СУДАЛГААНД ОРОЛЦСОН 5 ХҮН ТУТМЫН 4 НЬ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ВАКЦИН ХИЙЛГЭНЭ ГЭЖЭЭ

Нийгэм, Эдийн засаг

Бүх нийтийн бэлэн байдал буюу хөл хорио хүн амын хөдөлмөр эрхлэлтийн байдалд сөрөг нөлөө үзүүлж байгаа билээ.  Удаан хугацаанд үргэлжилсэн цар тахал, хөл хорио нь бизнесийн орчин, нөхцлийг маш ихээр муутгаж байна.   Ингээд Үндэсний статистикийн хорооноос  “Ковид-19” цар тахлын нөлөөлийн судалгаа хийжээ.  

ХАА-н хөдөлмөр эрхэлдэг өрхүүдийн амьжиргаа сүүлийн хоёр шатны судалгааны хооронд мөн л дордсон байна.

Хувиараа бизнес эрхэлдэг гэж хариулсан өрхүүдийн 85 хувь нь хатуу хөл хорионы үеэр бизнесээ эрхлэх боломжгүй болжээ. Орлого буурсан гэж хариулсан хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн 27 хувь нь бүр огт орлогогүй болсон гэж мэдээлсэн байна. Өрхүүдийн бизнесийн алдагдал үргэлжлэх төлөвтэй байгаа ба хувиараа бизнес эрхэлж буй 3 өрх тутмын 2 нь ирэх гурван сард борлуулалтын орлого нь буурна гэсэн төсөөлөлтэй байна.

Хөл хорионы үед цалинтай хөдөлмөр эрхлэгчдийн 30 орчим хувь нь ердийн үеийнх шигээ ажлаа хийх боломжгүй болсон ба тэдний тал нь цалингаа бүтнээр болон хэсэгчлэн авахаар байв.

Хүмүүс хөдөлмөр эрхлэх боломжгүй болж орлогын алдагдалд орж эхэлсэнтэй зэрэгцэн хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байгаа нь амьжиргаа муутай иргэдийн хувьд хүнсний аюулгүй байдлыг нь улам бүр дордуулж байна. 

Судалгаанд оролцсон өрхийн 87 хувь нь хүнсний дэлгүүр явах тоогоо багасгаж, гурван өрх тутмын хоёр нь хүнсний бүтээгдэхүүнийг ердийн хэрэгцээнээсээ их хэмжээгээр нөөцлөөгүй байна.

Хүн амын коронавирусээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаарх мэдлэг харьцангуй өндөр байгаа ба судалгаанд хамрагдсан 5 хүн тутмын 4 нь “Ковид-19”-ийн эсрэг баталгаатай вакциныг үнэ төлбөргүй хийлгэх хүсэлтэй байв.

Бүх нийтийн бэлэн байдлын үе буюу хөл хорионы үед  эмнэлгийн үйлчилгээний хүртээмжтэй байдал тасалдсан. Эмчилгээ хийлгэх шаардлагатай байсан 3 хүн тутмын 1 нь эмнэлгийн үйлчилгээ авч чадаагүй бөгөөд үндсэн шалтгаан нь эмнэлгээс халдвар авах эрсдэлтэй гэж үзсэн болон гэрээс хөл хориотой холбоотой байв.