ЗОХИОЛЧ С.УДВАЛ ГУРВАН ҮЕИЙН НАМТРАА ИЙН БИЧИЖ БАЙЖЭЭ

Соёл урлаг, Спорт

Төр нийгмийн зүтгэлтэн, Төрийн шагналт зохиолч Сономын Удвалын мэндэлсний 100 жилийн ой өнөөдөр тохиож байна. Түүний тухай  Төрийн соёрхолт, зохиолч яруу найрагч С.Оюуны 2011 онд хэвлэгдсэн “Цагийг эзэлсэн хатагтай” ном гаргасан байдаг. Эл номд  С.Удвал гурван үеийн түүх намтараа хэрхэн бичиж байсныг оруулсан байдаг.   Ингээд Төрийн шагналт зохиолч С.Удвал өөрийн түүх намтраа хэрхэн бичиж байсныг уншигч танаа сонирхуулья.

Нэг. Миний өвөг эцэг, эмэг эх цөм ядуу малчин ардууд байсан. Эцгийн аав Цэнд, эх Дунж, эхийн аав Гүндэв, эх Сэрээнэн нар мөн ядуу малчид байжээ. Булган аймгийн Дашинчилэн, Гурванбулаг суманд нутаглаж байсан гэдэг. Өөр онц мэдэх юмгүй. Өвөг эцэг чагтай харуулд хөөгдөж байгаад нас барсан. Дунж нь 108 ч юм уу 115 ч юм уу урт насалж маршал Чойбалсангаас бэлэг авч байсан гэдэг.

Хоёр. Миний төрсөн эцэг Чоймбол хувьсгалын өмнөөс бичээч байсан. Богд хан уул аймгийн "Мухар хуруу" Чоймбол гэдэг хочтой нэртэй бичээч. Долоовор хуруугаа нугалж түргэн бичдэг болохоор тэгж нэрлэжээ. Хувьсгалын дараа хоршоонд, мөн улсын хэвлэл зэрэг газар ажиллаж байсан. Баригдаж хоригдож яваагүй. 1957 онд нас барсан.

Миний эх Цэдэн Булган аймгийн Гурванбулаг, Хөгнө хаан уулын хавьд төрсөн. Эцэг Гүндэв, эх Сэрээнэн нар нь хэдэн ямаатай ядуу айл байсан. Эцэг нь нас барсан хойно эх Цэдэнг Чоймбол богтлон авсан. 20 гаруй ах байсан гэдэг. Миний ээж Цэдэн 1923 оны намын гишүүн. Богд хан уулын аймаг Лүнд /суманд/ аавтай хоёул ирж, ээж бага сургуульд галч, саальчин байж. /Самбуу дарга тэр үед аймгийн дарга байсан байна./ Хувьсгалын дараа салж, Соном гэдэг хүнтэй сууж, Өмнөговь аймаг руу явсан юм.

Миний хойд эцэг Соном Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт ядуу малчин Борын хоёрдугаар хүү болон төржээ. Соном шүүх, банк зэрэг газар ажиллаж байсан. Сумын дарга байсан. 1932 оны эсэргүү хөдөлгөөнмйг дарахад оролцож явсан. Дэлгэрхангай зэрэг газар намын үүр анх байгуулахад Самбуу даргын хамт оролцож явсан байна. "Намын амьдрал" сэтгүүлд гарсан.

Сономын дүү Норсондорж Улсын банкинд олон жил ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан. Дүү Цэнд нь Өмнөговьд 80 хүрсэн хөгшин бий. Соном 1970 онд нас барсан.

Миний төрсөн эцэг Чоймбол уулаасаа төрийн хар хүн байсан бөгөөд Сулинхээрт гаминтай байлдаж явсан гэж ярьдаг байсан. Архи их уудаг болохоор согтуу Чоймбол партизаны нэр хөөднө гээд үнэмлэх зэрэг зүйл хөөцөлддөггүй байсан. Сэлэнгийн чагтай харуул, одоогийн Алтанбулагаас зүүн тийш Хүдэр сангийн аж ахуйн хавьцаа юм уу харуулд байгаад Сулинхээрт явсан гэдэг юм. Намын гишүүн байгаагүй.

Миний эх Цэдэн намын 8-р их хуралд төлөөлөгчөөр оролцож байсан. Миний удам угсаа уулаасаа малчин, хольцоогүй халх, ядуу ардууд. Би хойд эцэг болон эхийн хамт 7-8 настайдаа Өмнөговь аймагт очоод эх тэнд нас барж, хойд эцэг Соном дахин эхнэр авч, би айл дамжин явж байсан. 1944 онд төрсөн эцгээ олж авч, бусад ах дүү нартай болсон. Тэд намайг 23-24-тэй байхад танилцаж тааралдсан бөгөөд надад нөлөөлөх ах дүү байхгүй. Тэднээс Дашинчилэн суманд намын гишүүн, улсын аварга малчин Доржийн Бат гэж хамаатан өвгөн бий. Одоо тэтгэвэртээ байгаа. Миний төрсөн дүү Намсрайн Умаандэвээ 2 настайдаа бусдад үрчлэгдэн улмаар дахин хоёр айл дамжин үрчлэгдэж явсаар 23 настай байхад нь би уулзсан, олж сурж танилцсан. Одоо ажилгүй, үйлдвэрт цөөн жил ажиллаж байсан. 56 настай. 9 хүүхэдтэй. Шатарчин Намсрайн гэр бүл байгаад Намсрай нас барсан. Надад нөлөөлөх ах дүү байхгүй. Бусад орны хүмүүстэй гэр бүл болж байсан хүн байхгүй. Хэрэг төвөгт холбогдсон хүн байхгүй.

Гурав.  Миний бие Булган аймаг, Дашинчилэн сумын нутаг Өрхтэй гэдэг газар төрсөн. 1921 оны 2 сарын 23 гэж бичдэг. Цагаан сарын битүүнд төрсөн гэдэг. Улаанбаатарт хоёрдугаар бага сургууль, мөн 3-р бага сургуульд тус бүр нэг жил суралцсан, бага, дунд сургууль төгсөөгүй, гэртээ бичиг сурч, 7 настайгаасаа Халиугчин боролзойн хошуунд /Одоогийн Баянцогтын сангийн аж ахуйн хуучин төв хавьд байсан/ тал бичээч хийж эхэлсэн. Дараа нь Улаанбаатар хотод аав ээжтэйгээ ирээд Өмнөговь явсан. Ээж тэнд нас барсан.

-Өмнөговьд 1933 оноос Аймгийн яам, Цэргийн хэлтэс, Намын хороонд бичээч 1937 он хүртэл хийгээд 1937 онд Багшийн сургуульд ирж, 1938 онд Дотоод яаманд бичээч, намын хороонд эмэгтэйчүүдийн зохион байгуулагчаар ажиллаж, 1941 онд Намын шинэ хүчний дээд сургуульд орсон. 1942 онд сургуулиасаа дөрвөн хүний хамт Дорно дахины институтэд суралцахаар яваад 1944 онд уг сургууль хаагдсан учир бүгд буцаж яваагүй. Аймгийн сонинууд бий болоход Өмнөговьд сонины эрхлэгчээр томилогдож ажиллаад, 1946 онд Намын шинэ хүчний дээд сургуульд орж, нэг жил суралцаад урьд суралцсанаа гүйцээж төгсгөсөн. 1947 онд намын "Үнэн" сонины суртал ухуулгын хэлтсийн даргаар ажиллаад дараа нь орлогч эрхлэгчээр ажилласан. 1949 оноос Намын төв хороонд Эмэгтэйчүүдийн хэлтсийн дарга бөгөөд Монголын эмэгтэйчүүдийн төв зөвлөлийн даргаар ажилласан. 1954 оноос Монголын үйлдвэрчний эвлэлийн Төв зөвлөлийн дарга, Эмэгтэйчүүдийн төв зөвлөлийн даргаар хавсран ажиллаж байсан. 1957 онд ЗХУ-д Коммунист намын дээд сургуульд явж суралцаад, 1960 онд төгсч ирсэн. Сургуулиудад онц дүнтэй суралцаж байсан. 1960 оноос "Намын амьдрал" сэтгүүлийн эрхлэгч, 1961 оноос Монголын зохиолчдын хорооны даргаар хавсран ажиллаж 1962 онд сэтгүүлийн ажлыг өгч, 1974 оны 7-р сард Зохиолчдын хорооны даргын ажлаас чөлөөлөгдсөн.

1962 оноос Монголын эмэгтэйчүүдийн хорооны даргын ажлыг хавсран гүйцэтгэсэн. Эмэгтэйчүүдийн хорооны даргын ажлыг одоо хүртэл хийж байна.

1942-1943, 1944 оноос бусад бүх жилүүдэд 1939 оноос эхлэн эмэгтэйчүүдийн байгууллагад сонгуульт болон томилолтоор ажиллаж ирлээ.

-1940 онд намын гишүүнээр Дотоод яамны намын үүрт 3-р сарын 20-нд элссэн. Эвлэлийн гишүүнд 1938 онд мөн яамны эвлэлийн үүрт элссэн. Үйлдвэрчний эвлэлийн гишүүнд 1948 онд элссэн. Гишүүнээс гарч байгаагүй.

