“Ламхай нар маань хичээл номоо орхигдуулаагүй”

Бусад

Энэтхэг улсын Дели хотоос 2000 км-ийн зайтай газар  шавилан суудаг Монгол ламаахай нарыг эх оронд нь авчрах шаардлага үүссэн талаар мэдээлэл цацагдах болсон. Иймээс Энэтхэг улсад нөхцөл байдал ямар байгаа талаар тус улсад 17 жил суралцаж буй лам О.Мангалтай онлайнаар холбогдож, тодрууллаа.  Тэрбээр “Бидний нөхцөл байдлыг бодитоор харж, зөвхөн нэг газрыг харж дүгнэхгүйгээр хоёр талаасаа ойлголцоосой.  Энэ цаг үед бие биеэ сэтгэл санааны хямралд оруулахгүй амар тайван байхыг хичээнгүйлэн хүсч байнагэдгийг чухалчлан хэлсэн юм.


 -Танд энэ өдрийн мэнд хүргэе. Та бүхэн сайн сууцгааж байна уу. Бидэнд өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг О.Мангал гэдэг. Би Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн дэргэдэх дацангаас 2003 онд Энэтхэгт хүрэлцэн ирж, суралцаад 17 жил болж байна. Одоо төгсөх зиндаандаа явж байна. Бид нийт 19 жил суралцдаг. Цаашаагаа үргэлжлүүлэн шалгалт өгвөл 22 жил суралцаж, зургаан жил шалгалт өгнө гэсэн үг.

-Энэтхэгт суралцаж буй сургуулиа товчхон танилцуулбал. Хэчнээн монгол хүүхэд шавилан суралцаж байна вэ?

-Бидний суудаг хийдийг Сэра жэ дацан гэдэг. Өмнөд Энэтхэгийн Карнатака муж Майсур хоттой хамгийн ойр тосгон байдаг. Манай хийд Дели хотоос 5000 орчим км зайтай. Хийдийг маань анх Богд ламын ойрын шавь байгуулсан бөгөөд одоо байгуулагдаад 601 жил болж байна. Түүний дараагаар Сэра жэ дацан буюу их сургуулийг Гүнчэнлодойринчэнсэнгээ гэж лам байгуулсан. Монголчуудын хувьд Тавдугаар Далай ламаас хойш энэ дацантай их холбогдсон байдаг. Өмнө нь Халхын гурван зулын хоёр болох Ламын гэгээн Заяын гэгээн тэргүүтэй монголын олон мэргэд дээдсүүд маань суралцаж байсан газар.

Дараагаар нь манай улсаас хамгийн анх 1992 онд шавиа явуулснаас хойш 2020 оныг хүртэлх хугацаанд Монголоос тодорсон дөрвөн хувилгааны хойд дүр, нэг Гэвш, төгсөх зиндааны дөрван лам гээд нийтдээ 110 лам нар суралцаж байна. Одоогийн байдлаар Брагри ламын хойд дүр Дарва Бандидын хойд дүр Жамьяангарав хувилгааны хойд дүр болон Гэвш Сэнгээ ринбүүчийн хойд дүр суралцаж байна. Ерөнхийдөө Самло хамцан/аймаг/ ба Хардон хамцан гэсэн хоёр хамцанд монгол лам нар маань харьяалагдан сууцгаадаг.

-Энэтхэг улсад цар тахлаас урьдчилан сэргийлэх хөл хориог хэзээ тогтоосон бэ. Сургуулийнх нь үйл ажиллагаа хэрхэн үргэлжилж байгаа бол?

-Манай сургуулийн хувьд 2020 оны гуравдугаар сарын 23-ны өдөр хүртэл хурал ном хэвийн үргэлжилж байсан. Тэгээд Энэтхэг улс даяар гуравдугаар сарын 27-ны өдрөөс албан ёсоор хөл хорио тогтоож эхэлсэн. Хөл хориог дөрөвдүгээр сарын сүүлч хүртэл тогтоосны дараагаар дахин сунгаж, тавдугаар сарын 3-ны өдөр хүртэл тогтоосон. Одоогийн байдлаар улс даяараа гэрийн хөл хорио тогтоосон хэвээрээ байна. Бид бүхэн энд байгаа цагаач Төвдийн байгууллагаас зуны эхэн сарыг дуустал хөл хорионд байх зөвлөмжийг өгсөн. Энэтхэг улсад буддын гүн ухааныг гүнзгийрүүлэн судалдаг томоохон зургаан дацан бий. Эдгээр дацангийн Хамба лам нарын зүгээс Энэтхэг улс хэзээ хөл хориогоо цуцалж, сургуулийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ тэр хугацаанд сургуулиа нээнэ гэдэг байр суурьтай байгаа.

Манай сургуулийн нэг лавринд 33 монгол лам нар суралцдаг. Бид өглөөний 06.00 цагаас босч, оройн 22.30 цаг хүртэл үзэх ёстой хичээлээ онлайнаар авахаас гадна өмнө нь үзсэн хичээлээ сонсоод байж байна. Манай энд дунд сургуульд суралцаж буй хүүхдүүдийн хувьд англи хэл, математик, шинжлэх ухаан тэргүүтэй хичээлүүдийн гэрийн даалгавраа хийж, орхигдуулахгүй явж байна.

