М.ЦЭЛМЭГ
Бээжингийн нисэх онгоцны буудлаар дайран шуудХятад улсын Хүнань мужийн төвболох 3000 жилийн түүхтэй, аз жаргалын хот Чаньшаруу ниссэн юм. Чаньша Хуанхуа нисэх буудалд буухад тус буудал нь Хятадын бусад том хотуудыг бодвол жижгэвтэр ч гэлээ, их цэвэрхэн санагдсан. Уг хот 11800 км² газар нутагтай, 10 сая хүн бүхий аймгийн энтэй хот аж. Хүмүүсийнх нь биеэ авч яваа байдал нэг тийм намуун аястай, барууны маяг бага зэрэг нэвтэрсэн гэлтэй харагдана. Хэдийгээр анх удаа очиж буй ч нэг л тийм таатай мэдрэмж төрүүлнэ. Гэрэлтсэн өндөр шилэн барилгууд хотыг бүхэлд нь чимсэн байв. Чаньша хотоо зааглан хуваах Сян голын эргээ даган бүх насны хүмүүс алхална. Тэд цаанаа л нэг тайван, намуун агаад тэднээс аз жаргалтай дүр төрхийг харж болно. Аргагүй шүү дээ, сүүлийн 12 жил Чаньша хот “Аз жаргалтай хот”-оор шалгарчээ. Бидний тэнд байх гурав хоногийн хугацаанд бороотой, бүүдгэрч гэлээ дулаахан байлаа. Бороо хүчтэй шаагиж орохгүй ч ганц нэг дуслан, тэнгэр бүрхэг, холын бараа харагдахгүй манан татаж, хотоо зааглаж буй Сян голоор завьтай, усан онгоцтой хүмүүс хөвөх нь бидний хувьд сонирхолтой ч нэг бодлын уйтгартай мэт. Чаньша хотын том зочид буудлуудын нэг болох Shunsnine зочид буудлын 15 давхрын цонхоор харж зогсохнээ гудамжны цэвэр цэмцгэр байдал, өглөө үүрээр ажлаа эхлэх үйлчилгээний байгууллагууд, шөнөжин холхих автомашин гээд бүх зүйл эмх цэгцтэй байх нь аанай л бидний цагаан атаархлыг төрүүлэхийн сацуу “Манай нийслэл хэзээ ийм болох бол” гэсэн захгүй бодолд автуулна. Хотын төвөөр үүргэвчтэй аялагч залуусыг ихээр харж болно. Учир нь тус муж аялал жуулчлал их хөгжсөн төдийгүй Хятадын аугаа их удирдагч Мао Зэдуний төрсөн нутаг болохоор сонирхохоор ирсэн жуулчид их байдаг аж. Бидний хувьд Маогийн тухай дурдах нь илүүц биз, түүнийг 1949 онд Бүгд Найрамдах Хятад Ард Улсыг үүсгэн байгуулсан юм. Үүнээс гадна 1921 онд байгуулагдсан Хятадын коммунист намын үүсгэн байгуулагчийн нэг гэдгийг мэддэг хүн бүхэн мэддэг, сонссон гэхэд эргэлзэхгүй байна.
Үдшийн шар гэгээтэй зэрэгцэн өнөөх өндөр, өндөр барилгууд өнгө өнгөөр солонгорон, өдөр мэт тод гэрэлтэнэ. Эдгээр тэнгэр баганадсан барилгын гэрлэн чимэглэл эргэн тойрондоо гэрэл цацруулах нь бас л сүртэй. Энэ хотод төөрөх боломжгүй мэт санагдсан, учир нь төөрөх гээд байвал чиг заагч хийж болмоор гэрэл цацруулсан өндөр барилгууд хаа сайгүй. Хэдийгээр бороо ороод, цаг агаар хүйтэн байна гэх ч хятадын ямар ч хотод очиход байдаг ногоон байгууламж, өндөр ургасан мод, нүд чимэх цэцэгс энд мөн л адил хаа сайгүй алаглана. Тэдний хүйтэн бидэнд бол дулаан намрыг санагдуулна. Чаньша хот 10 сая хүн амтай том хот гэлээ ч түгжрэл гэдэг зүйлийг харсангүй. Түгжрэлтэй хотод амьдраад, стрессдэж сурсан над мэтийн хүмүүс, энэ их машин тэргийг яаж түгжрэлгүй зорчуулж байгааг ойлгох ухаан үнэндээ хүрсэнгүй. Хүн ихтэй, олон машин сүлжилдэн буй хотын түгжрэлийг төвөггүй шийдэж болж байхад манайх “яагаад, яагаад” болдоггүй юм бол. Үүнд, мэдээж сэтгэл дутахын зэрэгцээ эрхтэн дархтануудын “идэж уух” шунал л ихээхэн нөлөөлж байгаа болов уу.
