байдлаар холбохоор эхний ээлжинд төлөвлөгөө гөргөөд явж байна. Боомт бол манай улсын хувьд маш чухал асуудал болж байгаа. Боомтуудынхаа сэргэлт, хүчин чадлыг нэмэгдүүлэхгүй бол болохгүй нь гэдгийг ковидын үед мэдэрлээ. Манай чөлөөт бүс Монгол улсынхаа хувьд гуравдагч том боомт болж улсынхаа эдийн засаг, тээвэр ложистикт тодорхой хэмжээний үр ашиг, дэвшилтэт үр нөлөөг авч ирэх болсонд баяртай байгаа. Бид боомтын сэргэлт, хөгжүүлэлтийг ярьж байгаа боловч хөрөнгө оруулалт маань арайхан шийдэгдээгүй байна. Төмөр зам, авто замын хөрөнгө санхүүгийн асуудал ч шийдэгдээгүй байгаа. Бид эхний ээлжинд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны концессоор хийх зорилт тавиад ажиллаж байна. Энэ сэргэлт дээр төсөв мөнгө, хөрөнгө оруулалт хамгийн чухал байдаг, иймээс Монгол Улсын төр, Засгийн газар дэмжлэг үзүүлж, хөрөнгө санхүү дээр чиглэл гаргаж ажиллах нь зөв байх гэж бодож байна.