ХАКУХО, КАКҮРЮҮ ХОЁР ЭНЭ САРЫН БАШЁД БАРИЛДАХГҮЙ

Соёл урлаг, Спорт

Мэргэжлийн сүмо бөхийн 71 дэх их аварга Какүрюү М.Ананд маргааш (2021.01.10) эхлэх хацү башёд барилдах боломжгүй болжээ. Энэ тухай аваргын дэвжээний багш нь мэдэгдсэн бөгөөд Какүрюү М.Анандын нурууны бэртэл одоог хүртэл бүрэн эдгэрээгүй байгаа аж.

Мичинокү дэвжээний багш, озэки асан Киришима “Какүрюү ирэх гуравдугаар сарын башёд бүхнээ дайчлан оролцоно гэж хэлсэн. Тэрбээр бэлтгэлээ эрт эхлүүлэхийн тулд одоогоор бие бялдараа сэргээж байна” хэмээжээ.

Ийнхүү Какүрюү М.Ананд дөрвөн башё дараалан нуруу, тохойны бэртлийн улмаас барилдах боломжгүй боллоо. Өнгөрөгч арваннэгдүгээр сард Японы сүмогийн холбооны ёкозүнагийн зөвлөлөөс Какүрюү болон Хакүхо нарт анхааруулга өгсөн билээ.

Саяхан Япон улсын иргэншил авсан Какүрюү М.Анандын хувьд ёкозүна цол хүртсэнээсээ хойш 39 башёгийн 17-г өнжих болж байна. Харин Хакүхо М.Даваажаргалын хувьд саяхан Covid-19 халдвар авсан тул мөн башёг өнжихөөр болжээ.