У.Хүрэлсүх, Ч.Хүрэлбаатар: Юун үхрийн гуя, Монгол Улс мөнгө байхгүй

Улс төр

Х.ӨЛЗИЙ

Нэгэн хэсэг коронавирус хэмээн шуугьж байсан бол одоо сонирхол нь буурсан уу, намдаж байтал эрх баригчдын ярьж шуугьдаг нэг сэдэв нь Монгол Улс мөнгөтэй эсэх тухай яриа болов. Ерөнхий сайд, Сангийн сайд хоёрын яриа зөрөөд энэ улс орны сан мөнгөтэй ч юм шиг, мөнгөгүй ч юм шиг бүр учир нь олдохоо больж орхив. 

Хэргийн учир нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ цар тахлын үед айл өрх, иргэд, аж ахуйн нэгжүүдээ дэмжих хүрээнд өрх бүрд нэг сая төгрөг олгоё гэж хэлснээс хамаг юм эхэлсэн гэж болно. Өгүүлэх нь:

 

Айл өрх, аж ахуйн нэгжээ дэмжье

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга цар тахлын үед иргэн, өрх, аж ахуйн нэгжүүдээ эрсдэлээс хамгаалахын тулд өрх бүрд нэг сая төгрөг олгох тухай санал  гаргаж өнгөрөгч 2020 оны арваннэгдүгээр сарын 17-нд Ерөнхий сайд У.Хүрэл­сүхэд албан бичиг хүргүүлсэн. 

 

...Уг нь Төрийн тэргүүний санал санаачилгад мөнгийг “Монголбанкинд байршуулъя” л гэж хэлсэн болохоос биш энд мөнгө хэвлэе, тэгээд тараая гэсэн нэг ч үг үсэг байхгүй. Гэтэл яахаараа У.Хүрэлсүх, Ч.Хүрэлбаатар нар гэнэт яагаад мөнгө хэвлэж тараах тухай яриад эхлэв ээ. Өнөө айлын үхрийн гуя хулгайлсан хулгайч “манайд хулгай оржээ” гэсэн үг сонсонгуутаа “Юун үхрийн гуя” гээд өөрийгөө бариад өгсөн гэдэг шиг юм болж байгаа юм биш биз...

 

Эндээ өрх бүрт нэг сая төгрөг олгох хөтөлбөр боловсруулж арванхоёрдугаар сарын 1-нээс 2021 оны нэгдүгээр сарын 1-ний дотор хэрэгжүүлэх, ингэхдээ 200 мянган төгрөгийг бэлнээр олгож  үлдэх 800 мянган төгрөгийг  зөвхөн үндэсний үйлдвэрлэгчдээс архи согтууруулах ундаа,  тамхины төрлөөс бусад бараа бүтээгдэхүүн худалдан авах эрхийн бичиг ваучер хэлбэрээр олгох нь зүйтэй гэсэн юм. 

 

У.Хүрэлсүх: Бидэнд мөнгө байхгүй

 

Төрийн тэргүүний энэ санал бүхий албан бичгийг хүлээн авсныхаа дараа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2020 оны арванхоёрдугаар сарын 2-нд болсон Засгийн газрын хуралдаан дээр  “Эдийн засгийн энэ хүнд үед бидэнд мөнгө байхгүй. Биднийг иргэдэд нэг сая төгрөг өг гээд байгаа” гээд  “Засгийн газарт мөнгө байдаг бол ард иргэд үр хүүхэд, өвгөд хөгшдөөсөө  харамлаад байх зүйл байхгүй. Үнэндээ тийм мөнгө байхгүй” гэж онцолжээ. 

Монгол Улсын Засгийн газрыг тэргүүлж байгаа, энэ улсад хэдий хөрөнгө мөнгө байгаа, төсвийн орлого зарлага гээд бүхнийг хамгийн сайн мэдэж байх ёстой Төсвийн ерөнхий захирагч, Ерөнхий сайдын энэ үгнээс үзэхэд  Монгол Улс мөнгөгүй гэдэг нь тодорхой байна. Засгийн газрын тэргүүн арай худал хэлээгүй байх. Үүнийг нь Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нь бас баталж иргэдэд тараах мөн­гө байхгүй гэж хэлсэн байдаг. 

