МЗЭ-ийн ШАГНАЛТ, ЗОХИОЛЧ ЯРУУ НАЙРАГЧ С. Эрдэнэчимэг

Соёл урлаг, Спорт

Тэрбээр  “Дэндүү гэгээн хайр”, “Хөлчүү цагийн хүсэл”, “Гэрэлт хайрын цэцэг”, “Хөх хун”, “Надад итгэ”, “Газрын тамга” зэрэг яруу найргийн түүвэр, Жорж Хиейртийн “Вильгельм”түүхэн роман, Луйза Хейгийн “Амьдрал ба гайхамшиг”, сэтгэл зүйн роман, “Амьдралын дараачийн учрал”,Тэнгэр уулын монгол цэрэг роман”, “Ил хан Хүлэг”, “Ил хан Өлзийт”түүхэн роман  зэрэг олон сайхан бүтээлтэй нэгэн. Түүний “Дуу шиг сайхан бүсгүй” дуу залуусын дунд хит болон дуулагдсаар буй.  Ингээд найрагч бүсгүйн утга уянгын зарим шүлгээс уншигч танаа өргөн барьж байна.   

                            Эх орон минь

Эх орон минь танхыхаа агуу их алдрын оройд

Эрэлхэг өвөг дээдсийн цууут ялалтыг тунхаглая

Яруу сайхан магтаалын далайг мэлтэлзүүлье

Ялдам хөгжмийн давалгааг эгшиглүүлэн өргөе

Эх орон минь таныхаа агуу алдрын оройд

Эзэн чингис, хаан суудалт хөвгүүдээ тунхаглая

Хаадын хаад оюуны суутнуудаа залан өргөе

Хас тамгат Очирваань бурхадаа алдаршуулья

Эх орон минь танхыхаа агуу их алдрын оройд

Эрэмгий монголын их жанжидын сүрийг тунхаглая

Таван эзэнт гүрнээр дэлхийн хөрсийг тамгалсан

Тахих заяат монгол эрсийг дуудан цууриатуулъя

Эх орон минь таныхаа агуу их алдрын оройд

Энэ замбуутивийг төвнхүүлсэн эр зоригоо тунхаглая

Хуурын эгшигтэй монгол аян данг дээжлэн өргөе

Хулсан бийрийн татаас цэцэн билгийг дэлгэн өргөе

         

                   Чи бидэн хоёр

Хаяа үгүй тэнгэрийн элч билээ би

Хайлан дуулагч эгшиглэн билээ чи

Хөшиг үгүй нарны ширхэг билээ би

Хөгжөөнт цагаан оддын  туяа билээ чи

Ариусан мэлмэрэгч нуур билээ би

Аялгуу асгарагч хуур билээ би

Хөглөн дуурсагч уянга билээ би

Хөөрөн догдлогч солонго билээ чи

Догдлон хүлээгч саран билээ би

Дорноос манхайгч наран билээ чи

Мөндөр цагаан үнэн билээ би

Мөнхийг дуулагч аялгуу билээ чи

             

               Амьдрал

Цөлд хуягаа хаяж гүрвэл амилна

Цөм нь шатах дэлхий амьдрал тээнэ

Хүүхдийн дуу хадаж хүн төрнө

Хүсэл хяслын ирмэгт бид өснө

Наймаалж тэмтрүүл үржинэ

Нарс хушинд хэрэм, зурам гүйлдэнэ

Там диваажингийн адилгүй амьдрал

Талархал гунигийн ороомог эргэнэ

Талд тургилах тахь хулангийн сүрэг

Тансаг ариухан вансэмбэрүү хонгорзул

Далай дүүрэн загас хорхойн сүрэглэл

Далд ертөнцийн сүг сүнс эс төрөгсөд

Нэртэй нэргүй дүрстэйн дүрсгүйн

Нэгдмэл том амьд гулдмай арвалзана

Долоон тэрбум ухаантай ухаангүй

Доголон бүтэн ариун, ариун бусын баг

Аварга энэ ертөнцийн сорууд хэмээгдэж

Арал дэлхийгээс ангарагт туршуул нисгэнэ

Нүсэр энэ амьдралаас нүүрээ буруулах

Нүргээнт энэ хөгжлөөс салж амрах агшин

Бурханд хүрэх гэрлийн  хүрдийг олох

Буян ариуслын  гэгээн зам гэнэм