Мөн Чанша хотод сонирхол татсан гэзрын нэг бол Хуансин явган хүний худалдааны гудамж байлаа. Мэдээж холоос очсон хүмүүсийн хувьд үзэсгэлэнт газрууд, түүх дурсгалын үзмэрүүдийг үзэхээс гадна чанартай бараа хямдхан үнээр авахыг хүсдэг шүү дээ. Тэр л утгаараа бид тус гудамжаар тал өдөр явсан. Тэнд дэлхийн брэндээс эхлээд дотоодын үйлдвэрийнх нь дэлгүүр гээд бүгд бий. Үнэтэйгээс эхлээд боломжийн үнэтэй чанартай бараа нүд эрээлжлүүлнэ. Нээрээ л худалдаа үйлчилгээгээ нэг дор төвлөрүүлэн, худалдан авагчдын цаг завыг хэмнэсэн үйлчилгээ үзүүлж буй нь их таалагдсан гэдгийг хэлмээр байна.
Өөрийгөө хятад хоолонд гайгүй гэж бодсон ч Чаньша хотын хоол бол арай л халуун ногоо ихтэй санагдсаныг нуух юун. Аргагүй, чийгтэй газар амьдарч буй хүмүүс халуун ногоо идэж байж чийгтэхээс биеэ хамгаалдаг аж. Хэдийгээр халуун ногоо ихтэй ч хятад амтлагч багатай мэт санагдсан.
Энэ муж, энэ хотод ирээд үзсэн харсан зүйлээсээ заримыг нь онцлон уншигч та бүхэндээ хүргэхийг зорилоо.
ЖҮРЖ ЖИМС,САРНАЙ ЦЭЦЭГ, АЛАГЛАСАН “ЖҮРЖИЙН АРАЛ”
Энэ хотод ирсэн хэн бүхний үзэх ёстой газрын нэг бол Жүржийн арал гэнэ. Бид уг арал дээр ирээд зугаалгын жижиг автомашинаар тойрсон. Уг арал нь Чанша хотыг чимэглэн урсах Сян голын дунд оршдог. Энэ арал дээр жүрж тариалдаг, арлын хэлбэр жүржтэй төстэй учраас ингэж нэрлэсэн гэнэ. Энэхүү арал нь нийт 37.09 га талбайг хамардаг. Арлын хэсгийг жуулчдад зориулан ногоон байгууламж, төрөл бүрийн сарнай цэцгээр чимэхээс гадна зам дагуу том, жижиг сортын жүрж тариалсан байв. Нээрээ л тэгж нэрлэхээс аргагүй. Жүрж хаа сайгүй, моддын мөчрийг бөхийлгөн саглайна. Гэхдээ биднийг очих энэ үед ургацаа хураасан байгаа нь тэр гэнэ. Сарнай, жүржийг хослуулан алаглуулснаар жилийн дөрвөн улирлын туршид маш үзэсгэлэнтэй харагддаг учраас мужийнхаа хамгийн алдартай найман үзмэрийн нэг гэж нэрлэгдэх болжээ. Жүржийн арлын аялал жуулчлалын гол үзмэр нь Мао Зедуны хөшөө гэх. Хятадын коммунист намын дарга асан Мао Зэдун 1952 онд уг арал дээр очин Чинь Юань Чун хэмээх шүлэг бичжээ. Мөн арлын эргээр зугаалан амарч, усанд сэлэх, нар жаргахыг харахаар ирдэг байсан гэдгийг ч хөтөч маань хэлж байлаа. Түүнээс хойш Жүржийн арлын нэр хүнд маш ихээр өсчээ. Чаньша хотынхон Мао удирдагчаараа бахархаж, хотынхоо нэрийн хуудсыг болгосон байна.
