NETFLIX-ийн шилдэг цуврал "DARK" ТВ8 телевизээр үзэгчдэд хүрнэ

Соёл урлаг, Спорт

NETFLIX-ийн шилдэг цуврал "DARK" ТВ8 телевизээр албан ёсны онцгой эрхтэйгээр тун удахгүй үзэгчдэд хүрэх гэж байна. 

Германы шинжлэх ухаан-уран зөгнөлт “Dark” цуврал нь Баран бо Одар, Янтье Фризе нарын бүтээл. Гурван хэсгээс /season/ бүрдэх энэхүү цувралын эхний анги 2017 оны арванхоёрдугаар сарын 1-нд үзэгчдэд хүрч байсан юм. Сүүлийн анги 2020 оны зургаадугаар сарын 27-нд олны хүртээл болсон.

Алдарт  цуврал нийт 26 ангитай. Цувралын үйл явдал зохиомол хот болох Германы Винден хотод өрнөнө. Хоёр хүүхэд алга болсноор цуврал эхлэх ба Винден хотын дөрвөн гэр бүлтэй холбоотой олон нууцыг нээж, олон үеийг хамарсан цаг хугацаагаар аялан, аймшигт нууцыг дэлгэнэ.

Винден хотод төд удалгүй өсвөр насны хүүгийн цогцос олдоно. Энэ нь 33 жилийн өмнө 12 настай байхдаа алга болсон дүүтэй нь адилхан болохыг хотын цагдаа Уилрик Нилсен олж илрүүлнэ. Гэхдээ моргийн эмч хүүг ердөө 13 цагийн өмнө үхсэн гэж тогтоосон нь хачирхалтай байлаа. Энэ зуур хаа нэгтээх өрөөнд хүүхдүүдийн толгойд хачин жигтэй юм углаж, юу ч юм туршиж байгаа нь харагдана. Хачин жигтэй явдлууд үргэлжилсээр…Энэ бүгд хотын захад байдаг агуйтай ямар нэгэн сэжмээр холбогдож байлаа.

Тэр нь ямар нэгэн нууцлаг хар хүч юм болов уу гэтэл цаг хугацаагаар аялуулаад ч байгаа юм шиг...Түүнийг нь ашиглаад хэн нэгэн гэмт хэрэг хийгээд байгаа юм болов уу гэтэл бас үгүй ч юм шиг... Хэн, хэзээ, хаана, юуг, яагаад хийгээд байгааг үзэгчид огт ойлгохгүй.

Netflix-ын герман хэл дээрх анхны бүтээл болох “Dark” цувралд 1921, 1953, 1986, 2019, 2052 гээд таван өөр онд үйл явдал өрнөдөг. 

Цувралын туршид цаг хугацааны оршин тогтнох утга, түүний хүний мөн чанарт үзүүлэх нөлөөг бид харах болно.

“Dark” бол “Netflix”-ийн Германд хийсэн анхны бүтээл. Кино шүүмжлэгчид энэхүү цувралын өнгө аяс, харааны эффект, жүжигчдийн ур чадвар, хөгжим, өгүүлэмжийг өндрөөр үнэлдэг билээ.

Та бүхэн ТВ8 телевизийг сонгож, алдарт цувралтай хамт байгаарай.