Оюутны спортын түүхийг өгүүлсэн номтой боллоо

Соёл урлаг, Спорт

Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын үеэр спортын байгууллагуудаас явуулдаг тэмцээн наадам, бэлтгэл сургуулилт үндсэндээ зогсонги байдалд орсон үеэд Монголын оюутны спортын холбооны (МОСХ) Ерөнхий нарийн бичгийн дарга, Гавьяат дасгалжуулагч, доктор Д.Жаргалсайхан энэ цагийг ашиглан "МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ТҮҮХЭН ХӨГЖИЛТ" номыг хэвлүүлж гаргалаа. Номын редактор нь МОСХ-ны Ерөнхийлөгч, ОУОСХ-ны Ерөнхий санхүүч Д.Баясгалан, МОСХ-ны УЗ-ийн гишүүн Х.Батсайхан нар байв.

Шинээр ном гаргасанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х. Баттулга, УИХ, Засгийн газар болон Олон улсын оюутны спортын холбооны (ОУОСХ) Ерөнхийлөгч, ОХУ-ын Спортын сайд О.В.Матыцин, Ази тивийн оюутны спортын холбооны Ерөнхийлөгч, БНХАУ-ын иргэн, доктор Шуй Янчин нарын зэрэг гадаад, дотоодын арав орчим хүн баярын мэндчилгээ ирүүлжээ.

Уг бүтээл нь Монгол Улсад оюутны спортын хөдөлгөөн үүсч хөгжсөний 98 жилийн ой (1992-2020 он) Монголын залуучууд, оюутны спортын анхдугаар наадам зохиогдсоны 60 жилийн ой (1959-2019 он) Монголын тамирчид дэлхийн оюутны спортын “Универсиад” наадамд оролцож эхэлсэний 55 жилийн ой (1965-2020 он) Монголын оюутны спортын холбоо байгуулагдсаны 30 жилийн ой (1989-2019 он) ОУОСХ-ны 70 жилийн ой (1949-2019 он) Дэлхийн оюутны спортын “Универсиад” наадам зохиогдсоны 60 жил (1959-2019 он) Азийн оюутны спортын холбоо байгуулагдсаны 28 жилийн (1992-2020 он) түүхт ойн баярууд болон 2020 онд явагдах Монголын оюутны спортын V наадамд зориулагдан бүтээгдсэн байна.

Доктор Д.Жаргалсайхан номоо бичихийн тулд Бельгийн Брюссель хот дах ОУОСХ болон Бээжинд Азийн ОСХ-ны архивт сууж Монголын талаар мэдээ, мэдээлэл, зураг, баримт олж авах, бусад материалыг гадаад, дотоодоос судлах, орчуулах, унших, цуглуулах, бичих, хэвлүүлэх зэрэгт сүүлийн зургаан жил гаруйн цаг хугацаа, нөр их хөдөлмөрөө зориулан бүтээжээ.

Маргааш буюу  зургадугаар сарын 5-нд  “Мишээл экспо”-д эхлэх “Номын баяр” дээр шинэ бүтээлийг худалдаж авч болох юм байна.