УУЛЫН ДАЙТАЙ ТОМ ХӨШӨӨ БҮТЭЭЖЭЭ
Бас нэг зүйлийг хэлэхэд удирдагчийнхаа хөшөөг зураг мэт бүтээсэн явдал. Энд онцлохын учир нь бүхэл бүтэн нэг том уулын дайтай хөшөөг зураг мэт бүтээсэнд байгаа юм. Хөшөө гэдэг ийм л байдаг байлгүй дээ гэж өөр хоорондоо ярих зуураа өөрсдийн бүтээдэг хөшөөг ч харьцуулан хүүрнэж амжив. Юмыг хийсэн шиг хийнэ гэж үүнийг л хэлдэг байх. Жүржийн арлын гол үзвэрүүдийн нэг болох Хятадын коммунист намын дарга асан Мао Зэдуны 32 насны дүр төрхийг мөнхлөн бүтээсэн 93 метр урт, 41 метр өргөн, 32 метрийн өндөртэй гантиг чулуун хөшөө юм. Уулын дайтай хөшөөгөө зүгээр ч нэг урлачихаагүй, орчныг нь үнэхээр гайхалтай тохижуулжээ. Уулын бэлээр өнгө өнгийн цэцэг алаглах агаад түүнтэй зэрэгцэн бичил цэцэрлэгт хүрээлэнг бий болгон, жуулчдынх аятай, тухтай байх орчныг бүрдүүлжээ. Тэнд мөн л гадаад, дотоодын жуулчид пиг цуглаж, ямар сайндаа л зураг авахуулах зай олдохгүй ийш тийш гүйлдэнэ. Сайхан зүйлийг сайхнаар нь хэлэхээс өөр яалтай билээ. Хаана ч очсон “шил татаастай”, гэхдээ бидэнд ч ийм цаг, хөгжил удахгүй ирнэ гэдэгт итгэж байна. Хэдийгээр энд ирээд хагас өдөр болоод буцсан ч “дахин тухтай ирж, амарвал аятайхан газар юм байна даа” гэх бодолд хүлэгдэн буцсан юм.
АЗ ЖАРГАЛЫН “ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН”-ГҮҮД
Харин зорьж очсон өөр нэг газар маань голын эрэгт байрлах цэцэрлэгт хүрээлэн. Энэ хотод иргэдийнхээ ая тухтай байдлыг хангасан ийм цэцэрлэгт хүрээлэн 22 байдаг юм билээ. Нээрээ л цэцэрлэгт хүрээлэн гэж энийг л хэлдэг байх гэмээр сэтгэл сэргээж, атаархал төрүүлэм байсан шүү. Голын эргээ дагуулан байгуулсан уг цэцэрлэгт хүрээлэн нь төрөл бүрийн мод, цэцэгсийг өнгө алаглуулан тарьж, зам харгуйг уран сэтгэмж шингээн, урлаг болгон тавьсан үнэхээр үзүүштэй санагдсан. Нас насны хүмүүс эрэг дагуух цэцэрлэгт хүрээлэнд агаарлана, амарна, алжаалаа тайлна, зугаална. Цаг хийгээд завтайсан бол тэр хүрээлэнд өдөржин зугаалангаа, юм бодон “эмормоор” санагдсанаа нуух юун. Ийм сайхан газар 22 ширхэг байдаг гэж бодохоор л. Иргэдээ эн тэргүүнд тавьж, амарч алжаал тайлах бүхий л бололцоог нь бүрдүүлсэн ийм газар “аз жаргалын хот” байхаас ч яах вэ дээ.