-Сургуульд шавилан суралцаж буй лам нарын биеийн халууныг тогтмол хэмждэг гэж байсан. Хөл хорионы үеэр эрүүл мэндэд хэрхэн анхаарч байна вэ?

-Манай дацан дотроо боловсрол, эрүүл мэнд хариуцсан газартай. Эмнэлгийн эмч мэргэжилтнүүд долоо хоног бүр хүүхдүүдийн биеийн халууныг үздэг. Өнгөрсөн хугацаанд манай сургуулийн 5400 орчим лам нарын биеийн халууныг үзэхэд ямар нэгэн асуудалгүй, хэвийн байлаа. Эмнэлгээс дацангийнхаа лам нарт 500 мл гар ариутгагч өгсөн.

Дацангийн зүгээс хөл хориог гурван удаа сунгасантай холбоотойгоор нэг хүний таван кг гурил, дөрвөн кг будаа, нэг кг ургамлын тосыг гурван удаа олгосон. Бид энд махыг хүнсэндээ өргөн хэрэглэдэггүй учраас хүнсний ногоог лам нартаа 50 хувь хямдруулж өгч байгаа. Харьяалагдан суралцдаг аймгаас хоёр удаа найман ам.доллар өгсөн. Дацангаас нэг удаа долоо, найман ам.доллар өгөөд байна.

-Энэтхэг улсаас эх орондоо ирэх хүсэлтэй 300 орчим ламхай нар байна гэдгийг албаныхан мэдээлсэн. Танай сургуулиас хэчнээн хүүхэд эх орондоо очих хүсэлтэй байна вэ?

-Дацанд суралцдаг 110 монгол хүүхдээс 12 хүүхэд эх орондоо буцах хүсэлтээ өгсөн гэж сонссон. Манай лавринд суралцаж буй 33 хүүхдээс нэг л хүүхэд эх орондоо буцах хүсэлтээ өгөөд байна. Одоогийн байдлаар манай хотод шинэ коронавирусийн халдвар авсан тохиолдол бүртгэгдээгүй. Мөн хийдийн харьяаны газарт орсон хүнийг гаргахгүй, гарсан хүнийг буцаж оруулахгүй байгаа. Зайлшгүй шаардлагатай хүнс, ахуйн хэрэглээг л гаднаас зөөвөрлөн оруулж байна.

-Монголд суугаа гэр бүлийнхэнд нь юу гэж захиж хэлмээр байна вэ?

-Цар тахал өнөөдрийн байдлаар дэлхийн 210 гаруй оронд тархаад байна. Бид өнөөдөр ирээдүйг тааж, хэлж мэдэхгүй шүү дээ. Хэрвээ тухайн лам ар гэртэйгээ ярилцаад, эх орон руугаа буцахаар шийдсэн бол тэр хүний эрхийн асуудал. Тийм учраас бид өөрсдийн нөхцөл байдлаа ойлгоод, бие биеэ тайван байлгаж, эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийг дагасан нь зөв болов уу.

Энэтхэг улс албан ёсны тоогоор нэг тэрбум 300 гаруй сая хүн амтай. Шинэ коронавирусийн халдвар авсан хүний тоо 60 орчим мянга хүрч, нас барсан хүний тоо маш бага байгаа. Энэтхэг хүмүүсийн хоолны амтлагч нь хүртэл эмийн ургамал байдаг учраас дархлаа өндөртэй байдаг юм байна. Хоёрдугаарт, уламжлалт анагаах ухааны эмийг эмчилгээндээ ашиглаж, үр дүнгээ өгч байна гэдэг мэдээллийг өгч байна.

 

Монгол Улсад суугаа ар гэрийнхэнд нь хандаж хэлэхэд “Монголд өвчлөл бага байна”, “Энэтхэгт өвчлөл өндөр байна” гээд сэтгэлээр хямраад хэрэггүй. Бүгдээрээ бодит байдалтайгаа нийцэж, аль болох эрсдэлгүй байгаа газраа л баймаар байна. Манай лам нарын ар гэрийнхэн бүгд боломжтой айл биш шүү дээ. Жишээлбэл, ганц нэг хүүхдээ ар гэр нь татаад авчихаар энд үлдэж буй хүүхдүүдийнхээ сэтгэлийг хямраадаг. Яагаад гэвэл “Тэднийх хүүхдээ татаад авчихсан байхад намайг яагаад авахгүй байгаа юм бэ” гэдэг. Тиймээс иймэрхүү асуудал гарч, хаана хаанаа сэтгэлээ хямраах вий гэхээс эмээж байна. Энэтхэг улсад түр зуур ирсэн монгол хүмүүсийн хувьд нөхцөл байдал хүнд байгаа. Тэр хүмүүсийн байр, хоол хүнсийг цаанаас нь нэгдсэн журмаар зохицуулах боломжгүй учраас өдрөөс өдөрт хэцүү нөхцөл байдалд орж байна. Тийм болохоор бидний нөхцөл байдлыг бодитоор харж, зөвхөн нэг газрыг харж дүгнэхгүйгээр хоёр талаасаа ойлголцоод, ялангуяа энэ цаг үед бие биеэ сэтгэл санааны хямралд оруулахгүй амар тайван байхыг хичээнгүйлэн хүсч байна.