 

Х.Баттулга: Мөнгөгүй гэж байгаа бол тэр хүн ажлаа муу хийж байна гэсэн үг

 

Засгийн газрын тэргүүн нь “улс мөнгөгүй” гээд нэгэнт хэлчихсэн болохоор  Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ нэгдүгээр сарын 10-нд Үндэсний олон нийтийн телевизэд өгсөн ярилцлагынхаа үеэр “Улсын төсөв яагаад мөнгөгүй байгаа юм. Хэн төсөвтэй байлгах ёстой юм. Энэ бол Засгийн газрын ажил. Сангийн сайдын менежментийн ажил. Хэрэв Сангийн яам мөнгөгүй гэж байгаа бол тэр хүн ажлаа муу хийж байна гэсэн үг. Чаддаг хүнд нь өг гэсэн зөвлөмж өгмөөр байгаа юм. Мөнгөгүй тусгаар тогтносон улс гэж байж болохгүй шүү дээ” гээд мэдэгдчихлээ. 

Үнэхээр МАН 2016 онд мөрийн хөтөлбөртөө “нэг ч татвар нэмэхгүй, шинээр татвар бий болгохгүй” гэж амласан атлаа засгийн эрх авсныхаа дараа ганц сарын дотор есөн төрлийн татвар нэмж, иргэдийнхээ нуруунд ачаа нэмж байсан болохоор  төсөвт орж ирдэг мөнгө жилээс жилд нэмэгдсээр л байгаа. Тэр мөнгө хаачив гэж Төрийн тэргүүн асуух нь мэдээж. 

 

Б.Хүрэлбаатар: Би төсөв мөнгөгүй гэж хэлээгүй

 

Эрх баригчид ийм үгэнд сандарч тэвдэж эхлэв. Бодоход Ерөнхий сайд урьд хэлснээсээ буцаж одоо өөр зүйл хэлэлтэй биш, Сангийн сайдаа л түлхсэн биз. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нь тэгээд Төрийн тэргүүний энэ ярилцлагын ердөө маргааш нэгдүгээр сарын 11-нд санд мэнд “Би төрийн санд “оффшорын мөнгө” орж ирээгүй гэж хэлсэн, харин төсөв мөнгөгүй гэж хэлээгүй” гэжээ. Засгийн газрын тэргүүн нь, өөрөө “Төсөвт мөнгөгүй, мөнгө байсан бол иргэдээсээ харамлахгүй” гэж байсныг бүр мартчихаад ярьж байгаа нь энэ. 

 

УИХ-ын тогтоолын төсөл

 

Ингээд Засгийн газар мөнгөгүй гээд гэдийгээд байхаар Монгол Улсын төрийн тэргүүн ард иргэдээ дэмжих  өөр арга зам хайж эхэлсэн. Юу гэвэл,  төрийн өндөр албан тушаалтнуудын улс  ард түмнээс хулгайлж, авлигад авч, гадаад оронд, оффшор бүсэд нууж хадгалсан мөнгөнөөс оруулж ирснийг айл өрхөд дэмжлэг болгон өгөх тухай санаачилга гаргав. Үүнийхээ хүрээнд  “Өрх бүрд нэг сая төгрөг”-ийн тэтгэлэг олгох бодлого, арга хэмжээг хэрэгжүүлэх “Коронавируст халдварын цар тахлаас үүдэлтэй амьдралын доройтол, нийгэм, эдийн засгийн бэрхшээлийг даван туулах онцгой арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төсөл боловсруулж, өнгөрсөн долоо хоногт УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан. Энэ бол оффшор бүсээс орж ирсэн мөнгөн хөрөнгийг Монголбанканд Төрийн сангийн тусгай данс нээн байршуулах тухай. 

Үүнийгээ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга  оффшор бүсээс орж ирж байгаа мөнгийг улсын төсөвт оруулбал шууд төсвийн алдагдлаа нөхчихнө. Тэгэхээр Монголбанкинд байршуулаад  тэндээсээ иргэдэд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлж болох юм гэсэн үүднээс  УИХ-ын тогтоол гаргуулж эрх зүйн орчинг нь бүрдүүлэх гэсэн юм хэмээн тайлбарлаж байна. 

 

Цаасан мөнгө хэвлэх буюу юун үхрийн гуя

 

Монгол Улсын Ерөнхийлөг­чийн оффшорын мөнгийг Монголбанкинд байршуулах тухай яриа гарангуут л МАН-ынхан цаасан мөнгө хэвлэх яриа гаргав. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар шууд л маргааш өглөө нь “Харин “оффшорын мөнгө” нэрээр Монголбанкаар мөнгө хэвлүүлж тараалгавал төгрөгийн ханш 2012-2016 онд хоёр дахин унасан түүх давтагдана” гэж жиргэсэн байх юм. Үүний өмнө ч Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ч “Ард иргэдээ хуурч цаасан мөнгө хэвлэж гүйлгээнд гаргаж болохгүй. Эргээд мах талх, цахилгаан дулааны үнэ өснө” гэж бүр эрт хэлж байж.