АТААРХАЛ ТӨРҮҮЛЭМ “МАНГО” ТВ
Бас нэгэн зорьж очсон газрын нэг нь Чаньша хотын Хунань радио телевикийн хорооны станцын “Манго” ТВ юм. Манго телевиз рүү хүссэн хүн болгон орж чаддаггүй бөгөөд биднийг газарчлан явсан Өвөрмонгол бүсгүй “Та нарын хүчинд энэ сайхан телевизийг орж үзэх боломж гарлаа. Хүүхэд байхаасаа л үзэхийг хүсч байсан. Өдий хүртэл үзэж чадаагүй явсан. Та нарт баярлалаа” гэж хэлэх вэ дээ. Бид ч мөн ялгаагүй, ийм сайхан боломжийг өгсөн Монгол Улс дахь БНХАУ-ын элчин сайдын яамныхандаа болон элчин сайд, хатагтайШэнь Минжуаньд талархсанаа илэрхийлэх нь зөв байх. Манго ТВ нь хятад улсдаа соёл урлагийн хөтөлбөрөөрөө алдартай төдийгүй тус соёл урлагийн нэвтрүүлгүүд нь АНУ, Малайз, Зүүн Азийн 10 гаруй оронд цацагддаг бөгөөд 243 сая гадаад үзэгчтэй, дэлхийн 17 хэлээр нэвтрүүлгээ бэлтгэн цацдаг гэх. Үзэгчдийнх нь 90 хувь нь 25-аас доош насны хүүхэд, залуус. Соёл урлагийн тухайд 79 төрлөөр нэвтрүүлэг, мэдээлэл бэлтгэн үзэгчдэд хүргэдэг аж. Үнэхээр л алдартай байхаас аргагүй. Яагаад гэхээр бид урлаг соёлын хэсгийг нь үзэхээр телевизийн төв орох үүднээс автобусаар явж очсон гээд боддоо. Тэгэхээр Манго ТВ ямар том, цар хүрээ нь ямар гэдэг нь харагдаж байгаа байх. Соёл урлагийн хэсэг болох барилга байгууламжийг ямар том гэдгийг яриад ч хэрэггүй биз. Солонгын долоон өнгөөр солонгорох долоон өнгө бүхий барилга байгууламж бол тус телевизийн соёл урлагийн хэсгийн барилга байгууламж юм. Тэнд өнгөөр ялгасан барилгуудыг үечлэн барьсан байх бөгөөд нэг өнгийн барилгаас нөгөөд хүрэх шатыг телевизийн эфир мэт гэрэл, дүрс ээлжлэн асахаар төлөвлөн хийж. Гэрэл дүрсэд нь сатаараад шатаа олохгүй хий гишгэж ч болзошгүй санагдсан. Өнгө өнгийн барилгуудад театр, зургийн ордон, шууд нэвтрүүлгийн ордон, цэнгээнт нэвтрүүлгийн ордон гээд том талбай бүхий олон хүний суудалтай орднууд оршино. Зөвхөн хөгжөөнт нэвтрүүлгийн ордон л гэхэд 4000 хүний суудалтай юм билээ.
Энэ телевизийн бас нэг онцолж хэлмээр зүйл бол “ТВ арилжаа, онлайн худалдаа” байлаа. Тэд өөрсдөө хүүхдийн тоглоом, залуусын хувцас, бэлэг дурсгалын зүйл нэлээд зүйлийг үйлдвэрлэдэг аж. Тэдний худалддаг зүйл энэ хотын хүүхэд залуусын хувцасны чиг хандлага болоод эд хэрэглэл болдог гэдгийг тус телевизийн тайлбарлагч бидэнд хэлсэн юм. Нээрээ л үйлдвэрлэсэн зүйлийн үзэсгэлэнг нь үзээд явж байхад аргагүй нүд булааж байсан юм. Захиалга ч их байдаг гэсэн. Сониуч зан хөдлөөд, ТВ худалдаа нь тус телевизийн санхүүгийн тодорхой хувийг бүрдүүлдэг эсэхийг асуухад “Энэ тухай бид мэдэхгүй ” гэсэн хариулт өгсөн. Арга ч үгүй биз дээ, бүх салбар, хэсгүүд нь тусдаа байрлах бөгөөд өөрсдөдөө оногдсон ажлаа л хийдэг биз. Хөл доор байх дүрс, гэрэл алагласан өндөр шатнууд, том том орднууд, хараа булаах барилга, хийцүүд гээд тоочоод байвал энд байгаа олон зүйл бүгд л сүртэй харагдсаныг хэлмээр байна.
