Хятадад 1500 өрөөтэй тусгаарлах эмнэлгийг 5 хоногт барьжээ

Дэлхийн мэдээ

Хятадын Хэбэй мужид сүүлийн өдрүүдэд covid-19 өвчний томоохон голомт илэрч, тархалт нэмэгдэх болсон учир тусгаарлах түр эмнэлгийг маш богино хугацаанд барьжээ. Тодруулбал, Нангон хотын гадна орших үйлдвэрийн цогцолборт 1500 өрөө бүхий тусгаарлах байрыг нэгдүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн ердөө таван өдрийн дотор босгосон байна. Ирэх долоо хоногт дахин 5000 өрөө нэмж барихаар төлөвлөж байгаа ба энэхүү эмнэлгийг урьдчилж бэлтгэсэн бэлэн хавтангаар босгож байгаа юм.

Тус эмнэлгийн өрөө бүр 18 метр квадрат талбайтай бөгөөд цахилгаан халаагуур, ариун цэврийн өрөөгөөр бүрэн тоноглогджээ. Түүнчлэн тусгаарлагдсан хүмүүсийг уйдаахгүйн тулд Wi-Fi сүлжээгээр хангасан байна.

Нангон хотод нийтдээ 6500 өрөөтэй тусгаарлах байр яаралтай байгуулах ба эхний ээлж нь ийнхүү ашиглалтад орж байна. Мөн Хэбэй мужийн төв Шижязуань хотод 3200 өрөөтэй тусгаарлах эмнэлгийг барьж эхэлжээ. Дээрх тусгаарлах эмнэлгийн барилргын явцыг тус улсын CGTN телевиз шууд дамжуулж байна.