Уг нь Төрийн тэргүүний санал санаачилгад мөнгийг “Монголбанкинд байршуулъя” л гэж хэлсэн болохоос биш энд мөнгө хэвлэе, тэгээд тараая гэсэн нэг ч үг үсэг байхгүй. Гэтэл яахаараа У.Хүрэлсүх, Ч.Хүрэлбаатар нар гэнэт яагаад мөнгө хэвлэж тараах тухай яриад эхлэв ээ. Өнөө айлын үхрийн гуя хулгайлсан хулгайч “манайд хулгай оржээ” гэсэн үг сонсонгуутаа “Юун үхрийн гуя” гээд өөрийгөө бариад өгсөн гэдэг шиг юм болж байгаа юм биш биз. 

Сангийн сайд Ч.Хүрэл­баатарын “Монголбанкаар мөнгө хэвлүүлж тараалгавал төгрөгийн ханш 2012-2016 онд хоёр дахин унасан түүх дав­тагдана” гэсэн үгийг ан­хааръя. Тэр үед Сангийн сайд Ч.Улаан, Ж.Эрдэнэбат нар л бай­сан. МАН-ынхан зүүдээ ярих гээд хулгайгаа ярина гэгч болж бай­гаа юм биш биз гэсэн хар төрөх. 

Ийнхүү Монгол Улсын Засгийн газар, МАН-ынхан, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар айл өрх бүрт нэг сая төгрөг олгох замаар үндэсний үйлдвэрлэлээ дэмжих саналыг жадлан эсэргүүцсээр байна. Коронавирусийн цар тахлаас үүдээд хил хааж, хөл хорио тогтоосноор  айл өрх, аж ахуйн нэгж бүрийн амьдрал хэцүүдэж байгаа үед энэ мөнгө айл өрхийн амьжиргаанд нэмэр болоод зогсохгүй 80 хувь нь өнөөдөр хаалгаа барьж дампуурах дээрээ тулаад байгаа аж ахуйн нэгжүүдэд тус нэмэр болох юм л даа уг нь. 

Хэн нэгэн хүнд хэрэгтэй, ард түмний амьжиргаанд нэмэр тустай юм ярьж байвал шээс нь гоожих шахан сандарч, бусдынхыг няцааж, өөрсдөө тийм санаачилгын эзэн автор болох гэж нэр томъёог нь өөрчилж байдаг зангаараа МАН-ынхан цахилгаан дулаан, усны мөнгийг тэглэсэн. Уг санаа нь зөв ч харамсалтай нь угаасаа мэдлэг мэргэжил тааруу эрхмүүд нь ямар ч тооцоо судалгаагүй хандаж хүрэлсүх нь шууд попорч зар цуу болон  сүржигнэснээр эхний нэг хоёр хоногт хэдэн цахилгаан станцаа арай л нугасалчихаагүй, өчнөөн олон жижиг сажиг осол аваар гараад өнгөрсөн. Ингээд  “ниргэсэн хойно нь хашгирав” гэгчээр журам боловсруулан байж өнгөрсөн оны хэрэглээний жишигтэй харьцуулан тэглэх, илүү гарсныг нь төлүүлж байх болсон. 

Гэлээ ч одоо айл өрхүүдийн цахилгааны мөнгө өмнөх жилээс хэт их гарч байгаа тухай зарга тасрахгүй байгаа. Хэргийн учир нь өнгөрсөн жил айл бүр ажил хэмээн өглөө гараад, орой ирдэг байсан бол энэ жил бүгд гэртээ байж цахилгааны хэрэглээ өссөнтэй ч холбоотой байх. Нөгөө нэг хардмаар зүйл нь эзгүй байгаа айлын цахилгааны төлбөр ч их гараад байна гэдэг. Үнэндээ цахилгааны ямар ч мэдлэггүй нэг хэрэглэгч тоолуураа хазайлгаад, элдэв юм хавчуулаад гүйлтийг нь зогсоодог юм чинь цахилгаан бичигчид нь нэг багаж хүргээд л тоолуурын заалтыг хэдэн зуугаар нь урагшлуулчихаж ч байж мэдэх шүү дээ. Засаг бол ард түмнээ мөлжих, тэднээс мөнгө харамлах аргаа яаж ийгээд л олно.