ШАОШАНЬ ДАХЬ МАОГИЙН ХӨШӨӨТ ЦОГЦОЛБОР
Чаньшагаас аугаа удирдагч Мао Зэ Дуний төрсөн нутаг Шаошань хотруу хурдны замаар 1:30 минут давхин хүрсэн юм. Тухайн үед хятадын ядуу тосгодын нэг байсан аж. Гэвч энэ нутгаас аугаа удирдагч төрж, дундад улс өнөөдрийн энэ том хөгжил, том гүрний суурийг тавьсан гэж бодохоор түүнийг хүндлэхээс ч аргагүй юм. Шаошань бол ёстой нэг тийм ”амар амгалан”-г мэдрүүлсэн сайхан хот байлаа. Дуу чимээ багатай, орчин нь цэвэрхэн, сайхан. Зам дагуу харжээ явахад Шаошаньчууд хийсэн, бүтээсэн болгондоо том, жижиг гэлтгүй сэтгэлээ шингээн хийсэн нь анзаарагдаж байсан. Замын хажуугийн явган хүний зам, дугуйн зам, гэрэлтүүлэг гээд. Гэрэлтүүлэг нь гэхэд л уламжлалаа шингээсэн улаан дэнлүү шиг хэлбэртэй, явган зам, дугуйн зам гэхэд ширхэг ч чулуу үл харагдана. Түүнчлэн нөгөө тэнгэр баганадсан өндөр барилга нэг их харагдахгүй ч гэлээ уламжлал шингэсэн дунд зэргийн тансаг байшингууд харц булаана. Энд жуулчид голдуу ирдэг болов уу гэж санагдсан. Тэгээд ч тэрбум гаруй хүн амтай улс тул дотоодын жуулчид бүр илүүтэй. Албан байгууллагаараа яваа төрийн албаны хүмүүс ч харагдана лээ. Гэхдээ энэ байдал зөвхөн миний явсан тэр хэсэг гэдгийг тодотгон хэлэх хэрэгтэй байх. Мэдээж энэ хотыг зорихын учир нь аугаа удирдагчийн хөшөөт цогцолбор болоод амьдарч байсан гэр нь юм. Цогцолборт очоод мөн л нөгөө цагаан атаархал төрж байлаа. Зүгээр нэг хөшөө босгоод, талбай тохижуулаад ингэж их жуулчин татах гэж “байдаг аа” л гэж бодогдсон. Тэнд очсон хүмүүс удирдагчийнхаа хөшөөнд том, бага нь хамаагүй заавал баглаа цэцэг авч өргөдөг юм байна. Тэр зардлаараа уг цогцолбороо санхүүжүүлдэг байх. Үнэхээр л очсон хүмүүс нь ч тэр, угтсан үйлчилгээнийх нь ч тэр бүгд сэтгэлээсээ хандаж байгаа нь харагдаж байлаа.
Хөшөөнөөс цааш хөдлөөд удирдагчийн амьдарч байсан байшинг сонирхсон юм. Уг байшинг сонирхохын тулд тал өдөр дугаарлалаа. Түүний амьдарч байсан байшин, эдлэж хэрэглэж байсан эд зүйлсийг яг тэр үеийн мэт маш сайхан засварлан жуулчдад үзүүлэх аж. Түүнээс гадна тэр орчинд очсон хүмүүст дээр хэлсэнчлэн амар амгаланг мэдрүүлэх тийм ногоон, тайван орчинг бүрдүүлж чаджээ. Хэсэг талбайг нь ашиглаад хүнсний ногоо ч тариалсан байв.
Бид ч бас 44 жил төр барьсан удирдагч Ю.Цэдэнбал даргынхаа “төрсөн сумыг ийм болгож яагаад болохгүй гэж” гэсэн бодол хэсэгтээ л бодогдоод салсангүй. Заавал том нүсэр байх албагүй ч даргынхаа онцлогийг шингээсэн бүхнийг олон түмэндээ дэлгэн үзүүлэхэд зорин очих хүн бишгүй л байгаа.
ЭХ СУРВАЛЖ: МОНГОЛЫН МЭДЭЭ
0 Сэтгэгдэл