Анхаар: Нийт нутгаар цас орж, шуурна

Бусад

Цаг уур, орчны шинжилгээний газраас ирэх долоо хоногт ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурах тул малчид, иргэд анхаарал болгоомжтой байж, цаг агаарын мэдээллээ сонсч замд гарахыг анхааруулж байна. Уулархаг нутгаар шөнөдөө 39 хэм хүртэл сэрүүсч, цасаар шуурхыг анхаарууллаа.

Тодруулбал, нэгдүгээр сарын 12-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, нэгдүгээр сарын 13-нд нутгийн хойд хэсгээр, нэгдүгээр сарын 14-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, нэгдүгээр сарын 15-нд нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи нэгдүгээр сарын 12, 13-нд, 14-нд говийн бүс нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 34-39 градус, өдөртөө 24-29 градус,  Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 16-21 градус, цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна. 15-нд ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрнэ.