КОРОНАВИРУС ӨВЧИН БОЛОХООС ДАЙСАН БИШ

Нийгэм, Эдийн засаг

Дэлхий нийтээр тархаад байгаа корона хэмээх  цар тахал манай улсыг ч тойрсонгүй , дайрч байна. Гадаадын улс орнууд энэ өвчнөөр өвчилсөн хүмүүсээ тахалд өртсөн хүнд өвчтөн гэдгээр нь хүлээн авч эмчилгээ үйлчилгээ үзүүлж , тэдэндээ яаж хандаж байгааг хүн бүхэн л харж мэдэрч байна.

Гэтэл манай улсад бараг л эсрэгээрээ энэ өвчнөөр өвдсөн  хүн бараг хүнд гэмт хэрэг  хийсэн мэт тооцогдож хүний тооноос хасагдах нь холгүй л байх шиг байна. Янз бүрийн байдлаар  гадуурхагдаж, олон нийтийн хэл амнаас айж бараг л өвчнөөсөө илүү хүнд дарамтад орж байгаа нь олон тохиолдлоор илэрсээр. Энэ бүхний нэгээхэн илрэл нь сүүлийн хэдэн өдөр олон нийтийн сүлжээгээр шуугиж байгаа дөнгөж төрсөн эмэгтэйг зөөвөрлөж байгаа үйл явдал билээ. Үнэхээр ч шуугихаас аргагүй дүн өвөл,  идэр есийн хүйтэнд дөнгөж төрсөн эмэгтэйг  гэрийн халад, улавчтайгаар дан алчууртай авч яваа нь монгол хүнээс гарамгүй үйлдэл. Үүнийгээ Нэгдүгээр төрөх эмнэлгийн дарга Г. Баясгалан “Яараад ийм байдал гаргачихаж уучлал хүсье” гэсэн атлаа яг албан тушаалаас нь халах гэхээр “Бид буруугүй, ХӨСҮТ-ийн эмч нар авч явсан” гээд гэдийчих жишээтэй.

Монголчууд мал төллөхөд хүртэл ингэж ханддаггүй шүү дээ, арга ядаад л ингэж хэлж байна. Энэ эмэгтэй, энэ ээж  дөнгөж төрсөн нярай ингэж гам алдсанаас болоод  насан туршийн ямар нэгэн өвчтэй болоход хэн хариуцлага үүрэх нь тодорхойгүй. Тэр төрөх эмнэлгийн эмч ажилчид бүгд өнөөдөр ажиллаж байгаа шинэ хүмүүс биш нь лавтай, гэтэл тэд яаж ингэж хандаж чадаж байна аа.  

Мэдээж удахгүй төрөх гэж байгаа, сая төрсөн  ээжүүдийг  эрсдэлд оруулахгүй гэсэндээ яарсан  байж болох  гэж зөвтгөх гэж хэчнээн оролдоод ч чадахгүй нь. Ийм хайхрамжгүй, цэвдэг хүйтэн байдал улсын чанартай бүхий л эмнэлгүүдэд байдаг нийтлэг төрх. Хүмүүнлэгийн элч төлөөлөгч гэдэг цагаан халаадтай эмч, эмнэлгийн ажилчдын маань хандлага арай л биш байна уу даа.

Өөрсдөө хүүхэд төрүүлж байсан, хүүхэд охид нь өнөөдөр хүүхэд төрүүлж байгаа тэр эмэгтэйчүүдийн хувьд жаахан ч гэсэн хүн сэтгэл байсан бол нэг тэргэнцрээ байг гэхэд  нэг носилк, нэг хөнжил олоод хучаад авч гарч болох л байсан. Даанч  сэтгэл л дутсан хэрэг.  Хариуцсан эмнэлгийн ажил , үйлчилгээ, эмч нарын хандлага ийм байхад миний буруу биш, манай эмнэлгийн буруу биш гээд алдаа дутагдлаа хүлээн зөвшөөрөхгүй  сандал ширээтэйгээ зууралдаад суух удирдлагыг юу гэж ойлгох вэ.

  Урьд нь алдаа дутагдал гаргасан ч бай , гаргаагүй ч бай  дөнгөж төрсөн энэ эмэгтэйд ингэж ёс зүйгүй,  хүн  чанаргүй  хандсаныхаа төлөө, зөвхөн энэ үйлдлийнхээ хариуцлагыг хүлээгээд   ажлаа өгч яагаад чадахгүй байна вэ. Ард нь ямар эрх ашиг унац байгаа болоод энэ албанд ингэтлээ зууралдана вэ.   Өөрөө ч юм уу,  өөрийн нь ах дүү хамаатан садан нь байсан бол ингэж хандах байсан гэж үү эмнэлгийнхэн. Цагаан халаадтай, хүний амь нас аврах тангараг өргөсөн эмч нар минь дээ, та нар минь хэлэх ч үг олдохгүй байгаа нь үнэхээр харамсалтай.  

Чухамдаа өнөөдөр коронавирус туссан хүнийг эгэл олон бүү хэл эмч эмнэлгийн ажилтнууд “өвчинд нэрвэгдсэн хөөрхий нэгэн, энэ хүнд эмнэлгийн тусламж хэрэгтэй, түргэхэн эдгээгээд авах юмсан” гэхээсээ илүүтэй  хүн зоныг, ялангуяа өөрийг нь хорлохоор аюулт өвчин тээгээд ирж байгаа дайсан мэт харж байгаа нь ганц энэ ч биш олон удаагийн үйлдэл дээр харагдсаар байна.

Сэлэнгэ аймгийн Баруун хараагаас ирсэн 10 настай хүүхдийг 22-ын товчоон дээр хоёр цаг саатуулаад эцэст нь авчирсан хойноо ЭХЭМҮТөвийнхөн эхээс нь тусгаарлана энэ тэр гэсээр байгаад нас баруулчихдаг, германы Франкфуртэд чехээс ирсэн эмэгтэйг коронавирустэй гээд онгоцны буудал дээр орхичихдог  гээд хүмүүнлэг сэтгэлээ орхиж гээсэн жишээ өчнөөнөөрөө нэг. Эмч нар нь ингэж хандаж, харьцаж байгаа болохоор иргэд ч ингэж байгааг гэрийнхэн нь коронавирус илэрсний төлөө тусгаарлагдаж байгаад гэртээ очсон хоёр хүүхдийг орцоор нь оруулахгүй хөөж тууж байгаа, коронавирус туссан хүний гэрийн хаалган дээр “Энэ айл коронавирустэй” гэсэн хаяг нааж ялгаварлан гадуурхаж байгаагаас харж болно.