ИРГЭДЭЭС ДӨРВӨН ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАЛИЛСАН ХЭРГИЙГ ПРОКУРОРТ БУЦААВ

Нийгэм, Эдийн засаг

Орон сууцны урьдчилгаа нэрээр иргэдээс дөрвөн тэрбум төгрөг залилсан “Нарны хүү, сарны охин” ХХК-ын захирал Д.Гүрсоронз нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж өнгөрлөө.

Улмаар хэргийг нэмэлт мөрдөн ажиллагаа хийлгэхээр Баянзүрх дүүргийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь заалт /Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно/, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан /Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн/-ыг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад /Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан/ заасан гэмт хэрэгт холбогдуулан Д.Батбаяр, Д.Гүрсоронз,  Д.Одгэрэл нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байдаг.

Уг хэрэг нийт 456 орчим оролцогчтой бөгөөд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хоёр танхим болон онлайн хэлбэрээр хэргийн оролцогчдийг шүүх хуралд оролцуулах ажлыг тус шүүхийн тамгын газраас зохион байгуулж ажилласан байна.