-Намын XI, XII, XIII, XIV, XV, XVI, XVII их хурлуудаас Намын төв хорооны орлогч ба жинхэнэ гишүүнээр сонгогдож, XIV, XV, XVI, XVIII их хуралд төлөөлөгчөөр сонгогдон оролцсон.

Ардын их хурлын 1,2,3,4,5,6,7,8,9,10 дахь удаагийн сонгуулиас Их хурлын депутат,1960 оноос 1982 онд Ардын их хурлын тэргүүлэгч гишүүнээр сонгогдсон.

Залуучуудын Эвлэлийн их хуралд төлөөлөгчөөр сонгогдож байсан. Мөн эвлэлийн төв хорооны товчооны гишүүн байсан. Үйлдвэрчний Эвлэлийн их хурлаас Төв зөвлөлийн тэргүүлэгчээр, мөн Төв зөвлөлийн даргаар сонгогдон ажиллаж байсан. Монгол-Зөвлөлтийн найрамдлын нийгэмлэгийн их хурлуудад оролцож тэргүүлэгчээр сонгогдон ажиллаж байсан.

Монголын зохиолчдын эвлэлийн 1,2,3,4,5,6,7 их хурлуудад төлөөлөгчөөр оролцож, Зохиолчдын Эвлэлийн хорооны бүгд хурлын гишүүн, хорооны дарга, нарийн бичгийн даргаар сонгогдсон.

-БНАСАУ-д Парламентийн төлөөлөгчийн бүрэлдэхүүнд 1961 онд явсан. БНСЧСУ-д 1979 онд Парламентийн төлөөлөгчдийн тэргүүнээр оролцсон. /ажиглагчаар/ 1947 оноос эхлэн Олон Улсын Ардчилсан Эмэгтэйчүүдийн холбооны Зөвлөлийн хурлуудад, мөн холбооны 2,3,4,5,6,7-р их хуралд оролцсон. Зөвлөлийн гишүүн, мөн манай байгууллага товчооны гишүүн учир Товчооны хуралд оролцдог. Олон улсын зохиолчдын хурлууд, Ази Африкийн эв санааны нэгдлийн холбооны хурлууд, Ази Африкийн зохиолчдын хурлуудад оролцож, товчооны гишүүнээр сонгогдож байсан. Одоо "Лотас" сэтгүүлийн зөвлөлийн гишүүн, Дэлхий дахины Энх тайвны зөвлөлийн гишүүн, Олон улсын утга зохиолын шүүмжлэгчдийн Холбооны гишүүн зэрэг сонгууьтай. НҮБ-ын хоёр удаагийн бага хурал, мөн семинарт төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг тэргүүлж оролцсон.

- МАХН-ын Төв хорооны баярын бичиг болон хүндэт үнэмлэхээр шагнагдсан 1946 онд "Алтан гадас" одонгоор анх шагнагдсан. Дайны үед сурч байхдаа фронтод туслах ажилд хэрээрээ оролцсон. Хөдөө Өмнөговьд фронтын мэдээ нэвтрүүлэх, мөн тусгаар тогтнолоо батлах ажлыг зохион байгуулах дайны ялалтыг сурталчилах ажилд оролцсон. Зөвлөлтөд сурч байхад шархтныг сувилах, зам болон хамгаалалтын ажилд оюутнууд бид оролцож байсныг харгалзаж мөн Намын үүрийн дарга, Эвлэлийн хороо, Эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүлэгч, биеийн тамирыг эрхэлсэн зэргийг харгалзан шагнасан болов уу. Бас цаашид сайн ажиллах найдвар хүлээлгэсэн байхаа. Ингэж бодож, анхны өндөр шагнал хүртсэнээ одоо эргэн тод сайн санаж байна.

Дөрөв. Миний ам бүлд отгон хүү Өнөсайхан, миний гар дээр өсч хүмүүжиж байгаа ач охин Өнөрзул нар байгаа. Бусад хүүхэд гэр бүл болон тусгаарласан. Өнөсайхан ЗХУ-д Багшийн дээд сургуульд, ач охин Өнөрзул Улаанбаатар дахь Зөвлөлтийн сургуулийн 6-р ангид сурч байна. Охин Өнөдэлгэр 2 хүүтэйгээ байдаг. Улсын их сургуульд багш. Хүү Өнөбаатар Шүүх яаманд, нэг хүү Өнөтэгш НАХЯ-д ажилтай, нэг хүүтэй. Би Балжирийн Багаажавтай 1944 онд гэр бүл болж байгаад 1963 онд салсан.

Миний ах дүү, төрөл садангийн хүмүүсээс гадаадад суугаа хүн байхгүй.

 

                                               Намтраа үнэн зөв бичсэн Сономын Удвал

                                                                                   1981.02.07