МЗЭ-ИЙН ГИШҮҮН Б. БАЯРМААГИЙН ШҮЛГЭЭС ХҮРГЭЖ БАЙНА

Соёл урлаг, Спорт

Тэртээх 1990-ээд Төмөр замын дээд сургуулийн оюутан Бадарчийн Баярмаа хэмээх гэгэлгэн бүсгүй Төмөр замын утга зохиолын нэгдэл, /тухайн үеийн/ Багшийн дээд сургуулийн утга зохиолын нэгдлүүд дээр ирж шүлэг найргаасаа хайлж, шүүмж, шагнал сонсч явсан үе саяхан. Тэгвэл МЗЭ-ийн гишүүн Б. Баярмаа маань эдүгээ шүлгийн түүвэртэй, бас хэд хэдэн сайхан дуугаа өлгийдөн аваад байна. Ингээд Хөвсгөл аймгийн Ринчинлхүмбэ сум буюу, монголын хойморь нутгийн бүсгүйн шүлгээс толилуулъя.

                                                    БАГА НАС

 

Хөвсгөл далайн мөлгөр чулууг өрж тоглосон балчир нас

Хөрстийн шүүдэр дундуур хөл нүцгэлсэн өлчир нас

Хөглөрсөн бууцтай өвөлжөөнд Хурга өвсөлсөн өхөөрдөм нас

Хөх яргуй цаснаас өндийх хавраар Хувирагч зэрэглээнд хууртсан гэнэн нас

Хөөрүүлсэн сүүний өрмийг хуруугаараа цоолсон томоогүй нас

Хөвч тайгийн жимсэн охиор уруулаа будсан гоо нас

Хурмастын дор сайхан бүхэнд хөлбөрсөн бага нас...

Манан хүүшлэх уулсаа дуулах нь хувьтай л хүний жаргал

 Магад ганцхан хайраа бахдах минь өргөмжит сэтгэлтэйнх

Өргөн цэнхэр далай зүүдлэх минь зүрхний л шүтээн

Өнөд ганц ээжийгээ энэрэх нь үрийн сэтгэл ээ

Наран саран охидоо бүүвэйлэх минь тэнгэрийн л зураг

Намайг гэдэггүй чамайгаа бодох минь мөн чанарынх аа

Хонгор зүрхний угаас хайрлан суух минь амраг зангынх

Хорвоод ганцхан аавыгаа дуулах минь ухаарал cанаашралынх

Бороошиж хүйтрэх намраар тогоруун цуваанд зовних нь эхийн зөн

Болзоо учрал товлоогүй ч бодож л догдлох нь хүсэмжит сэтгэлийнх.

Оломгүй тэнгэрийн дор залбирч амьдрах минь бурханы ерөөл

Онч тэрсхэн сэтгэлдээ амрагаа дуулах л хувь заяаны эрх ээ

Лавиран хөгжүүн салхин нь аглагхан талаас сэвшээлнэ

Лааны гэрэлд шунгах нь эрвээхэйн ланчигаас үүдэллэнэ

Дасаж уярах минь далдын нэгэн совингийх

Даатгаж ерөөлөө талбих минь амгалангийн хүслээс улбаатай

                    ЧИ МИНЬ ИРСЭН

Дорно зүгт нүүсэн тэмээ тэмээ үүлийг сөгдүүлж

Долоон бурханы ивээлд сүслэн бууж

Дотно инээдээр сэтгэл цэлмээж

Доглон нулимсаар анисаг чимэглэж чи минь ирсэн

Мөнгөн тэнгэрийн аашийг тэгшилж

Мөр зүгийн салхинд хуур эгшиглүүлж

Мөрөөдлийн цаана хайр мандуулж

 Мөлхөж хөөрсөн сарыг жаргаан чи минь ирсээн

Өөвөн хөх тогоруу ганганаж ирсэн үүрээр

Өндөр дэрсний шүүдэр үсчүүлэн зам гаргаж

Өр зүрхний минь нуурыг цалгилуулан

Өрөвдөл баярын инээмсэглэлд дусал нэрж чи минь ирсээн

                                                                                  2020.06.10

                                                  СЭТГЭЛ

 Дуут мандал нь хулс зэгсний уянгатай

Дурлал хайрын мэлмэн нуур минь

Дуулимд гэрэлтэгч нарны дор

Дүүрэн мэлтэн цэлэлзэнэ биш үү

Даль мэт хайрын энхэр дэвэлт

Дусал нулимс, эрх инээдэнд бидэрлэх, дүрлэн сормуус цочмог харцат

Даанч үргээ шувуухай цэнгэж ганганан Д

аавалгаалавч зайрмагтах нуурхан минь дээ

Дан аялгуутай ийм зуныг яая даа ...

Халгисан уянга жаргалаа хагасалж

Хагацаж холдохын сэхүүн салхи л,

Амраг аалийг амдах нь намар л гэнэм...

 Хонгор сэтгэлийг аргадах онч дулаан үг ховордож

Хүслээ даваад буцах алс харгуйд жиндэвч

Ухаант хонгор хүү минь дээ чинийхээ уулга алдуулж ухаарал нэмэх сэтгэлд л халамцнам

 Хойморлож чуулсан хангал зуны саруудыг ,

Хатамжит хүслийн нандин тэр намрыг санахаар л

Хайлан долгилном... Хайрлан дуулнам...

                                                                                    

                                                                                         2020.12.08